Дижитал стратеги

МУЛЬТИМЕДИА ТЕХНОЛОГИ

Мультимедиа технологи нь хэвлэмэл болон дижитал контентоор дамжуулан хүмүүс хоорондоо мэдээлэл солилцох, харилцаа холбоо тогтоох боломжийг дэмждэг интерактив, компьютерт суурилсан технологи юм. Энэ салбарын мэргэжилтнүүд компьютерын программ хангамж ашиглан онлайн график дүрслэл, контентийг боловсруулж, хөгжүүлдэг.

Тэмдэгт, зураг, аудио, видео зэргийг компьютерт нэгтгэн зохион байгуулж цахим агуулга бүтээхийг мультимедиа гэнэ. Тэдгээрийг бий болгоход ашигладаг программ хангамжийг мультимедиа бүтээх хэрэгсэл гэнэ. Movie maker, Flash зэрэг төрөл бүрийн программууд ашиглан мультимедиа контент бүтээнэ.
Мультимедиа технологийн жишээнүүдэд видео подкаст, аудио слайдууд, анимаци видео зэргийг дурдаж болно. Эдгээр нь ухаалаг гар утас, зөөврийн компьютер болон бусад төхөөрөмжүүдэд бичлэг хэлбэрээр хадгалагдсан байна. Аль эсвэл шууд стрим байдлаар цацагдаж болно.

Мультимедиа элементийн төрлүүд:

БИЧВЭР – Мультимедиа элементийн нэг төрөл нь бичвэр буюу текстэн агуулга.
ЗУРАГ – Мультимедиа элементэд зураг гол үүрэгтэй. Зургийн чанарыг дараах элементүүдээр тодорхойлно.
Зураг(Пиксель)- Зургийг бүрдүүлж байгаа хамгийн жижиг цэс бөгөөд зургийн чанарыг илэрхийлэх хамгийн бага нэгж. Пикселийн тоо их байх тусам мэдээллийн хэмжээ их болно.
Нарийвчлал- Пикселийн нягтаршлыг харуулдаг утга бөгөөд зургийн тод харагдах байдлыг хэмждэг хэмжүүр юм. Нэг инч (2.54 см)-д ногдох пикселийн тоогоор (PPI- пиксел/инч) илэрхийлдэнэ. Өндөр нарийвчлалтай зураг тод, бага нарийвчлалтай зураг бүдэг харагдана.
Өнгөний ялгарал- Өнгөний нягтаршлын өөрчлөлтийг илэрхийлэх бөгөөд зургийн тод харагдах дүрслэлийн хэмжүүр юм. Өндөр нягтаршилтай зураг тод харагддаг бол бага нягтаршилтай зураг бүдэг харагдана.

Зурган файлын форматууд:

  • PSD (Photoshop Document) – Фотошоп программ дээр боловсруулсан файлын өргөтгөл. Хадгалах гэж байгаа зургийг бус тухайн зургийн давхарга, маск зэрэг элементүүдийг өөртөө агуулна.
  • PDF (Portable Document Format) -Баримт, илтгэл, ном, сонинг бүрэн эхээр харуулах зориулалттай файлын формат.
  • GIF (Graphic Interchange Format) – Олон зургуудыг ээлж дараалалтайгаар харуулах хөдөлгөөнт зураг.
  • JPEG (Joint Photographic Experts Group) – Бага зай эзлэх зургийн формат.
  • PNG (Portable Network Graphic) – GIF файл ба JPEG файлын форматын сайн талуудыг ашиглан бий болгосон вэбсайт хэрэглээний зургийн файл.

ӨНГӨ – Өнгө бол зургийн хамгийн чухал элемент. Өнгө нь нягтрал, гэрэлтэлт, ханалт гэсэн 3 үндсэн элементтэй. Эдгээр 3 элементийг тохируулснаар өнгөний нэгдмэл байдлыг бий болгох, нүдэнд туссан өнгийг илүү тод гаргах боломжтой. Нягтрал нь өнгөнүүдийн нэг нь нөгөөгөөс ялгарах байдал. Гэрэлтэлт нь тусаж байгаа гэрлийн цацрагийн их баг тодорхойлогдоно. Өнгөний гэрэлтэлт их байвал өнгө илүү цайвар, бага байвал бараандуу байна. Ханалт нь өнгөний хурц тод харагдах байдал.
АУДИО – Дуу авиа нь мультимедиа технологийн үндсэн элемент . Тухайн объектыг зөвхөн харах биш, сонсох боломжтой. Аудио нь MP3, WMA, WAVE, MIDI, RealAudio гэх мэт форматтай байна.
ВИДЕО– Дүрс, аудио, текст бичвэр, өнгө зэрэг бүхий л мультимедиа элементийг өөртөө агуулна. Видео элемент нь хамгийн сэтгэл татам агуулгад тооцогддог.

