МЭДЭЭ

КОМПЬЮТЕРЫН СҮЛЖЭЭ

Компьютерын сүлжээний хөгжлийн түүх нь компьютер үүссэн 1950-аад оноос эхэлнэ.

  • 1960-аад онд компьютеруудыг мэйнфрэйм гэж нэрлэгдэх толгой компьютерт холбон, сүлжээ үүсгэх технологи гарч ирсэн.
  • 1970-аад онд компьютерын овор хэмжээ жижгэрч, байгууллага, корпорацууд өөрсдийн мэйнфрэйм компьютер дээр мэдээллийн сан үүсгэн, сүлжээнд байгаа бусад компьютерууд мэдээллийн санд холбогдон, мэдээлэл авч болдог шинэ технологийг нэвтрүүлсэн.
  • 1980-аад онд микрокомпьютер буюу хувь хүн, жижиг бизнесийн хэрэглээний компьютерууд гарч ирсэн.
  • Микрокомпьютерууд дэлхий даяар хурдацтай тархсан тул 1990-ээд онд тэдгээрийг түшиглэсэн “Тусгай зориулалтын сервер бүхий дотоод сүлжээ” түгээмэл ашиглагдах болсон.

Ийнхүү өнөөдрийг хүртэл компьютерын сүлжээ хурдацтай хөгжиж дэлхийг бүрхсэн асар том торон сүлжээг үүсгэж чадсан түүхтэй. Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн гол тулгуур нь компьютер бөгөөд даяаршсан мэдээллийн хөдөлгөгч хүч нь компьютерын сүлжээ юм.

КОМПЬЮТЕРЫН СҮЛЖЭЭ НЬ ХЭД ХЭДЭН КОМПЬЮТЕР ХООРОНДОО ХОЛБОГДОН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ, МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ, НЭМЭЛТ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ ХАМТРАН АШИГЛАХ ҮЙЛ ЯВЦ ЮМ.

Компьютерын сүлжээ нь олон тооны төхөөрөмжийг тусгай протокол, техник хэрэгслийн тусламжтай хооронд нь холбон нэг төхөөрөмжөөс нөгөө рүү өгөгдөл дамжуулах, хүлээн авах, нэгдсэн нэг мэдээллийн санд хандах боломжийг хэрэглэгчид олгодог.

Компьютеруудыг сүлжээнд холбохын тулд техник хангамж болон программ хангамжийн орчинг бүрдүүлж өгөх шаардлагатай.

СҮЛЖЭЭНИЙ БОЛОМЖУУД

  • Мэдээллийг хамтран ашиглахыг зөвшөөрсөн бүлэг хэрэглэгч үүсгэж болдог. Бүлэг хэрэглэгчийн сүлжээнд тусгай нууц үгээр нэвтэрч, мэдээллийг хамтран ашиглана.
  • Сүлжээний хэрэглэгчид нь бичиг баримт, файлыг дамжуулах, и-мэйл илгээх боломжтой.
  • Сүлжээнд холбогдсон аль ч компьютерээс хандан хэвлэх төхөөрөмж, сканнер болон бусад нэмэлт төхөөрөмжийг ашиглах боломжтой.

СҮЛЖЭЭНИЙ ТЕХНИК ХАНГАМЖИЙН ОРЧИН

Сүлжээний техник хангамж нь компьютерууд хоорондоо холбогдоход зориулсан физик орчин юм. Үүнд: Сүлжээний кабель, хаб, свич, замчлагч, модем зэрэг физик төхөөрөмжүүдээс гадна кабель утасны толгой, хүлээн авагч, дамжуулагч, сүлжээний бахь, сүлжээний хэвийн ажиллагааг шалгадаг тестер зэргийг хамааруулна.

ХАБ (HUB)

Дотоод сүлжээний гол төхөөрөмж. Хаб нь ирсэн мэдээлэлд ямар нэгэн боловсруулалт хийхгүй шууд бусад бүх гаралтууд руу шууд дамжуулдаг.

