Фейсбүүк

ФЭЙСБҮҮК ДЭЭР ЯАГААД ДАХИН ЧИГЛҮҮЛЭХ МАРКЕТИНГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ? | Tech-News.mn

Фэйсбүүк дээр дахин чиглүүлэх нь маш үр өгөөжтэй маркетинг. Борлуулалтыг бодитойгоор өсгөнө. Харин яаж гэдгийг илүү дэлгэрэнгүй тайлбарлая.

Дахин чиглүүлэх маркетинг гэж юу вэ?

Та Amazon, Alibaba гэх мэт онлайн худалдааны сайтаар зочилсны дараа таны үзэж сонирхсон зүйлтэй холбоотой мэдээлэл өөр вэб хуудсууд бас фэйсбүүкээр дахин дахин харагдаад байхыг анзаарсан уу? Хэрэв тийм бол энд дахин чиглүүлэх маркетинг буюу Remarketing ажиллаж байна гэсэн үг.

Яагаад ингэж дахин чиглүүлэх маркетинг хийдэг вэ?

remarketing зурган илэрцүүд

Зочилсон, сонирхсон гэдэг нь худалдан авалт хийх магадлал бий гэсэн үг

Жишээ нь: Манай агентлагийн вэб хуудсанд маркетинг, борлуулалтын, голдуу мэдээлэл бий. Манай бүтээгдэхүүн, үйлчилгээ бизнесийн байгууллагуудад зориулагдсан. Иймд манайхаар зочлон мэдээлэл үзэж буй хэрэглэгч огт өөр сегментийн, жишээ нь: огт ажил эрхэлдэггүй хүн, байх магадлал тун бага. Нэгэнт сонирхол нь илэрсэн хэрэглэгчдийг чиглүүлэн маркетинг хийх нь борлуулалтыг өсгөхөд илүү үр өгөөжтэй байж чадна.

Хүмүүс эхний хандалтаараа худалдан авалт хийдэггүй. Онлайн худалдааны сайтад хандалтын 96% нь худалдан авалт хийдэггүй гэсэн статистик тоо байдаг. Гэхдээ дээр дурдсанчлан тодорхой бүтээгдэхүүнийг сонирхсон тул эрэлт, хэрэгцээ байгааг илтгэх тул эдгээр хэрэглэгчдийг дахин олж мэдээлэл, сурталчилгааг хүргэснээр эргүүлэн авчрах нь худалдан авалт хийх хувийг өсгөдөг. Мөн брэндийн танигдах байдал, хоногшилтод нөлөөлдөг.

Худалдан авалт тодорхой шатуудаар дамжиж гардаг

Өмнө нь хэрэглэгчид бүтээгдэхүүний сурталчилгаа харсны дараа дэлгүүрт ирэн худалдан авалт хийдэг байсан. Харин өнөөдөр дэлгүүрт ирэхээс өмнө олон сувгаар мэдээлэл авч, цуглуулж, судалдаг болсон. Google компаний судалгаагаар дунджаар 10 гаруй гэсэн тоо гарсан байдаг. Худалдан авалтын шийдвэрийн 60% нь борлуулалтын ажилтантай нүүр тулахаас өмнө гарчихсан байдаг гэсэн судалгаа бас бий.

Энэ шатыг Zero Moment of Truth буюу үнэний тэг дэх мөч гэх бөгөөд орчин үеийн маркетингт хамгийн чухалд тооцогдох болсон. Энэ шатанд байгаа хэрэглэгчдийг олж тогтоон өөрийн байгууллагын маркетингийн мэдээлэл, контент, зар сурталчилгааг ээлж дараатайгаар хүргэх нь борлуулалтыг бодитойгоор өсгөж чаддаг. Үүнийг дахин чиглүүлэх маркетингаар хийх боломжтой.

Фэйсбүүкийн дахин чиглүүлэлт

Фэйсбүүкээр дахин чиглүүлэлтийг хэд хэдэн янзаар хийж болно. Хамгийн классик хэлбэр нь вэб хуудасны хандалтаар Custom Audience буюу зорилтот бүлэг үүсгэх юм. Юун түрүүн Фэйсбүүкийн пиксель кодыг вэб хуудсандаа суулгах хэрэгтэй.

https://www.facebook.com/ads/manager/pixel/facebook_pixel гэсэн холбоосоор орж Actions цэснээс View Pixel Code гэдгийг сонгон пиксель кодоо авч болно. Эсвэл Email Pixel Code цэсийг сонгон өөрийн вэбмастерт кодыг илгээж болно. Уг скрипт код нь танай вэб сайтын хуудас бүрийн head хэсэгт байрших шаардлагатай. Вэб хуудсыг хэрхэн хөгжүүлснээс хамааран суулгах аргууд харилцан адилгүй. Пиксель код нь танай вэбээр хандсан Фэйсбүүкийн хэрэглэгчдийн чухам аль аль хуудсуудаар хэр хугацаанд орсон зэрэг мэдээллүүдийг бүртгэж авдаг.

