Хувь хүний ур чадвар

ЭССЭ ХЭРХЭН БИЧИХ ВЭ | Tech-News.mn

Эссэ гэдэг харь хэлний үг болоод ч тэр үү, эссэ бичнэ гэдэг бидэнд нэлээд хэцүү мэт санагддаг.

Эссэ хэрхэн бичих талаар бяцхан нууцыг судлан мэдээд, өөрийн гарт оруулсан байхад таны хувьд санаагаа олох, дэлгэрүүлэн бичих, төгсгөл хийх гээд эссэтэй холбоотой, тархи гашилгасан олон асуудлууд үгүй болж, ямар ч сэдвийн дагуу цэгцтэй, ойлгомжтой, сайн эссэг бичихэд хагас цаг л хангалттай байх болно.

ЭССЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Эссэ гэдгийн утга учрыг сайтар ойлгоогүй тохиолдолд эссэ бичихийн тухай санахын ч хэрэггүй биз ээ. Үүнийг ойлгохын тулд эхлээд нь хүн төрөлхтний нийгэмшин амьдрах болсны шалтгаан тийш анхаарлаа хандуулъя.

Нийгмээрээр амьдрах нь юугаараа давуутай вэ? Олуулаа байхын гол давуу тал нь бие биетэйгээ мэдээлэл солилцсны дүнд бүгдээрээ хөгжиж байдагт оршдог байна. Тэгэхээр ийнхүү мэдээлэл солилцохын тулд, мөн өөрийгөө бусдад илэрхийлэх, өөрийн үзэл бодлыг ойлгуулахын тулд хэл яриа бий болсон билээ.

Харин бидний авч үзэж буй үндсэн асуудал болох эссэг агуулдаг бичгийн хэлний хувьд бол харьцангуй сүүлд үүссэн боловч бас л хүмүүсийн харилцааны хэлбэр юм.

Товчхондоо эссэ бол ХҮН ХҮНДЭЭ ӨӨРИЙН ҮЗЭЛ БОДОЛ БОЛОН СЭТГЭЛИЙН ХӨДЛӨЛӨӨ ИЛЭРХИЙЛЭХЭД ЗОРИУЛАГДСАН БИЧГИЙН ХЭЛНИЙ НЭГЭН ХЭЛБЭР ЮМ

Бидний өдөр тутмын амьдралд тааралдаж байдаг бусад бичгийн хэлнүүд буюу лекц, сонингийн мэдээ зэргээс ялгарах онцлог нь гэвэл эссэ бол таны өөрийн үзэл бодлыг илэрхийлэх боломж гэдэг утгаараа илүү ойр дөхөм давуу талтай байдаг.

ЭССЭНИЙ ҮНДСЭН АГУУЛГА

  1. Эхлэл
  • Оршил  /эссэний агуулагад нийцсэн өөрийн мэдээлэл, зорилго, хамрах хүрээ/

2. Гол хэсэг

  • Мэдэгдэл  /Миний мэргэжил-миний сонголт/
  • Үндэслэл /Таны сонгон суралцаж буй мэргэжил ирээдүйд таны амьдралд хэрхэн нөлөөлөх талаар/
  • Дэмжлэг /Сонгосон мэргэжилээрээ суралцахад ”Оюутны хөгжлийн зээл” ямар шаардлагатай вэ?/
  • Хамрах хүрээнд тусгагдсан сэдвийн нотолгоо

3. Төгсгөл хэсэг

  • Бичигчийн санаа / Агуулгаа эргэн сануулж өөрийн санаагаа дүгнэнэ/
  • Дүгнэлт /Төлбөрийн дарамтгүй суралцаж төгссөнөөр та ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна, зээлээ хэрхэн төлөх талаар/

