Дэлхийг өөрчилсөн эрхмүүд

МАТЕМАТИКЧ ТЭРБУМТАН – КЕННЕТ ГРИФФИН |Winnergy.mn

“Citadel Investment Group” дундын сангийн үндэслэгч ерөнхийлөгч тэргүүн Кеннет Гриффин (Kenneth Griffin) санхүүгийн ертөнцөд аль хэдийн домог болжээ.
Кеннет Гриффин, өнөөдөр дэлхийн хамгийн том, хамгийн амжилттай явж байгаа байгууллагын нэгийг өөрөө байгуулан компанийхаа ерөнхийлөгчийг хийж байна.
Тэрээр бүр 1986 онд Харвардын 1-р дамжааны 18 настай оюутан “Forbes” сэтгүүлээс “Home Shopping Network Inк” компаний хувьцаа хэтэрхий үнэтэй байгаа тухай өгүүллийг уншжээ. Гриффин үүнийг мэдэж аваад, хувьцааны үнэ бууна гэж үзэн, өөрийн хуримтлалаа тавилаа. Тэгээд ашиг олов. Мөнгөний амт мэдэрсэн залуу хүү, үүнээс хойш зөвхөн хөрөнгийн бирж дээр мөнгө олох хувь тавиланг сонгохоор шийдсэн байна. 17 жилийн дараа 2003 онд Гриффин нөгөө “Forbes” сэтгүүл дээрээ хамгийн баян америкчуудын зэрэглэлээр 650 сая долларын хөрөнгөтэй гарсан юм.
Тэр 34-хөн насандаа Америкийн хамгийн залуу хоёр дахь баян хүнээр тодорлоо. 2006 онд түүний хөрөнгө 1.7 тэрбум доллараар үнэлэгдэж, 2007 онд гурван тэрбум давжээ. Түүнээс гадна залуу тэрбумтаны зан чанарын хамгийн ажиглагдам чанарууд нь паранойд болох шахсан битүүлэг зан, орчин тойрныхноо зэвүүцүүлсэн зожиг шинж, тансаг хээнцэр зүйл руу тэмүүлсэн үлбэгэр тэмүүлэл, санхүүгийн шинэ агуу их нэгдсэн компани байгуулах ихсийн дон шүгэлсэн мэт мөрөөдөл байв.
Санаа бодол тээсэн компьютерчин
Кеннет Гриффин Флоридад төрж өссөн, багаасаа компьютер математик сонирхдог байж. Ирээдүйн тэрбумтны ээж, “Кен өсвөр наснаасаа л “Computer-Lands” дэлгүүр лүү дагуулж явахыг гуйдаг, очоод худалдагч нарын толгойг эргэтэл шалгаадаг байж билээ” гэж дурссан байдаг. Ахлах ангид байхдаа тэр “IBM”-ын шалгагчаар (тестерээр) ажиллаж байв. Бодвол алдаа эрж олох нь түүнд сэтгэл ханамж авчирдаг байсан биз. “Кен жирийн нэг залуу биш байсан юм. Тэр өөрөөсөө ах хүмүүстэй харилцахыг эрхэмлэдэг, амьдралд юунд хүрэх гэж байгаагаа мэддэг байсан. Бас түүний толгойд үргэлж ямар нэг санаа орж ирдэг” гэж тэр үеийн танил нь ярьжээ. Түүний хэрэгжүүлсэн санаануудын нэг нь “Discovery Educational Systems” (үнэхээр ингэж алдаатай нэрлэсэн) сургуулиудад компьютерын боловсролын программ зардаг компаниа нээсэн юм. 17 настай Гриффин үндэслэн байгуулсан энэ компани өнөөг хүртэл амжилттай ажиллаж байна.