Боломжийн хэмжээний зорилтот бүлэгтэй байхын тулд вэб сайт хандалт сайтай байх хэрэгтэй. Хандалтаа өсгөхийн тулд бизнесийн блог хөтлөхийг зөвлөж байна. Тодорхой хоногийн дараагаар вэбийн хандалтаар зорилтот бүлэг үүсгэх боломжтой болно. https://www.facebook.com/ads/manager/audiences холбоосоор орж Create Audience->Custom Audience->Website Traffic сонголтуудыг хийнэ.

Өөрийн домайныг бас сүүлийн хэд хоногт хандсан хэрэглэгчдээр бүлэг үүсгэхээ сонгоно. Дээд тал нь 6 сар буюу 180 хоногийн хандалтаар үүсгэх боломжтой.  Сүүлийн 6 сарын хугацаанд ямар нэгэн байдлаар манай вэбээр зочилсон хүмүүс тул бид энэ бүлгийг чиглүүлэн сурталчилгаа хийхэд үр дүнтэй байж чаддаг.

Илүү нарийвчилсан бүлэг үүсгэснээр илүү нарийвчлан чиглүүлж болно. People who visit specific web pages сонголтыг дараахь байдлаар хийж болно:

  • URL equals: энд оруулсан тодорхой вэб хаягтай хуудсаар зочилсон хүмүүс
  • URL contains: вэб хаяг дотор нь тодорхой үг орсон хуудсууд. Жишээ нь: бид энд  мэдлэг гэж үг оруулбал манай блогийг уншсан хүмүүсийн бүлэг үүсгэж болно
  • URL does not contain: тодорхой үг ороогүй хуудсууд
  • URL matches regular expression: онлайн худалдааны функцүүдэд үүнийг ашиглах боломжтой.

Яг дээрхтэй адилаар тодорхой хуудсуудад орсон гэхдээ өөр хуудсуудад ороогүй гэсэн байдлаар бас бүлгүүд үүсгэж болно. Энийг People who visit specific web pages but not others гэдэг сонголтоор хийнэ. Жишээ нь: манай үйлчилгээний амжилттай кэйсийг танилцуулсан хуудсаар зочилсон мөртлөө яг уг үйлчилгээний танилцуулга хуудсаар ороогүй хүмүүсийг олж зочлоорой гэсэн сурталчилгаа хийж болно гэсэн үг.

Сүүлийн хагас жилийн хугацаанд вэбээр зочилсон гэхдээ сүүлийн тодорхой хугацаанд бол зочлоогүй хүмүүсийн бүлгийг People who haven’t visited in a certain amount of time гэсэн сонголтоор үүсгэнэ.

Дахин чиглүүлэх өөр аргууд бий юу?

Дахин чиглүүлэлтийг Google Adwords ашиглан хийх нь дэлхий даяар түгээмэл байсан, өнөөдөр ч өргөнөөр ашигладаг. Монголд харин бараг хэрэглэгдэггүй тул бага зардлаар баннерын сурталчилгааг дахин чиглүүлэх байдлаар хийх боломжтой гэсэн үг. Танай вэб хуудсан дээр тодорхой хуудсуудаар зочилсон хүмүүсийг Google компани сурталчилгааны сүлжээнд хамрагдсан вэб хуудсууд дээрх баннеруудаар даган мэдээллээ харуулж дахин хандалт авч болно гэсэн үг. AdRoll, Perfect Audience зэрэг бусад шийдлүүд бий бөгөөд tracking code буюу мөрдөх кодоор бүртгэх зарчмаар ажилладаг.

CRM буюу хэрэглэгчтэй харилцах менежментийн програмын өгөгдлөөр дахин чиглүүлэлт хийх нь CRM-тай компаниудад өндөр үр дүнтэй байж чадна. Энэ тохиолдолд и-мэйл болон утасны дугаарын жагсаалтыг Фэйсбүүкт оруулан зорилтот бүлгүүд үүсгэж болно.

Эх сурвалж: Dima.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!