Эссэний шалгуур 

  • Бичигчийн байр суурь, хандлага, утга, түүнийг илэрхийлсэн эсэх
  • Сэдвийн агуулга оновчтой эсэх, утар шалтгаан, үр дагавараа зөв тодорхойлсон эсэх
  • Уялдаа холбоо
  • Нотолгоо, дэмжлэг шаардлагаа зөв тодорхойлсон эсэх
  • Өвөрмөц сэтгэлгээ, бичлэгийн зохион байгуулалт, ур маяг, найруулга
  • Бусдаас ялгарах онцлог
  • Эрэмбэ, дэс дараа
  • Бичгийн соёл
  • Цэг тэмдэг, зөв бичих дүрмийн мэдлэг

5 tips for writing a great scholarship essay

ПАРАГРАФ ГЭЖ ЮУ ВЭ

Эссэ бичихийн тулд параграф гэж юу болох тухай маш сайн мэддэг байх ёстой. Параграф нь уншигчдад хаана шинэ санаа эхлээд хаана дуусч байгааг мэдэгдэх бичгийн хэлний соёл юм. Хамгийн түгээмэл бөгөөд өөрийн санааг илэрхийлэхэд дөхөмтэй параграфын хэлбэр бол ТАЙЛБАР параграф байдаг.

Параграф хэрхэн бичдэг тухай энэ параграфын жишээн дээр үзье. Тайлбар параграфыг төлөвлөх нь эгээ л нэг жижигхэн байшин барихтай адил юм. Юуны өмнө та яах гэж тэр байшинг барьж байгаа тухайгаа мэдэж байх ёстой. Үнэхээр, яах гэж байгаагаа мэдэлгүй зүгээр л нэг байшин барья гэвэл утгагүй хэрэг болно биз дээ. Үүний дараа байшин нь өөрийн зорилгод хамгийн их нийцэж байхаар бодож зураг төслөө зурна.

Тэгээд зурсан зураг тань таны тавьсан зорилгод тохирох эсэхийг дахин сайтар шинжилж үзсний эцэст л хэрвээ таны сэтгэлд бүрэн дүүрэн нийлж байвал сая байшингаа барьж эхлэнэ. Хэрвээ ямар нэгэн өөрчлөлт хийхээр бол эхлээд зурган дээрээ засвар хийгээд дараа нь л байшингаа засдаг. Параграфыг зохион байгуулах нь байшин барихтай адилхан юм.

Зорилго буюу гол санаагүйгээр ТОЛГОЙ өгүүлбэрийг эхлүүлэх хэрэггүй юм. Харин гол санаагаа тов тодорхой болгосны дараа бол таны хувьд төлөвлөлтийг хийж бүрэн болно. Зөвхөн үүний дараа л таны өөрийн санааг хүмүүст зөв хүргэхээр бичих ээлж ирэх ёстой. Мэдээжийн хэрэг ямар ч барилгачин өөрийн барьсан байшинг аятайхан цонхтой байгаасай гэж боддог шиг таны эссэ цэгцтэй, тодорхой төгсгөл хийх хэрэгтэй.

Товчхондоо тайлбар параграф гэдэг нь хоорондоо холбоотой бүлэг өгүүлбэрээр өрнөдөг. Гол санаа нь толгой өгүүлбэрээр танилцуулагдах бөгөөд энэ нь логик утгаар энэ өгүүбэрийг баяжуулж чадах бүлэг өгүүлбэрээр дамжигдан өрнөх болно. Мэдээж хэрэг хүчтэй дүгнэлт бол ус агаар шиг чухал юм.

ГОЛ САНАА
Энэ бол таны параграфын тусгалын цэг, анхаарлын төвд байх, таний зорих тэр л зүйл юм. Төлөвлөлт хийх ба бичиж эхлэхийх өмнө танд юуг илэрхийлэхийг хүсч байгаа тухай тодорхой санаа байх ёстой. Жолооч хүн хаана хүрэхээ мэдэж байж хамгийн дөт сайн замыг сонгож чаддагчлан бичиж байгаа хүн өөрийн юуг илэрхийлэхийг мэдэж байж сайн зохиол, бүтээл гаргах болно. Сонирхолтой гол санаанууд нь тунхгийн шинжтэй байх нь тохиромжтой. Жишээ нь БИ ЭСРЭГ ХҮЙСНИЙХЭНТЭЙГЭЭ НАЙРСАГ ХАРИЛЦАА ТОГТООЖ ЧАДДАГГҮЙ ГЭЖ ХЭТ СУБЪЕКТИВ ШИНЖТЭЙ ГАРЧГИЙГ ӨГСНӨӨС ЗАРИМ ХҮМҮҮС ЭСРЭГ ХҮЙСНИЙХЭНТЭЙГЭЭР НАЙРСАГ ХАРИЛЦАА ТОГТООЖ ЧАДДАГГҮЙ ГЭСЭН НЬ ИЛҮҮ ДЭЭР БАЙХ БОЛНО.