Анхны сая
Ирээдүйн тэрбумтан маань хөрөнгө оруулалтаар Харвардад байхаасаа (Харвардыг гурван жилд төгссөн) хичээлийн завсарлагаанаар оролдож эхэлсэн. Эхлээд гарааны мөнгө болох 265 мянган доллараа ээж эмээ хоёр болон өөр хоёр хөрөнгө оруулагчаас гуйж аван энэ мөнгөөрөө хөрөнгө оруулалтын хоёр сан нээсэн юм. Сангийнхаа ажлыг тэр “Cabot House” оюутны байран дахь өрөөнөөсөө эрхэлж байв. Гриффин цонхон дээрээ хиймэл дагуулын тавган антенн байрлуулж арилжааны тухай шинэ сэргэг мэдээ авдаг. Сарын дараа зах зээлд 1987 оны хямрал тархахад short-д (богино хугацаанд) амжилттай гаршсан Гриффин анхны суурь мөнгөө оллоо. Тэр төгсөх ангид орохдоо голдуу зээлийн болзол өөрчилсөн үнэт цаасны арилжаа хийж анхны сая доллараа олов. Гриффин эдийн засгийн бакалаврын зэрэгтэй хамт бэлэг авсан юм. Түүний сангийн үйл ажиллагаа Чикагогийн алдарт хөрөнгө оруулагч “Glenwood Capital” сангийн эзэн Франк Мейерын анхаарлыг татжээ. Мейер Гриффинд нэг сая доллар өгөөд оюутан ахуйн цагийнхаа амжилтыг давтахыг хоёр дахин их хөрөнгөөр сануулав. Гриффин ч компьютерт оруулсан бирж дээр худалдаа хийх программын тусламжтайгаар богино хугацаанд амжилт гаргалаа.
“Citadel”-ын үндсийг тависан нь
Гриффины алдар нэр өсөх тусам хөрөнгө оруулагчид хэдэн арваараа, тэдний хөрөнгийг өсгөж өгнө гэж найдан хөрөнгө оруулж эхлэв. Эцэст нь 1990 оны арваннэгдүгээр сарын 01-нд хөрөнгө оруулалтын ертөнцөд алдаршуулсан 4.2 сая ам.долларын хөрөнгө бүхий “Citadel” сангаа байгуулсан байна. Компаний нэрээ ч тохиолдлоор бус сонгожээ. Тэр эдийн засгийн хямралын үед компаний хүчийг илтгэж байлаа. Эхний хоёр жилд өөрийн нэрээ бүрэн хадгалж чадав. 1991 онд жилийн 43%, 1992 онд 40.7%, 1993 онд 23.5%-ын ашиг олжээ. Гэвч 1994 онд зах зээлийн болзол өөрчилсөн үнэт цаасны арилжаанд хямрал нүүрэлж сан 4.3%-ийн алдагдал хүлээсэн. Хөрөнгө оруулагчид мөнгөө татан авч Гриффины ихэмсэг занд хүнд цохилт болов. “Kен тэр үед ийм явдал дахин давтагдах явдлыг хэзээ ч гаргахгүй гэж надад хэлсэн юм” гэж Мейер дурсдаг юм.
Макиавелли ба Коллинз нарын шүтэн бишрэгч
Цаг хугацаа өнгөрөх тусам “Citadel”-ыг үнэхээр эвдрэшгүй бат цайз болгох Гриффины эрмэлзэл өссөөр байв. Сангийн менежер байсан нэгэн “Энэ үед л менежментын эрсдэлийн сэдэв хөндөгдөхөд Гриффины жинхэнэ паранойк шинж ажиглагдсан юм” гэж ёжлон дурсдаг. Гриффин өрөөгөө түгжин Никколо Макиавеллийн “Prince” номоос иш татаж дээр нь сийлсэн ширээнийхээ ард менежментын тухай ном уншин санг эрхлэх ажилдаа алдаа гаргахгүйг хичээн өдөржин суух нь цөөнгүй байлаа. Тэрбумтан маань Жим Коллинзын бүтээлүүдийг эрхэмлэн уншдаг. Эрсдэлийг багасгахын тулд тэр “Citadel” компанид удирдлагын мэргэжлийн зөвлөхүүдийг байнга хөлслөн ажиллуулдаг байна. Энэ зорилгоор Гриффины боловсруулсан нэгдмэл бүтэцийг “сольж болохгүй юм гэж байхгүй” гэсэн зарчимд тулгуурлан хийжээ. Компанид ажил үүрэг гүйцэтгэдэг олон хүн ажилладаг учраас хэн нэг нь явахад бизнест нөлөөлдөггүй юм. Хэдэн жилийн өмнө сан өөрийнхөө нэрийн илэрхийлэл болсон 37 давхар барилгыг Чикаго хотод худалдаж авсан нь үнэхээр бат бэх цайз мэт харагддаг.
