Бизнес загвар

BUYER PERSONA буюу ХЭРЭГЛЭГЧИЙН ДҮР ТОДОРХОЙЛОХ

Buyer persona буюу хэрэглэгчийн дүр (идеал дүр, персона ч гэж нэрлэдэг) нь хэрэглэгчийн хүн ам зүй, зан төлвийн хүчин зүйлс, газар зүйн байршил болон тэдний өдөр тутмын амьдралд үүсч байгаа асуудал, хэрэгцээ, шаардлагыг судлан, хүсэл, сонирхолд нь нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох, маркетинг, идэвхижүүлэлт сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулах зорилготой бүтээсэн зохиомол дүр юм.
Хэрэглэгчийн дүрийг тодорхойлсноор:
– Маркетингийн стратегиа зөв тодорхойлох
– Маркетинг, идэвхижүүлэлт, сурталчилгааны компанит ажлуудыг үр өгөөжтэй зохион байгуулах
– Хэрэглэгчдэд хүргэх контентын агуулгыг хэрэглэгчийн дүр, хэрэгцээ, шаардлагад үндэслэн боловсруулах
– Хэрэглэгчдээ илүү сайн ойлгох
Хэрэглэгчид ямар асуудал байна вэ?
Бид хэрэглэгчид хэрхэн туслаж болох вэ?
Хэрэглэгч ямар сошиал суваг ашиглаж байна вэ?
Таны бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчдийн зорилгодоо хүрэхэд нь, асуудлаа шийдэхэд нь хэрхэн туслах вэ?

ХЭРЭГЛЭГЧИЙН ДҮР БУЮУ ПЕРСОНА ТОДОРХОЙЛОХ АЛХМУУД

Та бодит мэдээлэл, судалгаа, арга зүйд үндэслэн хэрэглэгчийн дүрийг тодорхойлно. Үүнд:

1. Хэрэглэгчийн дүр буюу персонагаа тодорхойлж, нэр өг

Аль болох олон персона үүсгэж туршина. Хэрэглэгчийн дүр яг бодит хүн байна. Хэрэглэгчдийг тань илэрхийлэх зарим нийтлэг шинж чанарууд болон тулгарч буй асуудлыг нь орхигдуулж болохгүй.

 2. Таниас хэн худалдан авалт хийснийг судлана.

Худалдан авалт хийхийг хүсч байгаа хүмүүс биш, худалдан авалт хийж байгаа хэрэглэгчийг тодорхойлно. Хэрэглэгчийн талаарх бүх мэдээллийг и-мэйлээр, онлайнаар, ярилцлага хэлбэрээр цуглуулах хэрэгтэй. Үүнд: Нас, хүйс, орлого, амьдардаг газар, боловсрол, гэр бүлийн байдал, сонирхол, амьдралын хэв маяг зэрэг хүн ам зүйн мэдээллийг гаргана.
Мөн дүн шинжилгээ хийдэг программ хэрэгслүүдээс мэдээлэл авч болно. Жишээ нь: Фэйсбүүк пэйж дээрх постуудыг сонирхож үзсэн хүмүүсийн талаарх мэдээллийг Facebook Audience Insights хэсгээс авах боломжтой байдаг.

3. Хэрэглэгч тань хэн бэ? гэдгийг тодорхойлно.

– Хэрэглэгчийн хобби, сонирхол
– Байнга ярилцдаг, хөнддөг сэдэв
– Хэрэглэгчийн мэдээлэлтэй танилцах эх сурвалжууд
– Ямар мэдээллийг илүү сонирхдог
– Яагаад энэ мэдээлэлд ач холбогдол өгдөг
– Ямар төхөөрөмжөөр интернэтэд ордог гэх мэт

4. Хэрэглэгчийн ажил мэргэжлийн тодорхойлолт гаргана. Үүнд:

– Ажилладаг салбар
– Албан тушаал
– Албан байгууллагын мэдээлэл
– Байгууллагын зах зээлд эзлэх байр суурь гэх мэт
Хэрэглэгчийн ажил мэргэжил, албан тушаал, албан байгууллага нь тухайн хүний сонголт, худалдан авалтанд нөлөөлдөг.

