Технологийн мэдээ

НАНО ТЕХНОЛОГИ ТҮҮНИЙ ҮР ШИМ

Нано шинжлэх ухаан ба нанотехнологи нь хими, биологи, физик, материйн шинжлэх ухаанууд, инженерчлэл зэрэг шинжлэх ухааны бусад салбаруудад өргөн хэрэглэгддэг. Энэ нь 1–100 нанометрийн (10-9) асар жижиг хэмжээтэй зүйлсийг судалдаг шинжлэх ухааны салбар  юм.

Нанотехнологийн тухай анхны санал санаачлагыг 1959 онд Америкийн Физикийн Нийгэмлэгийн хурал дээр физикч Richard Feymann танилцуулж байжээ. Feymann өөрийн илтгэлдээ аливаа бодисыг атом молекулын түвшинд өөрчлөх асуудлыг хөндсөн аж. Түүнээс арваад жилийн дараа Японы профессор Норио Танигүчи хэт бичил нарийвчлалтай машинчлалын төсөл дээр ажиллаж байхдаа анх нанотехнологи гэдэг нэр томъёог хэрэглэсэн байна. Харин нанотехнологи хэмээх шинжлэх ухаан бодит утгаараа хөгжиж эхэлсэн үе нь 1981 он бөгөөд энэ нь электрон микроскопоор аливаа зүйлсийг атомын түвшинд хүртэл харах боломжтой болсон цагаас эхэлсэн ажээ.

Нэг нанометр гэдэг нь нэг метрийг тэрбум хуваасны нэгтэй дүйцэх өчүүхэн хэмжээс юм. Жишээ нь: Сонины нэг хуудас цаас 100,000 нанометрийн зузаантай байдаг.

Нанотехнологи нь тодорхой нэг атомын бүтцийг өндөр нарийвчлалтай судлах боломжийг олгодог. Ингэснээр хүн төрөлхтөн өндөр хатуулагтай, хөнгөн, химийн урвалж чанар идэвхитэй, идэвхигүй  зэрэг өөрийн хүссэн атомын загварчлалтай материалийг зохион бүтээх боломжтой болж байна.

НАНОТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭ

Нанотехнологийн үр шимийг хамгийн их хүртэж байгаа салбар бол электроникийн салбар.

Транзистор, диод гэх мэт элементүүд нанометрийн хэмжээнд аль хэдийн оччихсон. Үүний ачаар нэг чипэнд оногдох элементүүдийн тоо ихэсч эдийн засгийн зардал буурснаар өнөөдөр хүн бүхэн ухаалаг гар утас, компьютер хэрэглэх боломж нь бүрдсэн байна. Түүнчлэн хавтгай дэлгэц, нугардаг дэлгэц зэрэг нь нанотехнологитой холбоотой. Мөн өөрийгөө цэвэрлэдэг бохирддоггүй, ямар нэгэн толбо тогтдоггүй, усанд нордоггүй материалыг нанотехнологиор гарган авна. Өөрөөр хэлбэл бохирдоггүй, цэвэрлэх шаардлагагүй даавуугаар хийсэн хувцас хийх боломжтой.

Өөр нэгэн салбар бол косметикийн салбар. Арьсыг тань үргэлж толигор, хөгшрүүлэхгүй байлгах гээд олон бүтээгдэхүүн гарч байгаа. Жишээ нь: Нарны тосонд титан болон цайрын оксидын нанопартикл агуулагддаг бөгөөд нарнаас ирсэн хэт ягаан туяаны энергийг ашиглан катализын урвал явуулан арьсыг хамгаалдаг юм.

Байгаль өөрөө туйлын гайхамшигтай бүтээл. Нанотехнологи бол хүний бүтээсэн зохиомол зүйл огтоос биш. Угаасаа байгальд оршсоор л байсан зүйл юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!