Хувь хүний ур чадвар

SWOT ШИНЖИЛГЭЭНИЙ АРГЫГ ХУВЬ ХҮН ДЭЭР ХЭРХЭН ХИЙХ | Tech-News.mn

Хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй техник технологи, мэдээ мэдээллийн энэ эрин зуунд амьдарч буй нийгэмдээ илүү сайн дасан зохицож, бусдаас илүү нэг алхамаар түрүүнд сэтгэж, ирээдүйн өөрчлөлтийн талаар баримжаатай байж, тэрэнд зориулсан өөрийн гэсэн зорилго, төлөвлөгөөтэй байх нь орчин үеийн хүмүүн биднээс шаардаж буй энгийн шаардлага боллоо. Мөн түүнчлэн өмнөх бүх эрин зуунд ажлын байрны төлөө хүмүүс хоорондоо илүү хүчтэй өрсөлддөг байсан бол орчин үед энэ тэмцэлд роботууд болон автоматжуулалт илүү ихээр хүч түрэн орж ирэх боллоо. Жил ирэх тусам нарийн төвөгтэй ажиллагаагүй, хүний оюун ухаан, сэтгэн бодох чадвар шаардагдахгүй энгийн ажлуудыг роботууд эсвэл автоматжуулалтын тусламжтайгаар хийж гүйцэтгэж эхэллээ. Үүнтэй холбоотой роботууд болон автоматжуулалт ирээдүйд хэрхэн ажлын байрыг илүү ихээр эзлэх болон орлох талаар зарим статистик мэдээллийг дурьдаж өгвөл:
• BBC агентлагийн мэдээллэснээр 2030 он гэхэд дэлхий даяар 800 сая ажилчны ажлын байрыг,
• McKinsey Global институцийн судалгаанд дурьдсанаар 2030 он гэхэд 375 сая нэр төрлийн ажлыг,
• Оксфорд их сургуулийн сүүлийн үед хийгдсэн судалгаагаар 25 жилийн дотор дэлхий дээрх нийт ажлын 47 орчим хувийг,
• Creditloan.com-н 2018 онд тайлагнасан судалгаагаар
АНУ-д ойрын хугацаанд нэг жилийн дотор хийгддэг 48 тэрбум цагийн ажлыг тус тус хүний оронд роботууд болон автоматжуулалт орлон гүйцэтгэх нь байна.(Ирээдүйд бидний хэн нэгний хийдэг ажлыг мөн роботууд эсвэл автоматжуулалт орлон гүйцэтгэх магадлалтай юм!)
Ажлын байрны төлөөх хүн хоорондын тэмцэл өдөр ирэх тусам улам ширүүсэж байхтай зэрэгцэн энэхүү тэмцэлд роботууд аль хэдийн оролцоод эхэлсэн энэ үед та өөрийн гэсэн зорилгогүй, зорилгодоо хэрхэн хүрэх талаар төлөвлөгөөгүй явж байгаа юм биш биз!. Тиймээс энэ удаагийн дугаартаа төлөвлөгөө гаргахад тань туслах зорилгоор өнгөрсөн болон одоогийн нөхцөл байдлын талаар оновчтой мэдээлэл цуглуулах, тухайн мэдээлэл дээр үндэслэн төлөвлөгөө гаргахад тань туслах SWOT ШИНЖИЛГЭЭНИЙ АРГЫГ ХУВЬ ХҮН ДЭЭР ХЭРХЭН ХИЙХ талаар онцоллоо.
СВОТ(SWOT) шинжилгээний арга нь
Англи хэлний
S(Strength – Давуу тал)
W(Weakness – Сул тал)
O(Opportunity – Боломж)
T(Threat – Аюул занал) гэсэн 4 үсгийн товчлол бөгөөд байгууллага, компаний түвшинд өргөн дэлгэр хэрэглэгддэг.
Аливаа нэгэн компаний удирдлагууд компанийхаа өнгөрсөн болон одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх эсвэл стратегийн төлөвлөгөө гаргахын өмнө болон төлөвлөгөө гаргаж байх явцад хийж болох суурь шинжилгээний арга юм. Хэдий тийм боловч бид хэрхэн хувь хүн төлөвлөгөө гаргахын өмнө энэхүү шинжилгээний аргыг хэрэглэж болох талаар үзэх болно.
СВОТ шинжилгээний аргыг хэрхэн хувь дээр хийх 4 үе шатны талаар ярилцья.
Дотоод
Давуу тал – – – – – Сул тал – – – – –
Гадаад
Боломж – – – – – Аюул – – – – –
1. Хамгийн эхний алхам бол Strength буюу өөрийн давуу талаа тодорхойлох.
