Бизнес загвар

МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН АМЖИЛТЫН ЗАГВАР

1992 онд ДеЛоне, МкЛин нар дараах зурагт үзүүлсний дагуу мэдээллийн системийн амжилтыг үнэлэх үндсэн 6 (системийн чанар, мэдээллийн чанар, үйлчилгээний чанар, хэрэглээ, хэрэглэгчийн сэтгэл ханамж, цэвэр үр ашиг) хэмжүүрийг судалж, мэдээллийн системийн амжилтыг хэмжих аргачлал болон загварыг боловсруулсан.Мэдээллийн системийн амжилтыг үнэлэх загварыг цахим худалдааны системийн чанарыг үнэлэхэд ашигладаг. Жишээ нь:

1. Системийн чанар:

Цахим худалдааны системийн ашиглахад хялбар, хүртээмжтэй, найдвартай байдал зэрэг хэрэглэгчид өгч байгаа үнэ цэн юм.

2. Мэдээллийн чанар:

Цахим худалдааны вэбсайтад байршуулсан контентын утга агуулга үнэн зөв, ойлгомжтой, хэрэглэгч болон нийлүүлэгч хооронд солилцож байгаа мэдээллийн аюулгүй байдлыг хангасан байна.

3. Үйлчилгээний чанар:

Байгууллагын гадаад, дотоод үйл ажиллагаанд оролцож байгаа оролцогч талуудыг дэмжих үйл явц. Жишээ нь: Хэрэглэгчийн үйлчилгээний чанарт хэрэглэгчийг дэмжих үйл явц муу байвал хэрэглэгчээ алдаж, ашиг орлого буурна.

4. Ашиглалт буюу хэрэглээ:

Хэрэглэгчийн цахим худалдааны вэбсайтад зочлох, хайлт хийж мэдээлэл авах, худалдан авалт, төлбөр тооцоо хийх хүртэлх бүх үйл явц алдаагүй, хоцрогдолгүй, хэмжигддэг байх ёстой гэж үздэг.

5. Хэрэглэгчийн сэтгэл ханамж:

Цахим худалдааны вэбсайтаар үйлчлүүлж байгаа хэрэглэгчийн санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх, бараа бүтээгдэхүүний сонголт, худалдан авалт, төлбөр төлөлт, хүргэлт зэрэг бүхий л үйл ажиллагаанд оролцож байгаа хэрэглэгчийн туршлагыг сайжруулах нь хэрэглэгчийн сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлнө гэж үздэг.

6. Цэвэр үр ашиг:

Цэвэр үр ашгийн хэмжүүр нь цахим худалдааны системийн хөрөнгө оруулалтын зорилго, зорилтоос хамаарна. Цэвэр үр ашгийн хэмжүүрийг мэдээллийн чанар, системийн чанар, үйлчилгээний чанарыг хэмжихгүй дүгнэх, хянах боломжгүй гэж үздэг. Жишээ нь: Цахим худалдааны орчинд хэрэглэгчийн худалдан авалтын шийдвэрт вэбсайтын дизайн, харагдах байдал нөлөөлж байгааг ямар нэгэн хэрэглээг үнэлснээр тодорхойлох боломжтой.

Байгууллагууд техник, технологийн шинэчлэл, өөрчлөлтөд төлөвлөгөөгүй их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа боловч тухайн системийн амжилттай ажиллагааг бодитой тооцоолж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг үнэлэх асуудал дутмаг байдаг. Өөрөөр хэлбэл: Бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд нь өөрийн хэрэглэгчид, ажилтнуудын амьдралын хэв маяг, хүсэл сонирхол, дадал зуршил, хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх, байнгын эргэх холбоотой байхын тулд орчин үеийн технологийн олон талт дэд бүтцийг бий болгож, түүнийг байнга тордож, хөгжүүлж, өргөжүүлэх ажлыг төдийлэн үр дүнтэй хийж чаддаггүй.

Тийм учраас мэдээллийн системийн амжилтыг үнэлэх ДеЛоне, МкЛин нарын боловсруулсан загварыг ашиглан хөрөнгө оруулалтын үр өгөөжийг үнэлж, тогтмол сайжруулалт хийж ажиллах шаардлагатай.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!