Бизнес загвар

ӨӨРТ ТОХИРСОН ШИНЭ БИЗНЕСИЙН САНААГ ХЭРХЭН ОЛОХ ВЭ? | Tech-News.mn

Бизнесийн санаа олно гэдгийг өөрийн нөөц боломж, чадавхид тулгуурлан зах зээлийн хэрэгцээнд чиглэсэн ямар нэг зорилготой болохыг хэлж байна гэж ойлгож болно. Дараах гурван алхам танд өөрийн бизнесийн санааг сэдэж олоход тусална.
1. ӨӨРТӨӨ ЗОРИЛГО БИЙ БОЛГО
Та өөрийнхөө амьдралыг таван жилийн дараа ямар байхыг төсөөлөн бодоорой. Аль болох бүх зүйлийг хамруулан, тухайлбал: Хаана, ямар сууцанд амьдарч байна? Ямар хүмүүстэй амьдарч байна? Таны найз нөхөд, хүрээлж буй хүмүүс тань ямар хүмүүс байна? Өдөр тутмын ажил тань юу болсон байна? Хүмүүс танд хэрхэн хандаж байна? Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна? гэх мэт.
Эдгээр асуултаар бүү хязгаарлаарай, өөрт тань чухал бүх зүйлсийг хамруулан төсөөл. Эдгээр бүх төсөөлөл нь таны цаашдын амьдралыг тодорхойлно. Та төсөөллүүдээс юунд зорьж тэмүүлэх, ямар зорилго тавьж ажиллахаа шийдэхээс гадна эдгээр нь таныг нэгэн зүгт чиглүүлж танд эрч хүч өгөх болно.
Ямар нэг зүйл хийж бий болгоод түүнийгээ харах, хүмүүст хэрхэн тус болохыг ажиглаж суух сайхан уу? Эсвэл хүмүүстэй ярилцаж, тэдний санаа бодлоо хуваалцах нь танд таалагдах уу? Чимээ шуугиангүй орчинд суугаад ямар нэг зүйлд төвлөрч ажиллах, гадуур дотуур гүйж олон хүнтэй уулзаж явах хоёрын аль нь танд таалагдах бол? Ингэж төсөөлөх нь бизнесээ сонгох сууриа тавих, зорилгоо тодорхойлоход тань тус болно. Дотны хэн нэг хүнтэйгээ өөрийн төсөөллийг хуваалцах нь илүү үр дүнтэй байдаг. Эсвэл бүр цаасан дээр аль болох тодорхой бичих хэрэгтэй.
2. ЮУ ХИЙХ ДУРТАЙ, ЮУГ САЙН ХИЙДГЭЭ ТОДОРХОЙЛЖ АВ
Та өөрийнхөө юу хийж чаддаг ба чаддаггүйг, мөн юунд авъяастай гэдгээ дотроо тунгаан бодоорой. Сайн бизнесийн санаа сэдэх нь нэг хэрэг. Өөрийнхөө авъяас чадварт тохирсон бизнесийн санаа сэднэ гэдэг өөр хэрэг. Таны бизнес сонирхлыг чинь үнэхээр татдаг байвал л та түүнийгээ урт хугацаанд, амжилттай хийх боломжтой байна.
Өөрийгөө тодорхойлохын тулд гурван тусдаа жагсаалт гарга:
1) Та юунд авъяастай вэ?
Хүн бүхэн ямар нэг юманд сайн байдаг ба тэдгээрийн олонх нь ямар нэг бизнесийн суурь болж чадна. Та өөрийнхөө чадваруудад хэт дасал болсноосоо болоод тэдгээрийгээ олж харахгүй байж болох юм, Иймээс хэдэн долоо хоногийн турш өөрийнхөө сайн чанаруудыг олж харахыг хичээх хэрэгтэй. Мөн өөрийг тань сайн мэдэх хүмүүсээс асууж ярилцаж ч болох юм.
2) Та юуг сурч, эзэмшсэн бэ?
Хамгийн энгийн ажлыг хийж байсан ч та олон зүйлийг сурч авсан байгаа. Хариуцаж байсан үүрэгт ажлуудаа, гүйцэтгэж чадна гэсэн ажлуудаа, хаана хэнээс юу сурснаа санаарай. Аль болох бүрэн жагсаалт гарга, хамгийн багадаа 10 чаддаг, чадах зүйлээ олж бичээрэй
3) Та юу хийх дуртай вэ?
Хийх дуртай зүйлсээ энд бичнэ. Энэ нь тийм ч амархан биш байж мэднэ. Хамгийн түрүүнд толгойд чинь орж ирсэн сонирхол, хобби зэргээрээ дамжуулан цааш нь ургуулан бод. Та зав чөлөө гарвал юу хийх дуртай байдаг, юуг хийх юмсан гэж хүсдэг, юуг хийж байхдаа цаг хугацаа өнгөрч байгааг үл анзааран хамаг анхаарлаа хандуулсан байдаг, юуг хийхээс огт уйдаж залхдаггүй зэргээ сайн бодоорой. Хэрвээ өөртөө итгэлтэй биш байвал таныг бага байхаас мэдэх хүмүүсээс юу хийхдээ хамгийн баяртай байдаг байсныгаа асуу. Аль болох олон талаас нь бодож гаргасан олон санаанууд танд шийдвэр гаргахад илүү туслах болно.
