Дижитал стратеги

VoIP ба Аналог утасны системийн ялгаа

Энэ удаагийн блогоор IP – Интернет Протоколд суурилсан VoIP-Voice Over Internet Protocol технологи болон уламжлалт аналог утасны технологийн үндсэн ялгаа, давуу ба сул тал зэргийг харьцуулж аль технологи нь таны бизнест эерэгээр нөлөөлж, өсөлт өгч чадах уу? талаар ярилцана

Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын энэ үед та ямар ч төрлийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байсан интернет, харилцаа холбоонд суурилсан дижитал хэлбэрийн дэвшилтэд технологийг ашигладаггүй аж ахуй нэгж өнөөдөр байхгүй.

VoIP нь аналог технологийг хөгжүүлэн гарч ирсэн сүүлийн үеийн дэвшилтэд технологид тооцогддог. VoIP болон аналог системүүд нь дуудлага хийх, хүлээн авах, чиглүүлэх, хуваарилах боломжийг олгодог. Гэвч дэвшилтэт утасны үйлчилгээнд хамрагдах VoIP нь хамаагүй илүү өргөн боломжийг хэрэглэгчдэд санал болгож, зардлыг хэмнэдэг.

Бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж маркетинг, борлуулалтын болон харилцааны суваг дээр ямар утасны системийг сонгож хэрэгжүүлэх нь зөв вэ?

Монгол улсад B2C (Бизнесээс хэрэглэгчдэд) хэлбэрийн үйлчилгээ өндөр байдаг ба харилцагчидийн 80% нь утсаар ярьж өөрт хэрэгтэй үйлчилгээ, лавлагаа авах, асуудал, санал гомдлоо шийдэж байна. Үүнээс гадна имэйл, цахим хуудас, сошиал холбоос, чатбот гэх мэт харилцааны шинэлэг аргууд түгэн дэлгэрч байна.

Бизнес эрхлэгч та бизнесийн хамгийн гол хэрэгсэлүүдийн нэг болох дуудлага удирдах үйлчилгээг компанидаа нэвтрүүлэхээсээ өмнө аль технологи нь илүү үр ашигтай, өгөөжтэй гэдгийг судалж нэвтрүүлэх нь чухал. Та уламжлалт АНАЛОГ болон дэвшилтэд Дуудлага удирдах үйлчилгээ болох VoIP -ийн систетмийн ялгааг ойлгож байх нь зөв.

1. Технологи ба шугамын түрээс

Аналог утасны үйлчилгээ болон VoIP (Voice Over Internet Protocol) хоёрын хоорондох чухал ялгаа нь дохио дамжуулах арга юм.

Аналог:

Зэс утас ашиглаж дуу, дуут дохиог дамжуулах ба бидний мэдэх өнөөгийн цахилгаан холбооны 11ХХХХ дугаар, утас бөгөөд үүнийг бид энгийн телефон утасны үйлчилгээ (PSDN) гэж нэрлэдэг. Зөвхөн дууг дамжуулах ба дүрс дамжуулж чадахгүй.

Дижитал

Дижитал буюу VoIP технологи нь дууг IP протоколын дата пакет хэлбэрээр интернет буюу нийтийн сүлжээ, нийтийн дамжих орчинг ашиглаж дамжуулдаг. Үүний цаана дамжуулах шугам нь нийтийн интернет сүлжээ буюу үнэгүй дамжуулах орчинг ашиглаж байна гэсэн үг. Энэ нь түрээсийн өртгийг бууруулж, хямд үнээр тухайн байгууллага, аж ахуй, хувь хүн утасны үйлчилгээг авах боломжийг олгодог. Зөвхөн дуу биш дүрс дамжуулах, гурвалсан яриа болон хурал хийх боломжийг давхар олгодог.

Холбоос

2. Үйлчилгээний онцлог давуу тал

VoIP нь аналог технологийг хөгжүүлэн гарч ирсэн сүүлийн үеийн дэвшилтэд технологид тооцогдог. VoIP болон аналог системүүд нь дуудлага хийх, хүлээн авах, чиглүүлэх, хуваарилах боломжийг олгодог. Гэвч дэвшилтэт утасны үйлчилгээнд хамрагдах VoIP нь хамаагүй илүү өргөн боломжийг хэрэглэгчдэд санал болгож, зардлыг хэмнэдэг.

