Програм хангамж

Таны хүүхэд яагаад програмын хэл сурах хэрэгтэй вэ?

Код сурах нь техник ур чадвараас гадна хүүхдэд олон төрлийн зөөлөн ур чадварыг олгодог. Тоондоо сайн л бол ирээдүйтэй гэхээс илүү хувь хүний хувьд бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэх, бусдыг сонсох зэрэг амьдралын өдөр тутмын чухал ур чадварыг эзэмшсэн бол таны хүүхдийг сайхан ирээдүй хүлээж байна.

1. Харилцаа

Компьютерийн ард суусан хүнийг бусадтай харилцаанд ордоггүй гэсэн хэвшмэл ойлголт бидэн дунд байдаг. Прорамист хүн өөрсдийн баг, хамт олон, үйлчлүүлэгчидтэйгээ тодорхой харилцах чадвартай байх нь нэн чухал юм. Амжилтанд хүрсэн програмистууд төлөвлөгөөтэй ажиллаж, бусдаас ирэх хүлээлтэд хариу үйлдэл үзүүлж чаддаг, хэлсэндээ хүрч, бусдын тавьж буй шаардлагыг ойлгож, боломжгүй зүйлийг боломжтой болгохын тулд бусадтайгаа маш мэдрэмжтэй харилцаж, ойлголцсон байдаг. Kids Club хүүхдэд зориулсан анхан шатны кодын сургалтын агуулгад олон үйлдлээр дамжуулан багаар ажиллаж, санаа гаргаж, түүндээ өөрийн бодлоо илэрхийлэх дадлага ажлууд багтсан байдаг.

2. Бусдын оронд өөрийгөө тавих чадвар

Эмпати бол бусад хүмүүсийн хэрэгцээ, сэтгэл хөдлөлийг ойлгож, мэдрэх чадвар юм. Багаар ажиллаад ирэхээр хүүхдүүд бие биендээ маш их тусалдаг. Хүүхэд бүрийн чадвар өөр, зарим нь загварчилж бодох дуртай бол зарим нь нэг үйлдлээс нөгөө үйлдэл зэрэг дэс дараалласан зүйлд дуртай байх жишээтэй. Эмпати гэдэг нь зөвхөн “мэдрэмж” -ийг мэдрэх эсвэл сэтгэл хөдлөлийг тайлбарлах явдал биш бөгөөд тухай даалгаврыг гүйцэтгэхэд ямар хэрэгцээ байгааг ойлгохын тулд хэнд ямар чадвар байгаа, хэн үүнийг гүйцэтгэж чадахгүй зэргээр бие биенээ таньж мэдэх чадвар юм.

Kids Club Minecraft сургалтад суусан нэг хүүгийн жишээг энд хэлмээр санагдлаа. Тэр хүү маш хөдөлгөөнтэй, барагийн хүний үг сонсоно гэж үгүй. Баг болгохдоо хамгийн түрүүнд аль хүүхэд түүнтэй баг болох бол гэж санаа зовж байтал хүү өөрөө багийнхөө хамгийн бага, бусдаасаа хамгийн их хоцрогдолтой хүүхдийг сонгож, өөрийн мэддэг бүхнээ харамгүй зааж эхэлсэн юм. Дараа нь яагаад гэдгийг асуухад, би зүгээр л түүнд тусалмаар санагдсан юм гэж билээ. Энэ бол багаар ажиллах, бусдын оронд өөрийгөө тавих чадварын хичээлийн дараагийн даалгаврын үр дүн байсан юм.

3. Бүтээлч байдал

Код бичихэд суралцах нь өөр орчинд унших, бичихийг сурахтай адил бөгөөд хүүхдэд бүтээлч, өөрийгөө илэрхийлэх чадварыг бий болгодог Код нь хүүхдүүдийг зөвхөн хэрэглэгч байхаас илүүтэй дижитал олдворыг бүтээгч болох боломж олгодог. Дижитал гэрэл зургийн багц, жор хийх аппликейшн эсвэл өөрөө жолооддог тоглоомон машин бүтээх зэрэг кодчиллын төслүүдээр дамжуулан өөрсдийн санаа бодлоо илэрхийлэх, нийгэмдээ анхааралтай бүтээгч болох арга барилыг эзэмшдэг.