Энэ гурван жагсаалтыг хэдэн долоо хоногийн турш байнга харж энэ тухай бодож эргэцүүлж бай. Тэгээд ямар нэгэн санаа төрөх болгонд жагсаалтан дээрээ тэмдэглэл хийж бай. Энэ дундаас таны бизнесийн ерөнхий дүр зураг гарч ирнэ.
3. ЗАХ ЗЭЭЛИЙН ЯМАР ХЭРЭГЦЭЭ БАЙГААГ ОЛЖ МЭД
Бизнесийн санаа сэдэхийн тулд та өөрийнхөө дотоод ертөнцийг судаллаа. Одоо гадаад орчноо шинжилж зах зээлийн эрэлт хэрэгцээг ямар байгааг олж мэдэх хэрэгтэй.
Мэдээллийн эх сурвалжуудаар хаа сайгүй л шилдэг бизнес,эсвэл шинэ бизнесийн санаанууд гэх зэргээр ярьж л байдаг. Эдгээр нь бүгд л танд таалагдаж магадгүй боловч өөртөө тохирсон, зах зээлд юу хэрэгтэй вэ гэдэгт үндэслэсэн оновчтой санааг та л гаргаж ирж чадна. Өөрийнхөө хийж чаддаг, дуртай зүйлсээ тодорхойлж байх явцдаа зах зээлийн хэрэгцээг судалж байх хэрэгтэй.
Зах зээл дээр, хэрэглэгчдэд, хүмүүст юу хэрэгтэй байгааг дараах байдлаар судалж мэдэж болох юм.
• Хангагдаагүй эрэлт хэрэгцээ буюу хүмүүст юу хэрэгтэй байгааг алхам тутамдаа анзаарч бай. Интернет орчинд тэнүүчлэхдээ, телевиз үзэхдээ, хүмүүстэй ярилцахдаа, дэлгүүрээр орохдоо, гудамж талбайд явж байхдаа гэх мэт.
• Танд хэрэгтэй байж болох ямар бараа бүтээгдэхүүн олдохгүй байна? гэдгийг бодож үзэж бай.
• Хүн болгоны хийх дургүй, гэхдээ тэдэнд та хийгээд өгчихөж чадах ажил байна уу? гэдгийг эргэцүүл.
• Хүмүүсийн амьдралыг, өдөр тутмын ажлыг нь хөнгөвчлөх таны мэдэх арга туршлага, бүтээгдэхүүн үйлчилгээ байна уу? гэдгийг бод. Жишээ нь: Нягтлан бодох мэргэжилтэй нэгэн гэр хороололд ажиллаж байгаа жижиг аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн тайлан гаргаж өгөх, татвар, бүртгэл хөтлөлтийн зөвлөгөө өгөх бизнес сэдэж олж болох юм.
Энэ дагуу бизнесийн санаануудаа жагсаан бичээрэй. Дараа нь өмнө өөрийгөө судалсан “судалгааны ажил”-тайгаа уялдуулан бод. Үүний дараа жинхэнэ танд тохирсон, танд амжилт авчрах бизнесийн санаа тунаж үлдэх болно.
Ер бусын санаа дэвшүүлэхээсээ айх хэрэггүй, хамгийн амжилттай санаанууд анхандаа галзуу мэт сонсогддог. Зарим нэг дутагдлууд байсан ч эрлээ үргэлжлүүл. Бизнесийн боломжуудыг эргэцүүлж үзэхдээ та нэг эхэлсэн бизнесээ насан туршдаа хийх албагүй гэдгээ сана. Танд дараа нь өөр сайн санаа төрж эсвэл илүү ашигтай бизнес хийх боломж гарлаа гэхэд тэрнийгээ та хийж болно.
Бизнесийн санаагаа олж авах нь шинээр бизнес эрхлэхэд бэлтгэх хамгийн эхний шат юм. Үүнээс цааш бизнесийн санаагаа үнэлж, хамгийн тохирох санааг сонгох, бизнест шаардагдах хөрөнгийг хэрхэн тооцох, санхүүжилт хаанаас олж хийх, хийгдэх ажлуудаа хэрхэн төлөвлөж зохион байгуулах, ямар хэлбэрийн аж ахуйн нэгж сонгох, бүтээгдэхүүн үйлчилгээ яг ямар байх, хаана ажлын байраа байрлуулах, ажилчдаа хэрхэн сонгож авах гэх мэт олон асуудлуудыг шийдэж, гүйцэтгэх хэрэгтэй болно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!