“Citadel” хэрхэн юугаар арилжаа хийдэг вэ?
Гриффин америкийн өөр нэг алдартай хөрөнгө оруулагч Жеймс Саймонсынх шиг математик аргыг “Citadel”–д баримталдаг. Энд түүний тооны логикт дуртай нь мэдрэгддэг байна. Үнэндээ тэр хэдэн жил бирж дээр арилжаа хийгээгүй бөгөөд хэний хувьд сайн бүтэж байна түүнд даатгадаг. Гэвч ихэнхдээ л компьютерт даатгадаг юм. Саймонстой адил сангийн ажилдаа математикч, физикч нарыг татах боловч компьютерын системд илүү итгэл үзүүлдэг байна. Түүнийхээр бол трейдерүүдэд өөрийн алдаатай стресстэй талууд байдаг. Компаний математикийн хэлтэс 36-р давхарт байрлах бөгөөд энэ байрны хана нь тусгай зориулалтын амархан угаагдах материалаар хийгдэж, хүнд хүнд томъёонуудыг шууд цагаан ханан дээр бичиж болохоор болгожээ. Ийм самбар Гриффины өрөөнд ч байх бөгөөд тэр хуучнаа сэргээж нийлмэл тэгштгэлүүдийг өөрөө зохиодог юм.
“Citadel”-ын хувьд бүх хөрөнгө оруулалтын сангийн дотроос хамгийн их хүчин чадалтай шинжилгээний хэлтэстэй бөгөөд Чикагогоос холгүй “нөөц” компьютерын систем ч бий. Ажлын ийм зохион байгуулалт нь томоохон банкуудын хувьд л байна уу гэхээс “эгэл жирийн” дундын сангуудад ахдах ажил. “Citadel”-ын биржид дамжин гардаг хоёр үндсэн сан нь “Kensington Global” ба “Wellington” юм. Өнөөдөр “Citadel” Нью-Йорк, Лондон, Токиогийн биржүүдийн арилжааны өдрийн орлогын 2-3%-ийг (70 сая шахам хувьцаа) эргэлдүүлж байна. Мөн засгийн газрын үнэт цаасны 10%, опционы 15% нь “Citadel”-ын мэдэлд байна. Опционы зах зээлд “Citadel” нь арилжааны явцад нөлөөж чадах цорын ганц сан юм.
Эрсдэл нөхөгддөг
Сан бол өөрийн арилжааг хэвшмэл хэрэгслэлээр явуулаад зогсохгүй худалдах ба худалдан авч болох бүх хэлбэрээр мөнгө олдог. “Kensington Global” нь “Citadel”-ын хамгийн том сан бөгөөд сүүлийн есөн жилд хөрөнгө оруулагчдад жилийн дунджаар 22%-ын ашиг өгдөг байна. Энэ нь бас зах зээлийн дунджаас дээгүүр комиссын хураамж төлсний дараах тоо юм. Хэрэв ихэнхи сангууд “2 ба 20” гэсэн дүрмийг баримталдаг бол 2% нь удирдлагын зардал, 20% нь олсон ашгаасаа сан өөртөө авах шимтгэл байдаг бол “Citadel” сан 2005 онд удирдлагын зардалд 8.75%-ыг төлж байв. Ингэхдээ “Citadel” бол нэг саяас дээш долларын хөрөнгө оруулах чадалтай хөрөнгө оруулагчдын сан бөгөөд эзэд нь харьцангуй эрсдэлтэй үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байдаг.