ТӨЛӨВЛӨЛТ
Гол санаа буюу гарчгийг олсны дараа төлөвлөлт хийх нь хялбархан байх болно. Таны гол санаа тань эссэний бичлэгийн хэлбэрийг тодорхойлж өгөх учир таны хувьд өөрийн санааг тодотгоход шаардлагатай гэж үзсэн түлхүүр үгс болон илэрхийллүүдийг бичихэд л хангалттай юм. Дараа нь эдгээр нь үнэхээр гол санааг илэрхийлэхэд ямар үр нөлөөтэй болохыг шүүн үзээд хэрэггүй бол шууд дарах хэрэгтэй. Үлдсэн үгс тань дараагийн ажилд тань хэрэг болно.

ТОЛГОЙ ӨГҮҮЛБЭР
Гол санаагаа олох явдал бичиж байгаа хүнд хичнээн чухал байдаг вэ, толгой өгүүлбэр бол уншигчдад төчнөөн чухал байдаг юм. Энэ нь гол санаатайгаа ижил утгатай, өдөөх сонирхол төрлүүлэхүйц байх ёстой. таний өмнө суугаад сонсож байгаа хүнээс ялгаатай нь уншигтад таниас ойлгомжгүй зүйлээ асууж чадахгүй бөгөөд та түүнд өөрийн үгийг засаж хэлж чадахгүй. өөрөөр хэлбэл, хэрвээ толгой өгүүлбэр нь сонирхолгүй байвал уншигч тэр дороо таний эссэг орхиод явтахаж ч болох боловч. Таны баталгаа нотолгооны хэсэг хичнээн сайхан байгаад ч нэмэргүй юм. Толгой өгүүлбэр нь шууд, шууд биш, яруу гэсэн хувилбартай байж болдоог. Шууд гэдэг нь ОЮУТНЫ ХӨДӨЛГӨӨН НЬ СУРГУУЛИЙН УДИРДЛАГЫН ШИЙДВЭРТ НӨЛӨӨЛЖ ЧАДНА. ШУУД БИШ ГЭДЭГ НЬ: САЯХАН БИ НЭГЭН ХУУЛЬЧТАЙ ТЕЛЕВИЗЫН ТУХАЙ ЯРИЛЦЛАА.  ЯРУУ ГЭДЭГ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ТОО НЬ ХЭНД ХЭРЭГТЭЙ ВЭ? гэсэн байж болно. Эдгээр бол мэдээж хэрэг параграфын бүх зүйл биш ч гэсэн хамгийн гол амин сүнс нь учир үүнийг сайтар судлан үзэж өөртөө эзэмших хэрэгтэй. Ийнхүү бид эссэ бичихийн хамгийн энгийн асуудлуудыг авч үзлээ.

How to Write an Essay in 9 Simple Steps • 7ESL

Одоо бүгдээрээ эссэ бичихэд анхаарах зүйлсийн тухай авч үзье.