Аналог утасны системүүд 1875 оноос үүсэж хөгжсөн технологи бөгөөд 21- р зуунаас хойш бараг хөгжөөгүй гэхэд болно. Гэхдээ зарим үйлчилгээ үзүүлэгчид хуучин системийн боломжуудыг өргөжүүлж, хөгжүүлж байгаа. Жишээ нь PSTN болон ISDN-тэй технологи юм. Гэвч ISDN технологи нь албан ёсоор дэлхий даяар 2025 оноос үйлчилгээгээ зогсоох гэж байгаагаа мэдэгдсэн.

VoIP нь интернетийн дараа буюу 1995 оноос хөгжүүлэлт хийгдсэн нэг үгээр орчин үеийн утасны систем. Ийм учир хэрэглэгчдэд илүү их функц, боломжийг олгохоос гадна илүү хямд өртгөөр нэвтрүүлэх боломжийг олгодог. Нэгдсэн харилцаа холбоо (Unified Communications) -ийн шийдлийг давхар санал болгодог. Жишээ нь: Видео болон аудио хурал хийх, давхар дуудлага авах, залгах, дугаар шилжүүлэх, хүлээлгэх гэх мэт олон давуу талыг хэрэглэгчдэд олгодог. Мөн дуу, мессеж, клауд байдлаар ашиглах, бусад харилцаа холбооны бүх системүүдтэй нэгдэн ажиллах, нэг платформ дээр нэгтгэсэн байдлаар шийдэх боломжийг VoIP нь олгож байна.

Нэвтрүүлэх нийт өртөг нь VoIP болон Аналоги утасны системийг сонгох үндсэн арга болдог ч гэсэн та дараах хүснэгтийг сайтар уншихыг зөвлөж байна. Үнэ өртгийн хувьд аналог утасны систем нь хямд ч таны хүсэж байгаа харилцаа холбооны тайлан, үр өгөөж, маркетингийн тооцоо, судалгаа, тайланг гаргаж чадахгүй гэдгийг анхаарах нь чухал юм.

VoIP ба Аналог утасны систем өртгийн харьцуулалт

Аналог системийг богино хугацаанд ашиглах хэлбэрээр худалдаж авах нь зөв боловч урт хугацаандаа өргөтгөх боломжгүй, нэмэлт боломж олгохгүй байдлаасаа болж хөгжихгүй яг тэр байрандаа үлдэх болно.

VoIP-д шилжсэн бизнесүүд дотуур холбооны зардлыг 0₮, улс доторх дуудлагын зардлыг 50%, олон улсын дуудлагын зардлыг 90% хүртэл бууруулдаг гэсэн тооцоо судалгаа бий.

3. Байршил ба хөдөлгөөнт хэрэглээ

Аналог утасны систем нь зөвхөн таны оффисын ширээний суурин утасны хэлбэрээс илүү гарахгүй. Газарзүйн уян хатан байдлыг хангаж чадахгүй байгаа нь урт хугацааны туршид асар их бизнесийн алдагдалд хүргэж болзошгүй юм. Жишээ нь: Та компанийн дугаар дээр ирж байгаа дуудлаганд гэрээсээ, гадуур явж байхдаа, гадаадад ажиллаж байхдаа хариулж чадахгүй.

Аналог системтэй бизнесүүдэд бизнесээ шинэ газар руу шилжүүлэх эсвэл өргөжүүлэхийн тулд та нэмэлт тоног төхөөрөмж, утасны шугам худалдаж авах хэрэгтэй болно. Өргөтгөлүүдийг хялбархан нүүлгэн шилжүүллээ ч гэсэн заавал үйлчилгээ үзүүлэгчээс мэргэжлийн үйлчилгээ шаардлагатай болно.

VoIP-ийн давуу талууд

Өргөтгөх, шилжүүлэхэд илүү хялбар: Шинэ утас нэмэх системийг өргөжүүлэхэд ямар нэгэн нэмэлт зардал гарахгүй, илүү хялбараар гүйцэтгэх боломжийг олгодог.

Газарзүйн уян хатан байдал: Интернет сүлжээний тусламжтайгаар хаанаас ч дуудлагуудыг чиглүүлж, хүлээн авах гэх мэт газарзүйн байрлалын асуудалгүй болно. VoIP нь виртуал дугаараар дотуур холбоог давхар шийдэж чаддаг. Өргөжүүлэхэд илүү хялбар, уян хатан байдаг.

