Хувь хүний ур чадвар

Ажил дээрээ хийх ёстой ажлаа бүтээлчээр хийж, илүү цаг гаргах боломжтой аргуудаас

Ажил дээрээ бүтээлч байдлаа нэмэгдүүлэхийг хүсч байгаа хүмүүст хэдэн үр дүнтэй аргууд хүргэх гэж байна. Хэрэв танд гүйцэтгэх ёстой хэд хэдэн ажил байгаа боловч нэгийг нь ч хийж амжаагүй байгаа бол та үр бүтээлтэй ажиллах талаар суралцах хэрэгтэй юм байна.

Дараах хэдэн нууцуудыг та хэрэгжүүлснээр ажил дээрээ хийх ёстой ажлаа гүйцэлдүүлж, илүү цаг ч гаргах боломжтой болно.

1. Ажлаа хамгийн чухлаас нь жагсаах

Танд гүйцэтгэх ёстой олон ажил байгаа боловч алинаас нь эхлэхээ мэдэхгүй, ажлынхаа талаар бодож хамаг цагийг өнгөрөөсний эцэст ямар ч үр дүнд хүрэхгүй сууж байна уу. Тэгвэл үр дүнтэй ажиллахын тулд эхлээд ажлуудаа хамгийн чухлаас нь эхлээд жагсаах хэрэгтэй. Хамгийн яаралтай ажлуудаа эхэлж хийж дуусгаад дараа нь бусдыг нь хийж эхлээрэй.

2. Өөрийнхөө ажил дээр төвлөр

Хэтэрхий их хариуцлага өөр дээрээ бүү үүр. Ялангуяа эдгээр нь стресс үүсгэж, дарамт болж байгаа бол. Зөвхөн өөрийнхөө хийх ёстой ажил дээр төвлөрч, дарга болон хамтран ажиллагсдадаа үгүй гэж хэлж сураарай. Зарим ажлаа маргааш хийхээр хойшлуулсан ч болно шүү дээ. Хэрэв хэт их дарамттай ажиллавал алдаа гаргаж, чухал төслөө баллаж болзошгүй шүү.

3. Ширээгээ зохион байгуулалттай байлга

Ажлынхаа үр бүтээмжийг дээшлүүлэх хамгийн энгийн арга бол эхлээд ширээн дээрхээ цэгцэлж, зохион байгуулалттай байлгах явдал юм. Хэрэв ширээ чинь замбараагүй бол зарим чухал тэмдэглэл зэргээ олоход хэцүү байх бөгөөд хайснаар их цаг алдаж, ажлаа цагт нь дуусгаж чадахгүйд хүрнэ. Цаг хугацааг хэмнэж, бүтээмжээ нэмэгдүүлэх үүднээс ширээн дээрхээ цэгцлээрэй.

4. Анхаарлаа сарниулах хэрэггүй

Өнөө үед интернет, олон нийтийн сүлжээ зэрэг нь ажилд маш том саад болдог болжээ. Ажлынхаа цагаар тэдэн лүү анхаарлаа сарниулахгүй байх нь хэцүү ч гэлээ ажлаа хийхийн оронд хамаг цагаа олон нийтийн сүлжээ болон бусад вэб хуудсууд дээр алдаж байгаагаа санаарай. Facebook болон Twitter-ээ хальтхан харахыг хүсч байгаа ч нэг мэдэхэд л хэдэн цаг өнгөрсөн байдаг шүү дээ. Тиймээс та ажлаа сайн хийхийг хүсч байвал тэдгээр хуудсууд руу зочлохгүй байх хэрэгтэй. Мөн хүмүүстэй чатлахгүй байхыг хичээгээрэй.

5. Богино завсарлага ав

Хэрэв танд хийх ажил маш их байвал завсарлагааны талаар бодоод ч хэрэггүй. Гэхдээ ядарсан үед сайн үр дүн гарна гэж байхгүй. Тиймээс сэргэх үүднээс богино хугацааны завсарлага авч болно. Ингэснээр олон ажлыг амжилттай гүйцэтгэж, алдаа гаргахаас сэргийлнэ. Ширээн дээрээ өдрийн хоолоо идэж болохгүй. Өөр газар очиж хооллоорой.

6. Цагийн хуваарь гарга

Хэрэв та өглөөгүүр илүү сэргэг ажилладаг бол ажлын хамгийн хэцүү хэсгээ өглөө хийхээр төлөвлөх хэрэгтэй. Энэ маягаар ажлаа хуваарилвал үдийн цайгаа тайван ууж, гэртээ харихаасаа өмнө бусад хялбар ажлуудаа дуусгах боломжтой болно.

7. Байн байн мэйл, facebook, twitter-ээ шалгахаа боль!

Хэрэв үнэхээр чухал мэйл хүлээгээгүй л бол тав, арван минут тутам мэйлээ шалгахаа болих хэрэгтэй. Таньд хийж, гүйцэтгэх ёстой олон ажил байна. Тиймэс тэр хэрэгтэй, хэрэггүй мэйлүүд орой болтол хүлээж л байг. Эцсийн эцэст хэн нэгэн таньтай яаралтай холбоо барих хэрэгтэй бол утасдахад л болно шүү дээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!