Дэлхийг өөрчилсөн эрхмүүд

​Дэлхийн хамгийн залуу тэрбумтан SNAPCHAT-ыг үндэслэгч Эван Шпигел | Tech-News.mn

Дэлхийн хамгийн залуу өөрийн чадлаар /self made/ хөлжсөн тэрбумтан, залуусын идэвхтэй хэрэглэх болсон нийгмийн сүлжээний үндэслэгч Эван Шпигелийн амьдрал, амжилтын нууцаас өгүүлье.

-Эван Шпигел нь 1990 оны зургадугаар сарын 4-нд АНУ-ын Лос-Анжелес хотод төржээ. Түүний эцэг эх хоёулаа өндөр боловсролтой,  дээд зэрэглэлийн хэрэг дээр ажилладаг өмгөөлөгчид учир Эван дутагдаж гачигдах юмгүй өсжээ.

Тэрээр Санта Моника дахь “Crossroads” гэх элит сургуульд суралцаж байсан аж. Энэ сургуульд ТИНДЕР-ийн үүсгэн байгуулагч Сиан Радд, Кейт Хадсон зэрэг алдартай эрхмүүд мөн суралцаж байсан юм. Эван сургуульд байхдаа  хичээлдээ сайн, олон нийтийн дунд нэр хүндтэй, элит хэрэглээтэй хүүхэд байжээ. Арван зургаан настай байхад нь аав ээж хоёр нь салж, сэтгэл санааны хүнд дарамтад орж гэрээсээ зугтаж байсан ч аав нь түүнд 75 мянган ам.долларын үнэтэй BMW машин бэлэглэснээр асуудал бүрэн шийдэгдэж байсан гэдэг.

Ахлах сургуулиа төгсөөд Эван Стэнфордийн их сургуульд үйлдвэрлэлийн дизайн мэргэжлээр суралцаж байх үедээ Snapchat-ыг хамтран байгуулсан Рэжжи Браун, Бобби Мерфи нартай танилцаж байжээ. Оюутнууд хичээлийн бие даалтын ажил болгож өвөрмөц маягийн мессенжер зохиох санаа гаргасан байна. Хэрэглэгчдийн нэг нэгэндээ илгээсэн мэдээлэл нь хэсэг хугацааны дараа устдаг, олон төрлийн сонирхолтой байдлаар зурвас илгээх боломжтой гэсэн гол санаанд тулгуурлан SNAPCHAT-ыг  анх  PICTABOO нэртэйгээр  танилцуулж байжээ.

PICTABOO-ын үйл ажиллагаа дөнгөж эхэлж байх үед үүсгэн байгуулагчдын нэг Режжи Браун энэ бүхэн өөрийнх нь санаа тул компанийн 30 хувийг дангаараа эзэмших хүсэлтэй байсан нь зөрчилдөөн үүсгэж, Эван, Бобби нар түүнийг компаниасаа гаргаж, түүний акаунтуудыг нь блоклож байжээ. Браун 2014 онд энэ асуудлаар шүүхэд хандан SNAPCHAT-аас  157 сая долларын нөхөн олговор авч байсан юм.

Ийнхүү Эван, Бобби нар 2012 оны тавдугаар сард компанийнхаа нэрийг SNAPCHAT болгон өөрчилж албан ёсоор байгуулж байжээ. Компанийн санааг бүгд хамтран гаргасан ч Эван Шпигел гол дизайн, загварыг нь зохиосон бөгөөд, залуус одоо тус бүр компанийнхаа 25 хувийг эзэмшдэг. Тухайн үед тэдэнтэй ижил үйлчилгээ явуулдаг компаниуд байсан ч дүрсийн чанар муудах, их багтаамж шаардаж байсан учраас удаан оршин тогтнож чаддаггүй байжээ.  Компанийн эхэн үед Эван бүхий л цаг заваа SNAPCHAT-ын хөгжүүлэлтэд зориулж байсан учир эцэг эхийнх нь санаа зовж, бусад хичээлдээ анхаарлаа хандуулахыг анхааруулж байсан гэдэг.

Залуус сүлжээний  гол хэрэглэгчдээ өсвөр насныхан байхаар төлөвлөж зохион бүтээсэн нь хэдхэн сарын дотор гайхамшигтайгаар тэлж, компани байгуулагдсанаас таван сарын дотор 1 тэрбум зурагт зурвас дамжуулсан ба өдөр бүр 20 сая хэрэглэгчид зурвасаар харьцдаг болсон байна.

