Програм хангамж

Вэбсайт нь байгууллага болон бүтээгдэхүүний танилцуулга төдий зүйл байхаа больж маркетингийн хамгийн чухал хэрэгсэл болсон

1989 онд Женев дахь физикийн CERN лабораторид Английн инженер Tim Berners-Lee гэдэг хүн анхны вэбсайтыг бүтээжээ.

Вебсайт нь:

– Хувь хүн эсвэл байгууллагын интернэт дэх төлөөлөгч. Байгууллага вэбсайтаар дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ болон бусад бүх мэдээллийг хэрэглэгчдэд хүргэхээс гадна хэрэглэгчийн урсгалыг татах боломжтой.
– Вэбсайт нь хэрэглэгчдийн компьютер эсвэл гар утсанд суулгасан вэб хөтчийн (Google Chrome, Mozilla Firefox, Safari зэрэг) тусламжтайгаар мэдээллийг харуулна.
– Вэбсайт нь интернэтэд байрлах сервер компьютерт хадгалагдсан өөрийн гэсэн хаягтай бүлэг өгөгдөл, программ. Вэбсайт бүтээх гэж байгаа бол HTML, javascript, CSS, PHP зэрэг технологи ашиглана.
– Вэбсайт нь байгууллага болон бүтээгдэхүүний танилцуулга төдий зүйл байхаа больж маркетингийн хамгийн чухал хэрэгсэл болсон.

ВЭБСАЙТЫГ АГУУЛГЫН ҮҮСЛЭЭР НЬ:

– Статик вэбсайт (Static)- Хэрэглэгчдэд нэгэн хэвийн мэдээлэл харуулдаг хөдөлгөөнгүй вэбсайт. Мэдээллийг өөрчлөхийн тулд сервер дээр хадгалагдаж байгаа файлуудын HTML эх кодыг өөрчлөх шаардлагатай байдаг. Ийм төрлийн вэбсайт захиалж хийлгэхэд үнэ өртгийн хувьд харьцангуй хямд.
– Динамик (Dynamic) буюу автоматжуулсан вэбсайт – Агуулга нь мэдээллийн сангаас тусгай скрипт кодын тусламжтай дуудагдаж дэлгэцэд харагдана. Вэбсайтад контент шинээр оруулах, шинэчлэх, засварлахад хялбар ба илүү үр дүнтэй.

ВЭБСАЙТЫГ БАЙРШЛААР НЬ:

– Интернэтэд байршсан.
– Дотоод сүлжээнд байршсан (зарим байгууллагуудын хувьд)
Мэдээллийн хэмжээ, бүтэц, хэрэглэгчдэд хүрч байгаа байдал, зорилгоор нь:
– Газардах хуудас: Бараа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ борлуулах зорилготой газардах хуудсыг үндсэн вэбсайтаас тусад нь хийдэг.
– Байгууллагын танилцуулга вэбсайт
– Онлайн буюу цахим худалдааны вэбсайт
– Мэдээллийн портал вэбсайт
– Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний каталоги
– Форум, хэлэлцүүлэг, блог
– Хайлтын системүүд: Google, Baidu, Bing, Ask гэх мэт
– Электрон шуудангийн үйлчилгээ: Gmail, Yahoo, Outlook, iCloud гэх мэт
– Нийгмийн сүлжээ: Facebook, Twitter, WhatsApp, Instagram, LinkedIn, Pinterest гэх мэт
– Файл солилцох үйлчилгээ буюу файл хостинг (File hosting service)
– Дата хостингийн үйлчилгээ
– Цахим орчинд бичиг баримт боловсруулах үйлчилгээ. Жишээ нь: Google docs
– Видео байршуулах үйлчилгээ (Video hosting): YouTube, Vimeo, Dailymotion гэх мэт
– Зураг байршуулах үйлчилгээ: Shutterstock, pinterest, freepik гэх мэт

ТҮГЭЭМЭЛ ҮГ ХЭЛЛЭГ:

URL (UNIFORM RESOURCE LOCATOR) ХАЯГ

URL хаяг нь вэбсайтын хаягийг илэрхийлэх бичлэгийн хэлбэр https://www.вэбсайтын_нэр.өргөтгөл хэлбэртэй бичигдэнэ.
– https – Hyper Text Transfer Protocol буюу цахим мэдээллийг дамжуулах протокол
– www – World Wide Web буюу Дэлхийг хамарсан сүлжээ
– Домайн нэрийн өргөтгөл – Тухайн вэбсайтын агуулга, зориулалт, харьяалалыг илэрхийлдэг.
Өргөн хэрэглэгддэг өргөтгөлүүд: .com – commercial, .net – network, .biz – business, .edu –education, .gov – government, .org – organisation
URL хаягийн өргөтгөлд тухайн улсын нэрний товчлол ашиглах нь түгээмэл. Тухайлбал: .mn – mongolia (Монгол), .jp – japan (Япон), .ru – russia (Орос) гэх мэт. Мөн .com + .jp = .co.jp, .net + uk = .ne.uk, .gov + .mn -gov.mn, edu + mn = .edu.mn гэх мэт 2 хэлбэр хавсарсан 3-р шатлалын домэйн нэр байж болно.