Видео файлуудын хамгийн түгээмэл формат нь MP4, MPEG, AVI, WMV байна.
–  MPEG-4 – Гар утас болон видео хурлын системд ашигладаг. Өгөгдлийг хэдэн КВ-аас хэдэн арван КВ (kilobyte) хүртэл хурдаар дамжуулах боломжтой.
–  AVI – Windows үйлдлийн системийн видео болон аудио файлын нийлмэл формат. AVI файл тоглуулахад видео болон аудио файлын шахалтын форматаас хамааран CODEC программ хангамжийг ашиглана.

ХӨДӨЛГӨӨН – Хөдөлгөөнт элементүүд нь вэбсайт болон мультимедиа программ дээр аль алинд нь түгээмэл. Вэбсайтад зориулсан хөдөлгөөнт элемент үүсгэдэг хэрэгсэл бол Adobe Flash.

МУЛЬТИМЕДИА ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭ

График боловсруулалт нь мультимедиаг дүрслэн харуулах хэрэглээний технологи юм. График боловсруулалт нь компьютер ашиглан зураг, видео үүсгэж, бодит мэдрэмжийг бий болгох дуу болон бусад эффектийг зохиомлоор нэмдэг. Үүнийг энтертайнмэнт зориулалтын тоглоом, төрөл бүрийн мэргэжлийн сургалтад ашиглана.

ГОЛ ТЕХНОЛОГИУД:

КОМПЬЮТЕР ГРАФИК – Компьютер ашиглан зураг, видео бичлэг үүсгэж, боловсруулдаг технологи. Компьютер график нь 2 болон 3 хэмжээст дүрслэлийг бий болгоно. Хоёр хэмжээст дүрслэлийг зураг зурах, фото зураг боловсруулахад ашигладаг бол гурван хэмжээст дүрслэлийг видео тоглоомд виртуал ертөнцийг бий болгох, ирээдүйн хот суурин газрын ландшафт загварчлал, CAD-д суурилсан аж үйлдвэрлэлийн зохиомж зэрэгт ашиглаж байна.


ВИРТУАЛ БОДИТ БАЙДАЛ (VR)– Компьютер графикийг дууны эффекттэй хослуулан бодит байдлын хиймэл мэдрэмж (виртуал бодит байдал) бий болгох технологи бөгөөд уг технологийг ашиглан бодит бус хийсвэр орчинд өнгөрсөн болон ирээдүйн ертөнцийг мэдрэх, турших боломжтой болсон.
ӨРГӨТГӨСӨН БОДИТ БАЙДАЛ (AR)– Энэ нь компьютер графикийн аргаар бий болгосон мэдээллийг бодит ертөнцөд нэмэх технологи юм. Бодит ландшафт дээр компьютер ашиглан боловсруулсан газрын зургийг давхарлаж харуулах зэргээр бодит ертөнцийг өргөжүүлэх боломжтой.
КОМПЬЮТЕРЫН СИМУЛЯЦИ– Компьютер ашиглан дурын үзэгдлийн симуляци хийхийг хэлнэ. Төрөл бүрийн зохиомол нөхцөлөөр онол болон туршилтаар гаргах боломжгүй үр дүнг гаргана. Жишээ нь: Дэлхийн дулаарлын нөлөөлөлд үндэслэн цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах, барилга байгууламжид гал гаргах гамшгийн нөхцөл байдлыг турших зэрэг. Компьютерын симуляцид ашигладаг техник болон программ хангамжийг “симулятор” гэнэ.
МУЛЬТИМЕДИА БҮТЭЭХ (AUTHORING)– Мультимедиа бүтээх технологийг ашиглан өөрийн дуртай дуунуудыг нэгтгэн дууны цуглуулга, зургийг аудио болон бусад зүйлтэй хослуулан өвөрмөц видео хийж болно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!