ЭССЭГ ЭХЛҮҮЛЭХ АРГУУД
Суут Пифагор АЛИВАА ҮЙЛИЙН ЭХЛЭЛ НЬ ТЭН ХАГАСТАЙГАА ТЭНЦҮҮ БАЙДАГ гэж хэлсэн нь бий. Эссэ бичих цаг хугацааны хувьд үнэн ч юм шиг. Оюутнууд үнэхээр эхний параграфыг бичихэд маш их цаг зарцуулдаг билээ. Эхний танилцуулах параграфын гол зорилго нь ямар нэгэн аргаар уншигчдын анхаарлыг татах явдал юм гэдгийг санах хэрэгтэй. Доор зарим жишээг харуулав:

1. Эхний ээлжинд ямар нэгэн асуулт тавиад түүндээ өгөх өөрийн хариултыг тайлбарлах замаар эссэг эхлүүлж болно.
2. Номноос буюу хүний хэлсэн үгнээс тохирсон ишлэл авах
3. Толгой өгүүлбэрээ бичээд түүнийгээ хамгаалж бичих
4. Хүүрнэл буюу цөөн мөр харилцан яриагаар эхлэж болно.
5. Өөрт болон хэн нэгэнд тохиолдсон сонирхолтой үйл явдал, онигоогоор эхэлж болно.
6. Эсвэл дараахь бэлэн загвараас ашиглаж болно:

ЭССЭГ ӨРНҮҮЛЭХ АРГУУД

Өөрийн бодлыг зөв, цэгцтэй илэрхийлэхэд эссэгээ тодорхой нэгэн аргад баригдаж бичих нь сайн байдаг тэгэхээр эссэ бичдэг хэд хэдэн аргыг авч үзье.

1. Дедуктив арга. Өөрийн гол санаагаа илэрхийлэхийн тулд хөндөх шаардалагтай хэд хэдэн санаа байгаа үед хэрэглэдэг арга юм. Энэхүү энгийн арга нь нийт эссэний 75% д ашиглагддаг байна. Жишээ нь БИ ТАНД ДУРГҮЙ, ЯАГААД ГЭВЭЛ ТА ХАРАМЧ, МУУ ХҮН гэсэн өгүүлбэрээр толгой өгүүлбэр хийсэн гэвэл эссэ нь яагаад дургүй тухайгаа, мөн харамч хүн гэж, муу хүн гэж ямар хүнийг хэлдгийг тайбарлах шаардлагатай болно. Энд энэ аргыг хэрэглэн эссэ бичиж болох 3-н аргыг өгсөн байгаа.

a.Хэрхэн суралцах вэ?  b. Гурван төрлийн оюутан   c. Миний амьдралын зарчим

   2. Индуктив арга. Дедуктив аргын урвуу арга: Хэрвээ өөрийн гол санааг эссэний төгсгөлд хүртэл хадгалахыг хүсвэл энэхүү аргыг хэрэглэнэ. Дээр авч үзсэн жишээ өгүүлбэр энэ тохиолдолд ТА ХАРАМЧ, МУУ ХҮН УЧИР БИ ДУРГУЙ БОЛСОН өөрөөр хэлбэл эссэний эхний хэсгүүдэд харамч ба муу хүний тухай бичээд дараа нь төгсгөл хэсэгт түүнд муу тухайгаа бичнэ.

a. Машины даатгал  b.Бидний ёс суртахууныг хэн үгүй хийв?  c. Би сонссон байх ёстой

   3. Хронологийн арга. Үйл явдлыг цаг хугацааны дарааллын дагуу өгүүлэх арга юм. Хэрвээ таны эссэнд бүхэлдээ цаг хугацаа чухал үүрэгтэй байвал энэ арга нь үр дүнтэй арга юм.

a.Миний хамгийн дурсгалтай өдөр b. Хүн төрөлхтөн байгальд дайсагнасан байдлыг зогсооё  c.Тамирчны диваажин

   4. Дүрслэн бичих арга. Хэрвээ’та бичиж байгаа зүйлийнхээ тухай уншигчдаас ямар ч байсан илүү мэднэ гэдэгтэй итгэлтэй байгаа тохиолдолд болон сэтгэл хөдлөн үйл явдлын тухай бичихэд хэрэглэгддэг арга юм. Аргын зорилго бол уншигчдад өөрийн мэдэж байгаа зүйлийн тухай өөртэйгээ ижил төсөөлөл өгөх байдаг.