ДОМАЙН НЭР

Интернэт орчинд байрлаж байгаа вэбсайт бүр интернэт хаягтай. Үүнийг домайн нэр гэнэ. Жишээ нь tech-news.mn вэбсайт руу орохын тулд www.tech-news.mn гэдэг хаягаар хандана. Домэйн нэр нь нэр+цэг+өргөтгөл гэсэн бүтэцтэй байна.
Домэйн нэрийн сонголт нь тухайн вэбсайт эзэмшигчийн сонирхол, байгууллагын үйл ажиллагааг илэрхийлсэн агуулгатай байх нь түгээмэл.
Домайн нэр нь дэд домайн буюу (subdomain name)-г үүсгэн ашиглаж болно. Жишээ нь tech-news.mn гэсэн домэйн нэр нь үндсэн вэбсайт руу хөтөлдөг бол, news.tech-news.mn дэд домэйн нэр нь тухайн вэбсайтын мэдээний хэсэг рүү хөтөлдөг байх.

ДОМАЙН НЭРИЙН СИСТЕМ (DNS)

Бид гар утсандаа хэн нэгний дугаарыг хадгалахдаа тухайн хүний нэрийг бичиж хадгалдаг бөгөөд утасны contacts цэсэнд олон хүний дугаар хадгалагддаг. Тэгвэл утасны дугаарыг IP хаяг, дугаарын эзний нэрийг Domain name гэж ойлгоно. Хэрвээ та утсан дээрээ хэн нэгний утасны дугаарыг тэмдэглэсэн бол дахин утасны дугаарыг нь хийх шаардлагагүйгээр оруулсан нэрээр нь хайгаад л амархан залгах боломжтой болдог. Хүн бүрийн утасны дугаарыг цээжлэх шаардлагагүй гэсэн үг. Үүнтэй адил domain name нь цахим хуудасны IP хаягийн нэр. Хэрвээ та google.com гэж орж байгаа бол google.com гэдэг домайн нэрний ард байгаа IP хаяг руу хандаж байна гэсэн үг. Харин тухайн IP хаяг нь google-ын хайлтын систем ажиллаж байгаа сервер компьютерын хаяг нь байна гэсэн үг.
Тэгвэл DNS (Domain Name System) буюу домайн нэрийн систем нь дээрх бүх хувиргалтын процессыг гүйцэтгэдэг байна. Домайн нэрийн систем дээр маш их мэдээлэл байдаг бөгөөд хэрэглэгчийн хүсэлтэд үндэслэн шаардлагатай IP хаягийн мэдээллийг өгдөг.


ВЭБ ХӨТӨЧ (BROWSER)
Вэб хөтөч нь интернэт сүлжээн дэх вэб хуудсуудыг хайх, харах боломжийг дэмждэг, вэб хуудсуудыг үзүүлдэг программ юм. Вэб хаягийг нээж харуулдаг хайлтын систем ч гэж нэрлэдэг. Вэб хаягийг нээж харуулдаг хайлтын систем ч гэж нэрлэдэг.

– Google Chrome, Mozilla Firefox, Internet Explorer, Apple Safari, Opera зэрэг вэб хөтчүүд түгээмэл ашиглагддаг.
Таны компьютер, гар утас, төхөөрөмж вэб хөтөч программ ашиглахгүй бол интернетэд байршуулсан мэдээллийг харах боломжгүй юм.

ВЭБ ХОСТИНГ

Вэбсайтыг интернэтэд байршуулах боломжтой вэб серверээр хангах үйлчилгээ. Вэб хостинг үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас вэбсервер (вэбсайт нь 24 цаг, 365 хоногийн турш байнга асаалттай вэб сервэр дээр байрладаг) түрээслэн, вэбсайтаа байршуулж, домэйн нэрээ холбон тохируулснаар таны вэбсайт бусдад харагдах боломжтой болж, ажиллаж эхлэнэ гэсэн үг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!