СВИЧ (SWITCH)

Свич нь мэдээлэл дамжих явцад тухайн мэдээллийн хүрэх дараагийн цэг, түүнд хэрхэн хүрэх замыг нь зааж өгөх зорилготой сүлжээний төхөөрөмж. Свич нь хабын гүйцэтгэх үүргүүдийг гүйцэтгэхийн зэрэгцээ 2 өөр компьютерын нэгэн зэрэг илгээсэн дохиог дотроо логик зам үүсгэн саадгүй нэвтрүүлдэг. Өөрөөр хэлбэл свич нь илүү ухаалаг ажилладаг бөгөөд дотроо мэдээлэл боловсруулалт хийдэг.

ЗАМЧЛАГЧ (ROUTER)

Замчлагчийг ашигласнаар интернэт сүлжээнүүдийн хооронд мэдээлэл дамжуулах боломж бүрдэнэ. Үндсэн үүрэг нь тухайн сүлжээнээс гарч байгаа мэдээллийг хамгийн дөт замаар эцсийн цэгт нь хүргэдэг. Өгөгдөл дамжуулахдаа IP (Интернет протокол) хаяг ашигладаг тул замчлагч гэж нэрлэдэг.

ГАЛТ ХАНА (FIREWALL)

Энэ нь нийтийн сүлжээ болон компьютерын систем рүү интернэт холболтоор дамжин ирж байгаа мэдээллийг шүүх, сүлжээг гадны халдлагаас хамгаалах программ хангамж болон техник хангамжийн нэгдэл юм. Firewall-г Монгол хэлэнд галт хана гэж орчуулдаг.

СҮЛЖЭЭНИЙ ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ОРЧИН

Сүлжээний компьютерийг бусад компьютертэй нь холбох интерфейс болж байдаг сүлжээний үйлдлийн систем, сүлжээний протокол зэргийг хамааруулна.

  • Компьютерын сүлжээг хамрах хүрээгээр нь:
  • Хувийн сүлжээ – Personal area network (PAN)
  • Дотоод сүлжээ –  Local Area Network (LAN)
  • Цогцолборын сүлжээ – Campus Area Network  (CAN)
  • Хотын сүлжээ –  Metropolitan area network (MAN)
  • Өргөн бүсийн сүлжээ –Wide area network  (WAN) гэж ангилна.

Интернэт нь WAN буюу өргөн бүсийн сүлжээний хамгийн сонгодог жишээ бөгөөд хүмүүс хооронд мэдээлэл болон өгөгдөл дамжуулах зорилгоор kомпьютер, ухаалаг төхөөрөмж, гар утас, сервер зэрэг техник, тоног төхөөрөмжүүдийг нэгтгэн холбосон дэлхийг хамарсан сүлжээ (World Wide Web ) юм. Өөрөөр хэлбэл интернэт нь дэлхий даяарх мянга, мянган компьютерын сүлжээг холболтын нэгдсэн стандарт хэлээр нэгтгэсэн асар том тооцоолох төхөөрөмжүүдийн систем юм.

ИНТЕРНЭТ ПРОТОКОЛ – Холболтын нэгдсэн хэлийг IP (Internet Protocol) буюу интернэт протокол гэнэ. Өөрөөр хэлбэл интернэт протокол нь сервер болон төхөөрөмжүүд хоорондоо холбогдож, ойлголцох дүрэм, журам, стандарт юм. Холболтын төхөөрөмж бүр өөрийн IP хаягтай.

ИНТЕРНЭТИЙН ХУРД-Интернэт сүлжээний хүчин чадал нь сүлжээгээр дамжих өгөгдлийн хэмжээгээр тодорхойлогдох бөгөөд үүнийг интернэтийн хурд гэж нэрлэдэг. Интернэт сүлжээний хурдыг секундэд дамжигдах өгөгдлийн хэмжээгээр хэмжинэ. Хурдыг хэмжих нэгжүүд: Kbps (kilo bps), Mbps (Mega bps). Энд: bps нь bit per second буюу секундад дамжуулах битийн хэмжээ.

Видео бичлэг болон том хэмжээтэй зураг, файл зэрэг нь интернэтийн хурдаас хамааран удаан татагдах, гацах, тасалдах магадлалтай. Тиймээс интернэт хэрэглээний шаардлага, үйлчилгээний үнэ тарифаас хамааруулан ISP (Internet Service Provider) буюу интернэт үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас өөрт тохирсон хурдтай интернэтийн үйлчилгээг авах хэрэгтэй.

ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ & СОШИАЛ ОРЧНЫ БИЗНЕСИЙН БОЛОМЖУУД НОМООС

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!