Тэрбумтангуудын шүүсийг шахах дамжлага
Сангийн ажилтнууд өөрийн өндөр татварыг төлөхдөө “Citadel бол ажлын төлөө олон зүйлээрээ дэнчин тавихыг удирдлагаас шаардсан хөлс шавхах бүтэц” гэж албан хаагч байсан нэгэн гомдоллож байжээ. Гэлээ ч гэсэн Гриффин од болсон ажилтнууддаа мөнгө өгөхөд хэзээд бэлэн байдаг ба жилдээ таван сая долларын хөлс авч байсан арилжаачид олон бий. Тэр ажилтнууддаа цаг үеийн явцад бага боловч дугтуйтай хувьцаа авдаг бусад сангууд шиг биш компаниа “үл хуваалцах” зарчмыг баримтлан зөвхөн бэлэн мөнгөөр төлбөр хийдэг. Хамтран ажиллах гэрээ дуусахын хирд ямар ч мөнгө амласан өндөр өртөгтэй арилжаачид компанид үлдэхийг хүсдэггүй нь гайхмаар зүйл биш. Сүүлийн таван жилд “Citadel”-с 15 топ менежер зугатжээ.
Компанийг орхигсод, мэдээжийн хэрэг Гриффин тэднийг зохих ёсоор үнэлдэггүй үнэлсэн ч түүнийгээ ил гаргадаггүйг мэддэг байв. Зарин нэгэнд нь Гриффины удирдлагын арга барил, компани дахь бүхнийг өөрөө хянаж байхыг эрхэмлэдэг, төлөөллийн бүрэн эрхийг тэвчиж чаддаггүй, хамтрагчиддаа итгэдэггүй зэрэг нь таалагддаггүй байна. Тэрбумтаныг мэдэх нэг нь үүнийг зан чанартай нь холбон үздэг. Тэр ажилтнууддаа байнгын байцаалт явуулна. Ийм шалгалт ярилцлагууд нь заримдаа хэдэн цагаар үргэлжилдэг юм. Мөн бизнесээ нэг өдөр ч болов орхин явж зүрхлэхгүй, аливаа хурал цуглаан семинарын урилгаас эрс татгалздаг. Өрсөлдөгчид нь Гриффиныг маш хатуу ширүүн гэдэг, жишээ нь “Third Point Partner`s” компаний захирал Ден Леб түүний тухай “элсний харх” гэж ярьсан нь бий. Лебийн Гриффинд явуулсан И-мэйл их алдартай. Түүнд “Citadel”-д тогтсон дэг журмыг “шорон” гэж нэрлэн түүнийг нилэнхүйд нь зусарч бялдуучид хүрээлсэн, хэн ч түүнтэй чин сэтгэлээсээ харьцдаггүй болохыг мэдрүүлэв. Ер нь Гриффин өөрөө илэн далангүй хүн биш, хамт ажиллагсдынх нь ярьснаар “Инровентын цаадах интровент” (олон нийтэд битүүлэг хаалттай хүн) Тэр өөрийн туслах Жоди Дейхмиллертэй хамт нэг өрөөнд суудаг ч гэсэн Жоди түүний төвлөрөлд саад болхгүйн тулд босстойгоо зөвхөн И-мэйлээр харьцахыг эрхэмлэдэг байна.
“Kен ер бусын авъяастай арилжаачин, гайхамшигтай сэтгэлгээтэй тархитай боловч түүнд сэтгэл хөдлөлийн боловсрол сох дутдаг” гэж түүнтэй ажиллаж үзсэн хүмүүс өөр хоорондоо шүүмжилдэг.