Өөрийнхөө давуу талыг тодорхойлохын тулд та өөрийгөө зах зээлд өрсөлдөхүйц ямар нэгэн бүтээгдэхүүн мэтээр төсөөлж бодож болно. Таны өөрийн давуу тал бол яг л нэг бүтээгдэхүүний бусад бүтээгдэхүүнээс ялгарах мөн чанар гэсэн үг. Жишээлбэл: Хүчирхэг төслийн менежментийн ур чадвар, олон нийттэй харилцах чадвар буюу илтгэх ур чадвар, бусдад хүлээн зөвшөөрөгдсөн худалдаа, хэлэлцээр хийх ур чадвар гэх мэт. Давуу талаа тодорхойлохын тулд өөрөөсөө асууж болох асуултууд:
• Та төрөлхийн ямар зүйлийг илүү сайн хийдэг вэ?
• Ямар ур чадварыг өөртөө бий болгох гэж ажилласан бэ?
• Бусад хүмүүсээс таныг ялгадаг ямар давуу талууд таньд байдаг вэ? Жишээ нь: Ур чадвар, авьяас, мэргэжлийн сертификат, боловсрол гэх мэт.
• Таны бусдаас ялгарах давуу талыг таны дарга болон хамтран ажиллагсад чинь юу гэж тодорхойлдог вэ?
• Та ямар амжилтаараа хамгийн их бахархдаг вэ?
Энэ хэсгийг хийхдээ өөрийн бодлыг болон таныг тойрон хүрээлж буй хүмүүсийн бодлыг мөн авч үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь та энэ хэсгийг хийж байхдаа төлөв даруу болон ичимхий байх хэрэггүй гэдгийг санаарай. Өөрийн давуу талыг мэдэж авсанаар та илүү их аз жаргалтайгаар болон илүү их бүтээмжтэйгээр өөрийн ажлыг хийж гүйцэтгэж чадна. Хэрвээ таньд өөрийнхөө давуу талаа тодорхойлоход төвөгтэй байгаад байвал өөрийнхөө хувийн зан чанаруудыг доош нь жагсаан бичих хэрэгтэй. Ингэснээр зарим нэг зан чанар чинь таны давуу тал байх болно гэдэгт итгэж байна.
2. Дараагийн алхам бол Weakness буюу өөрийн сул талаа тодорхойлох.
Свот шинжилгээний аргыг нэг талаараа хувь хүмүүс өөрсдийгөө сайжруулах зорилгоор хийдэг билээ. Иймээс өөрсдийгөө сайжруулах хамгийн шилдэг арга бол сул талуудаа олж мэдэх юм. Мөн түүнчлэн хэрвээ та ямар нэгэн ажлын байрны ярилцлаганд орох гэж байгаа бол өөрийнхөө сул талуудаа мэдэж авсанаар тухайн ярилцлагаа амжилттай даван туулахад тус болно.
Сул талаа тодорхойлохын тулд өөрөөсөө асууж болох асуултууд:
• Өөртөө итгэлгүй учраас ямар даалгаварыг биелүүлэхээс та зайлс хийдэг вэ?
• Таны юуг сул тал гэж таны дарга, хамтран ажиллагсад болон бусад хүмүүс тодорхойлдог вэ? Хэдийгээр та үүнийг сул тал гэж үздэггүй ч гэсэн бичээрэй.
• Ажлын байран дээр гаргадаг таны муу зуршлууд чинь юу вэ? Жишээ нь: Ажилдаа ихэвчлэн хоцордог, зохион байгуулалтгүй, ажлын байрны стрэссээ удирдах чадвар муу, багийн ажиллагаа муу гэх мэт.
• Та өөрийн боловсрол болон мэргэжлийн ур чадвартаа бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байдаг уу? Үгүй бол та яг юун дээрээ сэтгэл хангалуун бус вэ?
• Таны ямар хувийн зан чанар болон ур чадвар таны ажлын амжилтаас хойш татдаг вэ? Жишээ нь: Гадаад хэлний мэдлэг, олны өмнө илтгэл тавих чадвар, сонсох чадвар, ажлаа хойшлуулдаг байдал гэх мэт.
Эдгээр асуултуудад хариулж байхдаа өөртөө үнэнч байх нь хамгийн чухал бөгөөд зөвхөн та л хариултуудыг мэдэж түүн дээрээ ажиллана шүү дээ. Тиймээс боломжийнхоо хирээр нүүр тулахаас айдаг тэрхүү зүйлүүдээ бичээрэй.
3. Дараагийн алхам бол Opportunity буюу боломжуудаа тодорхойлох.
Боломжууд бидэн дээр өөр өөр хэлбэр, дүрстэйгээр ирдэг. Заримдаа боломжууд бидэнд мэдэгдэхгүйгээр зүгээр л хажуугаар зөрж өнгөрдөг. Бид гол нь түүнийг олж харж, үр дүнтэйгээр ашиглах хэрэгтэй юм. Мөн өөрөөсөө миний давуу талууд надад шинэ боломжийг бий болгох уу? гэж асуухаас гадна би өөрийн сул талуудаа багасгаснаар надад өөр шинэ боломж бий болох эсэх? талаар асуух хэрэгтэй.
