Дэлхийг өөрчилсөн эрхмүүд

SpaceX, TeslaMotors-ын үүсгэн байгуулагч Элон Маск | Tech-News.mn

Энгийн л гарааны бизнесээс дэлхийн технологийн магнат болтлоо хөгжиж чадсан, тэрбумтан Элон Маск хүн төрөлхтнийг Ангараг гарагт хүргэх мөрөөдөлтэй. Одоо Маскийн эзэмшилд сансрын пуужин, хөгжүүлэлтийн SpaceX, өндөр чанарын, цахилгаан машины Tesla Motors үйлдвэр  байдаг. Түүний нийт хөрөнгө 20 тэрбум ам.доллар бөгөөд  энэ оны байдлаар дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтын 21-д эрэмбэлэгддэг. Маскийн зорилго хэзээ ч мөнгө байгаагүй бөгөөд  түүнд технологийн хөгжлийг шинэ төвшинд аваачиж, хүн төрөлхтний хөгжлийн хувьсалд өөрийн хувь нэмрээ оруулах  гэсэн ганцхан чин хүсэлтэй аж.

Элон Маск гэж хэн бэ

Тэрээр Өмнөд Африкт 1971 онд энгийн гэр бүлд төрсөн бөгөөд аав ээж хоёр нь багад нь хоёр тийш болсноор аавынхаа дэргэд өсчээ. Хамгийн анхны компьютерээ 10 настайдаа авч байсан бөгөөд 12  настайдаа анх БЛАСТАР нэртэй тоглоомын программ бичиж  байв. Тоглоомоо 500 доллараар худалдсанаар энэ төрлийн бизнес эхлэх санаа бий болсон бөгөөд 13 настайгаасаа хувьцааны бизнест хөл тавьжээ.17 нас хүрэх үедээ Хатан хааны их сургуульд суралцахаар Канадыг зорьжээ. Өмнөд Африкаас Канад руу, Канадаас АНУ-руу цагаачлах илүү амар байсан учир ийм шийдвэр гаргасан ч гэж үздэг.

Маск өсвөр насандаа сурлага сайтай байсан хэдий ч  нийгэмтэй харилцах тал дээр асуудалтай хүүхэд байв. Хүүхдүүдэд их дээрэлхүүлдгээсээ болж, хэд хэдэн удаа сургуулиа сольж байжээ. Гэсэн ч хаана нь ч найзтай болж чадаагүй бөгөөд хүнтэй үг дуугардаггүй, үргэлж ном, сонин шагайгаад сууж байдаг зожиг хүүхэд байсан хэмээн суралцдаг байсан дунд сургуулийнх нь багш өгүүлжээ.

Маск Хатан хааны их сургуульд хоёр жил суралцсаны эцэст тэндээс амжилтад хүрэхэд хэрэг болох хангалттай мэдлэг олж авахгүй нь гэсэн шалтгаанаар Пенсильванийн их сургуульд бизнесийн удирдлага, физикийн ухааны тэнхимд шилжин суралцжээ. Дараагаар нь Стэнфордын их сургуульд докторын зэрэг горилохоор очсон боловч хоёр хоноод л залхаж бизнес эхлүүлэхээр шийдсэн аж.

Ийнхүү 1996 онд ахтайгаа нийлэн ZIP2 нэртэй старт-ап компаниа үүсгэн байгуулав. Тэд програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан ба гурван жилийн дараа 302 сая ам.доллараар COMPAQ компанид зарж, гучин нас хүрэлгүй саятнуудын эгнээнд элсжээ.

1999 онд XCOM /хожим Paypal болсон/ компаниа үүсгэн байгуулсан бөгөөд үйл ажиллагаа жигдэрч, хувьцааны үнэ хурдацтай өссөнөөр 2002 онд eBay компанид 1.7 тэрбум ам.долларын үнэд хүргэн зарж чадсанаар 160 сая ам.долларыг өөрийн болгов.

2002 онд SpaceX-ээ байгуулсан бөгөөд 2003 онд өөрийн биширдэг алдарт зохион бүтээгч Николас Теслагийн нэрээр нэрлэсэн Tesla Motors-оо байгуулсан юм. Мөн 2006 онд нарны эрчим хүчийг ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг SOLAR SYSTEM компанийн өндөр хөрөнгө оруулагч болжээ.

Мөн тэрээр 2016 оноос хойш АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампийн ойрын зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Түүнийг дэлхий нийт хоёр дахь Стив Жобс гэдэг бөгөөд тэдний хувь хүний зан чанарт амархан залхдаг, түргэн ууртай, олон эхнэрээс салсан, үргэлж ажил хэргээ нэгдүгээрт тавьдаг зэрэг төстэй  зүйл олон. Мэдээж хамгийн  чухал нь Маск технологийн хөгжилд, тэр тусмаа сансар судлалд өндөр хувь нэмрээ оруулж  буй нь Стив Жобстой харьцуулагдах хэмжээний зохион бүтээгч, магадгүй суут ухаантан болохыг нь баталж буй юм.