Мөсөн уул хайлж эхлэв
Гриффин сүүлийн жилүүдэд бага зэрэг “уярч” байгаа. Тэрбумтан-интроверт ч тэр түүний удирдсан “Citadel” ч тэр сүүдрээс гарч ирэв. “Хөшигөндөө завсар гаргасан нь “Citadel” удахгүй IPO гаргах гэж байгаа болхоор дуртай ч дургүй ч хөрөнгө оруулагчдад (ил тод байдал эзнийх нь санаанд нийцэхгүй байсан ч) өөрийгөө сурталчлах болно” гэж хорон хэлтнүүд шаагилдаж байна.
(Кеннет Гриффин Эхнэр Анна Диастай хамт)
Гэвч Гриффинд тохиолдсон дулаарал нь шал өөр шалтгаантай байж магадгүй юм. Тэр нь сайхан сэтгэлт гоо бүсгүй Анна Диастай холбоотой байх. Гриффин “Aragon Global Management” хөрөнгө оруулалтын санг үндэслэгч 37 настай зуун сая долларын хөрөнгөтэй Анна Диастай 2004 онд гэрлэсэн юм. Хурим дээрээ тэрбумтан маань аз жаргалын нулимс унагаж байжээ. Энэ нь түүний хувьд онцгой тохиромжгүй шинж байсан тул цугларагсад итгэж өгөхгүй байв. Хөрөнгө оруулагчийн гэр бүл, ойр дотныхон нь хүмүүс чухамхүү эхнэр нь Гриффиныг хүмүүсийн дунд үзэгдэж, биеэ хүнлэг авч явахыг албаддаг гэж ярьцгаадаг юм.
Ихэмсэглэх хүслэн
Хичээл зүтгэл нь хэдэн зуу дахин нөхөгдлөө. Гриффин өөрөө 20 тэрбум долларын эргэлтийн хөрөнгөтэй, дэлхийгээр нэг тархсан мянга гаруй ажилтан ажилладаг зургаан албан байртай “Citadel”-ыг дундын сан хэвээр байгахыг хүсэхгүй байгаагаа хэлдэг. Тэр “Citadel”-ын суурин дээр “Goldman Sachs” ч юмуу “Morgan Stanley” шиг хөрөнгө оруулалтын бүх чиглэлээр ажилладаг санхүүгийн хүчирхэг институт байгуулах хөөрүү мөрөөдөлдөө бүүвэйлэгдэн яваа. Гэтэл хаалттай дундын сан, корпораци байгуулахад бизнесын хувьд ч эзний хувьд ч илүү ил тод байж тунгалагшина гэсэн үг.
Сайхан амьдрахад садаа болох биш
Хөрөнгө оруулалтын олонх өрсөлдөгчдөөсөө Кеннет Гриффин ахуй амьдралдаа даруу бус байдлаараа ялгардаг. Анна Диастай 2004 онд хуримлахдаа хаа нэгтэй биш Францийн Версальд хуримаа хийж зочидоо цэнгүүлэхийн тулд алдарт “Cirque du Soleil” циркийг урьж, поп-дива Донна Саммерийг авчрсан байлаа. Тэр өндөр үнэтэй спорт загварын машинд дурлаж Чикагогийн “North Michigan Avenue”-д байрлах пентхаусыг 2000 онд 6.9 сая доллараар авсан бөгөөд хотын сор болсон хамгийн өндөр байшингуудын нэгэнд байрладаг. Гриффинд байдаг урлагийн бүтээлүүдийн цуглуулгыг үнэлэх боломжгүй, “Play Station” болон хөл бөмбөг тоглох дуртай нэгэн юм. Гэхдээ америк биш европ хөл бөмбөгөнд нугасгүй хүн. Харин сүүлийн долоон жилд тэрбумтны өвдөгөнд хийсэн таван удаагийн мэс ажилбар л түүнийг хөл бөмбөгийн талбайг бүрэн орхиход хүргэсэн билээ.
Орчуулсан: Жамбалдоржийн БАДАРЧ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!