Та Монгол улсад дараах операторуудын VoIP дугаарыг авах боломжтой

78ХХ-ХХХХ ЖиМобайл компани IP78 үйлчилгээ
77ХХ-ХХХХ Юнител компани IP77 үйлчилгээ
76ХХ-ХХХХ Скайтел компани IP76 үйлчилгээ
75ХХ-ХХХХ Мобиком компани IP75 үйлчилгээ
70ХХ-ХХХХ Цахилгаан холбоо компани MIP70 үйлчилгээ
Дээрх үйлчилгээ үзүүлэгч үүрэн операторуудаас “Өөрийн брэнд VoIP” дугаарыг аваад, дуудлага хийж, дуудлага хүлээн авах үйлчилгээг авах боломжтой. Энэ нь бизнес эрхлэгчид дэлхийн хаана ч байсан виртуал хэлбэрээр өөрийн улс орондоо байх боломжийг олгодог.

Хөдөлгөөнд байдлаар өргөтгөх: 

VoIP үйлчилгээ нь аналог утасны системд байдаггүй гар утасны програмыг (Softphone) санал болгодог. Програм аппликейшнын тусламжтайгаар таны ажилтнууд оффисын утсаа хүссэн үедээ ухаалаг гар утас, компьютер ашиглан ашиглах боломжтой.

4. Найдвартай байдал

VoIP-ийн аналог системээс ялгарах нэг тал нь түүний найдвартай байдал юм. Энэ нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд улам бүр сайжран хөгжүүлж байгаа нь тус технологийг улам бүр найдваржилттай байдлыг дээшлүүлж байна. Аналог системүүд үргэлж дуудлагын чанарын хувьд тогтмол үзүүлэлттэй байгаа ч урт хугацаанд энэ нь давуу тал болохгүй, түүний сул тал болж байна. Нэг үгээр хөгжүүлэлт байхгүй гэсэн үг.

Монгол улс дотооддоо интернет урсгал дээр хурдны хязгааргүй байдаг нь тус үйлчилгээг ашиглах бас нэг давуу тал болж өгдөг. Өргөн зурвасын 4G, 5G сүлжээ нь таны интернетийг илүү тогтвортой, найдвартай, хурдтай болгож өгдөг ба энэ нь VoIP утасны системийн найдваржилтийг илүү сайжруулна гэсэн үг юм.

Аналог утасны системд суурилсан технологи, суурин утасны үйлчилгээ нь хуучирч улам бүр үнэлгээгээ алдаж байна. Жишээ нь: BT (Их Британи), AT&T / Verizon (АНУ), NTT (Япон), DE Telekoms (Герман) зэрэг тус үйлчилгээг үзүүлэгчид телефон холболтыг зогсоохоо мэдэгдэж байсан.

5. Дүгнэлт

Дэлхий даяар өргөн зурвасын IP үйлчилгээнд Дуудлага удирдах үйлчилгээ шилжиж байгаа ч өнөөдөр Internet Protocol-д суурилсан Дижитал Бизнес гэх нэр томьёо урган гарч ирсэн. Дижитал шилжилт руу бага багаар алхам алхмаар шилжиж орохыг танд зөвлөж байна. Таны аналог утасны систем (суурин утас) өнөөдөр найдвартай байж болох ч дараагийн арван жилд улам бүр үнэлгээ нь буурахыг анхаарна уу..

Үүний эсрэгээр, VoIP Дуудлага удирдах үйлчилгээ утасны системүүд нь тасралтгүй шинэчлэлт, сайжруулалт хийснээр хэдэн жилийн дараа илүү сайн үр дүнд хүрэх боломжтой юм. Global Market Insights зах зээлийн судалгааны компанийн гаргасан шинэ тайланд дурдсанаар дэлхийн VoIP зах зээл 2025 он гэхэд 55 тэрбум долларт хүрч, одоогийн хэмжээнээс 205 тэрбум доллараар 175% өснө гэж дурдсан байна. Зах зээлийн хэмжээ их байна гэдэг нь цаана ажиллах үндсэн технологийг сайжруулахад илүү их хөрөнгө оруулалт, илүү хурдан хөгжүүлж сайжруулна давуу талтай байдаг.

Эх сурвалж: itpartners.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!