5. Хэрэглэгчдэд тулгарч байгаа асуудлуудыг олж мэднэ. Үүнд:

– Тэдэнд зорилгодоо хүрэхэд нь ямар бэрхшээл, саад тулгарч байна вэ?
– Тэднийг амжилтанд хүрэхэд нь юу хойш татаж байна вэ?
– Танай брэндийн талаар бусад хүмүүс юу ярьж байна вэ?
– Тэд яагаад танай бүтээгдэхүүн үйлчилгээнд дуртай вэ?
– Тэд ямар төрлийн асуултуудыг танай ажилтнуудаас байнга асууж байна вэ?
– Бидэнд асуудлыг нь шийдэх ямар боломж байна вэ?

6. Хэрэглэгчдийн хүсэл мөрөөдлийг тодорхойлно. Үүнд:

– Хэрэглэгчийн гол зорилго, эрмэлзэл нь юу байна вэ?
– Тухайн зорилгодоо хүрэхийн тулд ямар зорилтууд тавьсан байна вэ?
– Хэрэглэгчийн зорилгод бидний туслах боломж юу байна вэ?
– Хэрэглэгчид тань цаашид хэн болохыг хүсч байна вэ? Тийм болоход танай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрхэн туслах вэ?

Мөн хэрэглэгчидтэй байнга харилцдаг борлуулалтын ажилтнууд хэрэглэгчийг маш сайн мэдэж байдаг. Тиймээс борлуулалтын ажилтнуудтай хэрэглэгчийн асуудлыг шийдэх бодит ярилцлага хийх хэрэгтэй.

7. Хэрэглэгчийн хүсч байгаа үнэ цэн болон зугатаж байгаа айдсыг нь тодорхойлно. Үүнд:

– Бид хэрэглэгчид юу амлаж чадах вэ?
– Хэрэглэгчийн биднээс хүлээж байгаа үнэ цэн юу байна вэ?
– Хэрэглэгчийн худалдан авах болон үйлчлүүлэхээс татгалзаж байгаа хүчин зүйлс юу байна вэ
– Тэдэнд төвөгтэй, бэрхшээлтэй санагдаж байгаа зүйлс байна уу? Хэрэглэгчтэй харилцаа тогтооход үүсч байгаа төвөгтэй байдал танай байгууллагад байна уу?
– Хэрэглэгч таны бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарт сэтгэл ханамжтай байна уу?
– Худалдаж байгаа бүтээгдэхүүний үнэ боломжийн байна уу?

8. Бүтээгдэхүүн, үйлчилгээ, брэндийн тань хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага, асуудлыг нь хангаж байгаа боломжуудыг тодорхойлно.

Хэрэглэгчдийн гол асуудлыг тодорхойлсны дараа танай бүтээгдэхүүн үйлчилгээ тэдэнд хэрхэн туслаж болох талаар сайн зураглал бий болгох хэрэгтэй. Энэ хэсэгт тухайн брэндийнхээ онцлог талаас нь бодохгүй харин хэрэглэгчдэд ямар үр ашгийг санал болгож байгаад илүү анхаарч дүн шинжилгээ хийх хэрэгтэй.
Хэрэглэгчийн дүр гаргахын ач холбогдол нь маркетерүүдийн хувьд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдийн өнцгөөс харах боломжийг олгодог. Таны бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгчдийн амьдралыг хэрхэн өөрчилж байгаа нь л чухал байдаг.

9. Судалгааны мэдээллийг нэгтгэн хэрэглэгчийн дүр бүтээнэ.

Цуглуулсан мэдээллүүдээс нийтлэг шинж чанаруудыг нь нэгтгэж, хэрэглэгчийн дүрээ гаргана. Хэрэглэгчийн дүр бол танай хэрэглэгчдийн аль нэг сегментийг төлөөлөх бодит нэг хүний тодорхойлолт гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэдээж тухайн сегментэд олон хүн байх учраас бүх хүний шинж чанар багтана гэж байхгүй, гэхдээ энэ дүр нь тухайн сегментийн төлөөлөл бөгөөд таныг контентоо бүтээхэд тухайн дүрээ бодож, бодит хүнд зориулж хийхэд туслах ёстой.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!