Түүний амжилтын нууцаас

Дэлхий нийтийг гайхшируулдаг зүйл бол дан ганц түүний амжилт биш бөгөөд хувь хүний зан чанар нь ч онцгой содон гэнэ. Энэ байдлыг нь ч түүний амжилтын гол түлхүүр байсан гэж үзэх хүн цөөнгүй.  Түүний амьдрал, намтар, амжилтын нууцыг өгүүлсэн ЭЛОН МАСК ном 2015 онд хэвлэгдэж байсан бөгөөд  гарсан даруйдаа хэдэн сая хувь борлогдсон юм. Номын агуулгаас түүний амжилтын нууцыг дэлгэвэл.

Тэр хэзээ ч өөртөө ханаж байгаагүй. Tesla motors-д зуу зуун хүн илүү цагаар ажиллаж байсан өдрүүдэд ч тэр үргэлж БИД СУЛХАН БАЙНА, ИЛҮҮ ИХ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ гэж хэлдэг байсан.   

Амралт, ая тухыг чухалчилдаггүй. 2000 онд амралтаа авч, Бразил, Өмнөд Африкт аялах үедээ хумхаа өвчин тусаж, хүнд өвджээ. Тэр цагаас хойш Амралт зугаалгын тухай хамгийн сайн ойлгосон нэг зүйл бол АМРАЛТ ЧАМАЙГ АЛАХ БОЛНО гэж хэлсэн бөгөөд дахин хэзээ ч амраагүй байна.

Зөвхөн сайн, их ажиллахыг шаарддаг удирдагч бус, өөрөө хамтдаа, магад бүр илүү ажилладаг МАНЛАЙЛАГЧ.  PAYPAL төсөл дээр хамтран ажиллаж байсан Жюли Акенбрандт БИД ӨДӨРТ 20 ЦАГИЙН ТУРШ АЖИЛЛАДАГ БАЙСАН. Харин Маск 23 цаг ажилладаг байв” хэмээн өгүүлжээ.

Ажил хэрэг нэгдүгээрт. Эхнэрээ төрөх үед хажууд нь байхыг хүсэн компанийн үйл ажиллагаанд оролцоогүй ажилтан руугаа ЭНЭ БОЛ УУЧЛАЛТ ГУЙХ ХАНГАЛТТАЙ ШАЛТГААН БИШ. МИНИЙ УРАМ ХУГАРЧ БАЙНА. ЧИ ЮУ БОЛОХЫГ ӨӨРӨӨ БҮРЭН УХАМСАРЛАХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ. БИД ДЭЛХИЙГ ӨӨРЧЛӨХӨӨР АЖИЛЛАЖ БАЙНА гэсэн имэйл бичиж, ажлаас нь чөлөөлж байв.

Ялагдал, алдаа дутагдлыг үзэн яддаг. Маск өөрийгөө энэ тал дээр Самурайн сэтгэхүйтэй хэмээсэн тодорхойлсон ба алдаа гаргаж байхаар Харакири хийж амиа егүүтгэхийг илүүд үзнэ гэж хэлж байсан удаатай.

Түүний үгийн санд бууж өгөх гэдэг үг үл оршино. 2006-2008 онд SpaceX-с хөөргөсөн бүх пуужин дэлбэрч, дөрвөн ч хиймэл дагуулыг  мөргөн сүйрүүлжээ. Үүнээс үүдэн компани маш өндөр алдагдал хүлээж, дампуурлын ирмэгт очив. Гэсэн ч компани дампуурлаа зарлахаас ердөө хэдхэн цагийн өмнө Маск 1.6 тэрбумын хөрөнгө оруулагч олж чадсанаар нэг жилийн дараа дөрөв дэх оролдлогоороо Space Falcon пуужингаа амжилттай хөөргөж байв.

Өөрийгөө голж байсан удаа үгүй. Дөнгөж 18 настай өдөрт 20 ам.долларын цалин авдаг оюутан хүү сонин, сэтгүүл дээрээс уншиж мэдсэн, бизнесмэн, амжилттай яваа хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцохоор өдрийн хоолонд урьдаг байв.

Мөнгө хэзээ ч чухал биш. БИ ӨӨРИЙН БҮХ МӨНГӨӨ КОМПАНИУДДАА ЗОРИУЛААД, ЭХНЭРИЙНХЭЭ ЭЦЭГ ЭХИЙН ГРААШИД  АМЬДРАХАД Ч БЭЛЭН БАЙНА гэж найздаа өгүүлж байв.