Боломжуудаа олж нээхийн тулд өөрөөсөө асууж болох асуултууд:
• Таны ажилладаг салбарт ямар өөрчлөлт, шинэчлэлт бий болж байна вэ? Та хэрхэн түүнийг үр ашигтай ашиглаж чадах вэ?
• Таны ажилладаг салбарт ямар төрлийн шинэ технологи болон трэнд хүч түрэн орж ирж байна вэ? Та хэрхэн түүнийг үр ашигтай ашиглаж чадах вэ?
• Шинэ төсөл хөтөлбөр эсвэл шинэ ажлын байрны мэдээлэл таны ажилладаг компанид зарлагдсан эсэх? Таны мэргэжлийн болон хувийн ур чадвар тэр шинэ боломжтой хэр нийцтэй вэ?
• Шинэ ур чадвар эзэмшсэнээр таньд өрсөлдөхүйц давуу талыг бий болгох эсэх?
4. Дараагийн алхам бол Threats буюу аюул заналыг тодорхойлох.
Би өмнө нь дурьдаж байсан шиг та СВОТ шинжилгээг хийж байхдаа өөрийгөө ямар нэгэн бүтээгдэхүүн гэж үзэх хэрэгтэй ба энэ хэсэгт та өөрөө өөртөө өрсөлдөгч бий болгож түүн дээрээ шинжилгээ хийх хэрэгтэй. Энэ нь таньд илүү амарханаар өөрт учирж болох аюул заналыг тодорхойлоход туслах болно.
Аюул заналыг тодорхойлохын тулд өөрөөсөө асууж болох асуултууд:
• Таньтай ижилхэн ажлын байран дээр ажилладаг аль нэг хамтран ажиллагч тань таниас илүү ажлын гүйцэтгэлтэй юу? Та хоёр хоёулаа нэг ижил өсөн дэвжих боломжийн төлөө тэмцэж байгаа юу?
• Таны аль нэг хувийн зан чанар таны ажлын байрны өсөлтөнд саад болж байна уу?
• Таныг зорилгоо хэрэгжүүлэх гэхэд ямар төрлийн бэрхшээл таныг хойш нь татаад байна? Ажлын байран дээрх бэрхшээл эсвэл хувийн амьдрал дээрх бэрхшээл?
• Одоо ажлын байран дээрээ ямар бэрхшээлтэй нүүр тулж байна вэ?
• Шинэ технологийн хөгжил хуучин технологийг ашиглалтаас гаргаж байгаа нь таны ирээдүйн карьерт сөрөг нөлөө үзүүлж байна уу?
• Таны аль нэг сул тал шинэ аюул заналыг бий болгох боломжтой юу?
Хамгийн сүүлчийн алхам бол ТОВС(TOWS) шинжилгээ хийх юм. Энэ шинжилгээ нь СВОТ(SWOT) шинжилгээ хийсний дараа хийгддэг бөгөөд хэрхэн СВОТ шинжилгээгээр цуглуулсан мэдээллэл дээрээ тулгуурлан дараагийн алхамаа хийхэд туслах болно. Хэрхэн хийж болохыг товчхоноор доор харууллаа.
1. Давуу тал – Боломж: Өөрийнхөө давуу талаараа өөрт байгаа боломж бүрийг бүрэн дүүрэн ашиглах.
2. Давуу тал – Аюул Занал: Өөрийнхөө давуу талаараа боломжит аюул занал бүрийг багасгах.
3. Сул тал – Боломж: Боломжийг ашиглаж өөрийн сул талыг засаж сайжруулах.
4. Сул тал – Аюул занал: Боломжит аюултай нүүр тулахгүйн тулд өөрийн сул талыг багасгах.
Дээр үзүүлсэн шиг та боломж болон аюул занал дээр тулгуурлаж өөрийнхөө төлөвлөгөөг гаргаж болохоос гадна өөрийн давуу талуудаа илүү ихээр сайжруулж, сул талуудаа илүү ихээр багасгах боломжтой юм.
Төлөвлөгөөгүй зорилго гэдэг зүгээр л хүсэл гэж хэлсэн байдаг шиг хүн бүрт өөрийн гэсэн мөрөөдөл, зорилго байдаг боловч тэр бүр бүгд биелүүлж чаддаггүй. Хүмүүс өмнөө зорилго тавьдаг хэдий ч хэрхэн, яаж биелүүлэх эсэхээ мэддэггүй. Харин зөв оновчтой төлөвлөгөө гаргаж, тухайн төлөвлөгөөгөө ягштал баримталж, тууштай байж чадсанаар та мөрөөдөл, зорилгодоо хүрч чадах юм.
Эх сурвалж: Манлайлах Аргазүйн Шинжээч П. Буман-Аюуш

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!