a.Гайхалтай машин b.Миний их сургууль c.Дотуур байрны нэгэн өрөө

   5. Аналогийн арга. Ямар нэгэн нийлмэл төвөгтэй зүйлийг өөр энгийн зүйлтэй зүйрлэн тайлбарлах арга юм. Ихэвчлэн хоёр зүйлийг авч хооронд нь харьцуулдаг.

a. Зураг зурах ба эссэ бичих b.Хуучин ба шинэ үе  c.Шашин ба сэтгэл зүй

   6. Шалтгаан ур дагаврын арга. Ямар нэгэн үйл явдал санаа бодол нь ямар үр дүнд хүрснийг үзүүлэхэд хэрэглэнэ. Ийм төрлийн эссэг шалтгаан нь үр дагавраа хэрхэн бий болгож байгаа байдлаар болон үр дагавар нь шалтгаанаа хэрхэн бий болгож байгаа байдлаар зохиомжлон бичиж болно.

a.Шалгалтанд унагчид b.Багш нар шүүгчид болох нь c.Яагаад хүмүүс уурладаг вэ?

Essay Format - A Complete Guide on How To Structure an Essay
ЭССЭГ ХЭРХЭН ТӨГСГӨХ ВЭ?
Эссэний төгсгөл нь эхлэлээсээ дутахааргүй чухал юм. Анхлан бичигч хүмүүст зориулсан энгийн нэгэн чухал дүрэм байдаг. Энэ бол ХЭРВЭЭ ТА ХЭЛЬЕ ГЭСНЭЭ ХЭЛЖ БОЛСОН БОЛ ОДОО ЗОГС. Хэтэрхий сунжирсан нуршуу төгсгөл таны эссэг тэр цагт нь унтраачихаж ч магадгүй юм шүү. Эссэний төгсгөл ихэвчлэн дүгнэсэн байдалтай байдаг. Өөрөөр хэлбэл, таны эссэ нь зорилгодоо хүрсэн гэсэн сэтгэгдлийг уншигчид үлдээхийн тулд та эссэгээ заавал дуусгаж дүгнэх хэрэгтэй байдаг. Эссэг хэрхэн төгсгөх зарим аргыг авч үзье:

1.   Бид ийм байдлыг үргэлжлүүлсээр л байх уу? гэсэн асуултаар төгсгөж болно.
2.   Толгой өгүүлбэртэйгээ хамааралтай ишлэлээр төгсгөж болно.
3.   Таны зорилго ямар цэгт хүргэж байна вэ?
4.   Өөрийн дэвшүүлсэн санаагаа хоёр талаас нь харж дүгнэх маягаар төгсгөж болно.
5.   Энэ  сэдвийн  дагуу  уншигтад өөр  ном  эссэнээс уншихаар  бодож төгсгөж болно.
6.  Эссэ нь мөн уншигчдад амлалт, тангараг өгөх болон анхааруулгаар төгсөж болох юм. Гэвч хэзээ ч дараахь маягаар эссэгээ бүү төгсгөж байгаарай.
7. Уншигчаас цагийг нь үрсэн болон сонирхолд нь нийцээгүй байж магад гэх мэтээр уучлал гуйх. Энэ нь өөрийн хөдөлмөрийн хүндэтгээгүй мөн уншиж буй хүний хөдөлмөрийг ч хүндэтгээгүй хэрэг болно.
8. Өөр нэгэн гол санаа болон гарчгийг санал болгох

ТӨГСГӨЛ
Энэхүү бичвэрийг уншиж эхлэхэд таны өмнө эссэ гэсэн аварга том хар үүл сүртэй нь аргагүй зогсож байсан бол одоо эссэ гэдэг тийм аймаар эд биш бөгөөд харин ч хэн бүхний хийж чадах энгийн зүйл юм гэдгийг ойлгосон байх.

Дахин сануулж хэлэхэд аливаа зүйлийг өөрийн болгон эзэмшихэд хөдөлмөр тэвчээр хоёр хамгийн чухал учир шилдгийн шилдэг эссэ бичиж чаддаг болохын төлөө хөдөлмөрлөхийг та бүхнээс хүсье.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!