Үүсгэн байгуулагдаад ердөө нэг жилийн дараа Фэйсбүүк компанийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг Эвантай өөрийн биеэр уулзан компанийг нь 3 тэрбум ам.доллараар худалдаж авах санал тавьсан ч татгалзаж байсан юм. Тухайн үед олон судлаач, эдийн засагчид тэднийг байж болох хамгийн сайхан саналаас татгалзлаа хэмээн буруутгаж байсан ч ердөө найман сарын дараа компанийн зах зээл дээрх үнэлэмж 5 тэрбумд хүрч Эван, Бобби нар дэлхийн хамгийн залуу тэрбумтнуудын нэг болцгоосон юм. Энэ  үед Эван, Бобби нар дөнгөж 24  настай байжээ.

Эван SNAPCHAT-ыг байгуулсан тухайгаа БИД ТИЙМ Ч ДОГЬ ЗАЛУУС БАЙГААГҮЙ, ТИЙМ БОЛОХООР ИЛҮҮ ДОГЬ ЗҮЙЛ БҮТЭЭХИЙГ ХҮССЭН гэж хэлж байжээ. Түүнийг Фэйсбүүкийн Марк Зукербергтэй олон талаар төстэй гэдэг бөгөөд тэд хоёулаа алдартай хуульчийн гэр бүлээс гаралтай, оюутан байхдаа төслөө эхлүүлж, амжилтад хүрсэн, хамтрагчтайгаа шүүхдэлцэж байсан зэрэг нийтлэг тал олон юм. Гэхдээ Эван өөрийгөө түүнтэй адилхан гэж тодорхойлдоггүй бөгөөд БИ КОМПЬЮТЕР МЭДДЭГ ХҮН БАЙЖ БОЛОХ Ч ТЕХНОЛОГИЙН ДОНТОГЧ БИШ гэж байжээ.

Мөн Эваны санааг ФЕЙСБҮҮК компани хулгайлсан гэх асуудал олон гардаг бөгөөд 2013 онд тэрээр Марк Зукербергтэй уулзах үедээ poke цэсний тухай ярьж байсныг нь төд удалгүй Фэйсбүүк хөгжүүлж байсан юм. Үүнээс үүдэн Эван хамтрагч Боббитой муудалцаж байсан гэдэг. SNAPCHAT-ын өөр олон төрлийн цэсийг ФЕЙСБҮҮК компани хулгайлсан бөгөөд гэдэг энэ тухай Эван YAHOO хайлтын системтэй боллоо гээд GOOGLE  болчихгүй гэж  байжээ.

Эван Шпигелийн хөрөнгө одоо 2.5 тэрбум ам.доллар бөгөөд Forbes сэтгүүл түүнийг Марк Зукербергийн дараахь дэлхийн хоёр дахь хамгийн залуу тэрбумтан хэмээн нэрлэсэн. Эваны ажлаа хэрхэн явуулдаг, болон хувийн амьдралын тухай мэдээллүүд өндөр нууцлалтай байдаг бөгөөд, компанийн ажилчид, байгууллагын томоохон шийдвэр, хамтын ажиллагааг хэрэгжиж эхлэхийн өмнө олон нийттэй хамт мэддэг аж. Энэ нь технологийн шинэ санааг хулгайд алдахаас сэргийлэх аргатай холбоотой байна.

Одоо дэлхий даяар SNAPCHAT-ыг өдөрт 187 сая идэвхтэй хэрэглэгчтэй, сонирхолтой зураг, бичлэгээр харилцсаар байгаа бөгөөд компанийн  зах зээл дээрх үнэлэмж 33 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм.

SNAPCHAT-ын үндэслэгчид өнгөрсөн оны хоёрдугаар сард тус компанийн 13 сая ширхэг хувьцааг 15-20 жилийн дотор, сурах эрмэлзэлтэй ч санхүүгийн боломжгүй, шилдэг сурагчдын сургалтын төлбөр, боловсролын орчинг сайжруулахад хандивлахаар болж, төсөл хэрэгжиж эхлээд байгаа юм. Тэд боловсрол мэдлэгийн асуудлыг шийдэж чадвал нийгмийн бусад асуудлууд дагаад сайжирна гэж итгэж буйн үндсэнд тус төслийг эхлүүлсэн байна.

Эван Шпигелийн хэлсэн эшлэлүүдээс

– Амьдралд дахин давтагдахгүй тэр мөчүүдийг хайртай хүмүүстэйгээ хуваалцах нь л хамгийн үнэ цэнэтэй.

– Бусдад юу хэлэх эсэхээ сайн бодож, эргэцүүлж байх нь бизнес эрхлэхийн хамгийн хүнд хэсэг.

– Амжилтад хүрэх нууц нь их ажиллахдаа биш, төлөвлөгөөтэй ажиллахад оршино.

– Хүмүүст үргэлж чиний тухай ямар нэг бодол байдаг. Тэр бодлын тухай, түүнийг өөрчлөх тухай байнга бодохын оронд, өөрийгөө жаргалтай байлгах тухай бодсон нь хамаагүй хялбар.

Эх сурвалж: forbes, BusinessInsider , ABC

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!