Дижитал стратеги

ERP НЭВТРҮҮЛЭЛТИЙН ҮЕД ГАРГАДАГ АЛДААНУУДААС СЭРГИЙЛЭЭРЭЙ

ERP системийг хүний биеийн тархи мэдрэлийн системтэй адилтгаж үздэг. Мэдрэлийн систем хэвийн ажиллаж байх үед хэн ч түүний ажиллагаанд санаа тавьдаггүй, харин асуудал гарахад бүх анхаарлыг түүнд хандуулдаг. ERP системийн хувьд мөн адил, асуудал гарвал бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй болдог.

Учир нь ERP системтэй холбоотой асуудал байгууллагын бүхий л чухал процесст нөлөөлж байдаг.
Том корпораци, компаниуд ERP систем нэвтрүүлэхдээ бүтэлгүйтэж байсан түүх цөөнгүй.
Ийнхүү ERP систем нэвтрүүлэх төслийн үед гардаг түгээмэл алдаануудаас зайлсхийх зөвлөмжийг хүргэж байна.  
Алдаа 1. Оновчгүй систем сонгох

Байгууллагууд санхүү, худалдан авалт болон хүний нөөцийн удирдлагын систем сэтгэл ханамжгүй болох үедээ цогц ERP систем сонгож асуудлаа шийдвэрлэх хандлагатай.
ERP систем нэвтрүүлэх шийдвэр гаргалт нь голдуу хөнгөн хийсвэр, демо ажиллуулж үзээд дурлачихдаг, бусад байгууллагын амжилттай нэвтрүүлсэн туршлагаар бүх асуудлыг тань шийдэж өгнө гэдэгт итгэчихдэг.
Шинэ систем сонгохын өмнө тухайн системийн давуу талуудыг судлаж, байгууллагын тань онцлогт тохирох эсэхийг судлаарай. Юун түрүүнд өөрийн байгууллагын хэрэгцээ шаардлагыг мэргэжлийн түвшинд тодорхойлж, түүнийхээ дагуу ERP системүүдийг үнэлэн сонгох нь хамгийн зөв арга юм.

Алдаа 2. Төслийнхөө амжилтыг хэмжиж чаддаггүй

Байгууллагууд ERP систем нэвтрүүлэх явцад үндсэн хэрэгцээг хангах зорилгуудыг оновчтой тодорхойлоогүй байдаг. Мөн төслийн цар хүрээ, санхүүгийн шаардлага ч тодорхойгүй байдаг.
Шинэ систем нэвтрүүлэхийн өмнө төслийн зорилго, төсөлд шаардлагатай цаг хугацаа, нөөц, төслийн гүйцэтгэлийг хэмжих түлхүүр үзүүлэлтүүдийг тодорхойлсон байх шаардлагатай.

Алдаа 3. Буруу төлөвлөлт

ERP систем нэвтрүүлэх ихэнх төслүүд буруу төлөвлөлтөөс болж бүтэлгүйтдэг. Буруу төлөвлөлт нь зарцуулагдах цаг хугацааг хэт өөдрөгөөр тооцох, бизнес процессын дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлтийн удирдлагыг дутуу тооцоолсон, ур чадвар дутагдсан байдлаас хамаардаг.
ERP систем нэвтрүүлэх төлөвлөгөөг гаргах үйл явц нь байгууллага өндөр түвшний стратеги төлөвлөлт хийж байгаатай нэгэн адил юм. Төслийн төлөвлөгөөний үе шат бүр байгууллагын алба хэлтсүүд, багуудын үйл ажиллагаанд нөлөөлж байдаг. Мөн гарч болзошгүй асуудлуудыг тодорхойлж, эрсдлээс сэргийлэх төлөвлөлтийг хийх хэрэгтэй.

Алдаа 4. Нөөцийн дутагдал

Хамгийн чадварлаг ажилтанд ERP төслөө хариуцуулах ёстой гэж үзэх нь эрсдэлтэй. Учир нь ажилтан энэхүү төсөлд ажлын тодорхой хугацааг зарцуулдаг тул анхаарал төвлөрөл сарниж, чухал даалгаврууд дээр ажиллах цаг хугацаа багасч, төслийн ажлууд хугацаандаа дуусахгүй хойшлох шаардлага гардаг.
Тиймээс нөөцийг оновчтой хуваарилах нь хамгийн чухал. Хүчирхэг төслийн багийг бүрдүүлэх нь ERP нэвтрүүлэх төслийн бүтэлгүйтэх эрсдлийг бууруулна. Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, аутсорсинг авах түгээмэл жишиг ч байдаг.

Алдаа 5. Хэт их өөрчлөлт

ERP системд хэт их өөрчлөлтүүд хийх, шинэ шинэ модулиуд хөгжүүлэх нь төслийн цар хүрээг өргөжүүлж, системийг түвэгтэй болгодог. Өөрчлөлт хийх нь буруу биш гэхдээ тохирсон хэмжээнд барих нь чухал.
Төслийн менежер төслийн цар хүрээ, бизнесийн хэрэгцээ, шаардлага, системийн чадавх, нөөцийн хуваарилалт зэрэг олон нөхцөлүүдийг тооцоолж системд шинэ модуль нэмэх, өөрчлөлт хийх шийдвэрийг гаргах нь зүйтэй.

Эх Сурвалж: MogulConsulting

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!