4. Логик сэтгэлгээ

Логик сэтгэлгээ бол хүүхдүүдийн кодоор дамжуулан дадлага хийх чадвар юм. Бичсэн кодоор дамжуулан шийдэлд хүрэх үйл явц, урсгалыг ойлгохын тулд дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Асуудлыг жижиг, салангид хэсгүүдэд хувааж, тус бүр нь нөгөөдөө хэрхэн нөлөөлж байгааг олж мэдэх нь хүүхдүүдэд асуудлыг сэтгэл хөдлөлийн хувьд шийдвэрлэхээс илүүтэй системтэй, бодитой сэтгэхэд тусална.

5. Асуудлыг шийдвэрлэх

Хүүхдүүд өөр өөр шаардлага эсвэл хувилбаруудад тохирсон програмчлалын ур чадварыг мэддэг байх ёстой. Төвөгтэй эсвэл хийсвэр мэт санагдаж болох асуудлыг задалж, шийдлийг оновчтой илэрхийлэх аргыг таних чадвараа дээшлүүлнэ. Асуудлыг хамгийн үр дүнтэй шийдвэрлэхэд нэн шаардлагатай үйлдлийг тодорхойлох нь хүүхдүүдэд ирээдүйд аль ч салбарт ажиллахад хэрэгтэй.

6. Санаачлагатай байх

Програмчлал нь сургуулийн бусад хичээлүүдтэй адилгүй. Код сурч эхлэхээсээ л хүүхэд сурч мэдсэн зүйлийнхээ цоорхойг хурдан олж илрүүлж, өөрсдөдөө зориулж нөөц хайх хэрэгтэй гэдгийг ойлгодог. Хариултыг хайх энэ үйлдэл хүүхдэд бүтээлч сэтгэлгээг суулгахаас гадна бодсоноо хэрэгжүүлэхийн тулд эх үүсвэрийн чанар эсвэл найдвартай байдлыг олж таньж мэдэхэд сургах болно.

How Can I Teach My Child to Code? (Apps & Classes)

7. Хийсвэр сэтгэлгээ

Хийсвэр сэтгэлгээ гэдэг нь бие махбодид байдаггүй объект, зарчим, санаануудын талаар бодох чадвар, жишээлбэл аналоги ашиглах явдал юм. Оюутнууд JavaScript эсвэл Python зэрэг шууд дүрслэгдээгүй хэл сурч эхэлмэгц хүүхдүүд кодын харилцан хамаарал бүхэлдээ хэрхэн явагдахыг таамаглаж, урьдчилан таамаглах дадлага хийх шаардлагатай болно. Зарим судлаачид хийсвэр сэтгэлгээ нь байгалиас заяасан танин мэдэхүйн хөгжил биш харин соёлын түвшин, багшийн ур чадвар, туршлагаар дамжин хөгжих явдал гэж үздэг.

8. Төлөвлөх ур чадвар

Програмын хэлийг ямар нэг төсөлд буюу даалгаварт суурилсан сургалтаар дамжуулан хамгийн сайн сурдаг. Хүүхдүүд эцсийн зорилгодоо хүрэхэд шаардлагатай алхмуудыг тунгаан бодож, төлөвлөлт хийж сурдаг. Багшийн өгсөн хугацаанд даалгавраа гүйцэтгэхийн тулд хүүхдүүд өөрсдийн нөөц бололцоо, мэдлэгээ хэрхэн хуваарилах тухай мөн бодож эхэлдэг.

9. Жижиг зүйлд анхаарлаа хандуулах

Сайн програмист давтан алдаа гаргахаас зайлсхийдэг. Алдаа гарсан тохиолдолд тэд ажлаа системтэйгээр шалгах хэрэгтэй болно. Туршлагатай програм хангамж хөгжүүлэгчид бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахаас өмнө бэрхшээлийг тооцож, сайжруулах тал дээр ч мөн ихээхэн анхаардаг.

10. Уян хатан байдал

Даалгавраа сайн гүйцэтгэж, гараасаа аятайхан зүйл гаргахын тулд нарийн ширийн зүйлд анхаарах хэрэгтэй. Хийсэн зүйлийг хэрэглэгчид тэр бүр таатай хүлээж авдаггүй гэдгийг ойлгосноор алдаагаа дахин давталгүй, бүр сайн шийдлийг олоход тэвчээртэй суралцах хэрэгтэй болдог.

Эх сурвалж: empasoft1.medium.com

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!