Маскийн амжилтын нууцыг гурван зүйлд байсан хэмээн investopedia.com үзсэн бөгөөд тэдгээрийг товчоор өгүүлбэл:

1.  Хүсэл тэмүүллийн тодорхой мэдрэмжтэй. Буюу хийж бүтээх гэсэн хүсэл эрмэлзэл нь бизнесийн ухаантай нэгдэж чадсан явдал.

2. Өөрөө суралцах чадвар,  тасралтгүй эрэл хайгуулч шинж:  Мэдлэгийг заавал хэн нэг багшаар биш өөрөө олж авахыг илүүд үздэг байдал. Маск 8 нас хүрэх үедээ унших номгүй болж, Британика нэвтэрхий толийг бүтнээр цээжилсэн байв. 12 насандаа өөрийнхөө шаргуу оролдлогын үр дүнд анхны компьютерийн програмаа бичиж байсан . 2001 онд ч сансрын пуужин бүтээх үйл явцыг өөрөө уншиж, олж мэджээ.

3. Хэцүү явдалтай нүүр тулсан ч шантрахгүй байх чадвар: 14 настайдаа дэлхийг өөрчлөх гэсэн агуу зорилго тавьсан цагаасаа олон шалгаруулалттай нүүр тулсан ч алинд нь бууж өгөөгүй. 17 настай их сургуулийн шинэхэн оюутан байхдаа өдөрт ердөө нэг доллараар хэрэгцээгээ хангадаг байв. Тэрээр хэрвээ ердөө ийм хэмжээний мөнгөөр өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангаад сурчих юм бол бизнесээ ч мөн бага хэмжээний хөрөнгөөр амжилттай эргэлдүүлж чаддаг болоход суралцана хэмээн бэлтгэл хийдэг байсан нь яах араггүй түүний амжилтын гол нууцын нэг юм.

Түүнчлэн Маск эхний компаниуд нь үргэлж түүний ар нуруунд хутга зоодог буюу захирлын суудлаас нь буулгаж, хувьцааг нь булаахыг оролдож байсан тухай ам алдаж байв. Тухайлбал Paypal-д ажиллаж байх үедээ хуримаа хийсэн билээ. Гэтэл түүнийг бал сарын амралтаараа явж байх үед хувьцаа эзэмшигчид хуралдан захирлын суудлаас нь огцруулж байв. Энэ явдлыг Paypal компанийг eBay-д зарсан гол шалтгаануудын нэг ч гэж үзэх хүн бий.

Одоогоор түүний хамгийн гол зорилго бол 2031 он гэхэд хүн төрөлхтнийг Ангараг гарагт аваачих бөгөөд, өнгөрсөн 7-ны өдөр дэлхийн хамгийн хүчирхэг, сансрын хөлөг FACLON HEAVY -г задгай сансарт амжилттай хөөргөсөн билээ. Үнэхээр л өөрийн зорилго буюу  хүн төрөлхтний хөгжлийн тусын тулд тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд хэдэн ч удаа бүтэлгүйтсэн ч АНГАРАГ ГАРАГТ ХҮРЭХДЭЭ Л ХҮРЧ, ТЭНД ЯСАА ТАВИХ АНХНЫ ХҮН БОЛОХ БОЛНО. ГЭХДЭЭ МЭДЭЭЖ ОСЛООР БИШ гэж хэлж байв.

Түүний тухай олон зуун, өгүүлэл, нийтлэлүүд байдгаас хамгийн оносон өгүүлбэрийг Жефф Хамербак ОДОО ҮЕИЙН ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУД ХЭРЭГЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН, ДОНТУУЛАХ МАГАДЛАЛТАЙ, ХӨНГӨХӨН АПП ҮҮСГЭЖ, ХУРДХАН ШИГ IPO ХИЙН ХЯЛБАР МӨНГӨ ОЛОХЫГ ЧУХАЛЧИЛДАГ БОЛСОН. ХАРИН ЭЛОН МАСК ЭСРЭГЭЭРЭЭ САНСАР СУДЛАЛ, АВТОМАШИН, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРУУДАД ХУВЬСГАЛД ДҮЙХҮЙЦ НЭЭЛТИЙГ ХИЙЖ БАЙНА хэмээн Элон Маск номонд өгүүлжээ.

Маск сүүлийн жилүүдэд бий болж буй хиймэл оюун ухааны хурдацтай хөгжлийг аюулын харанга гэж харж буйгаа илэрхийлээд байгаа. Тэрээр хиймэл оюун ухаанаас үүдэн дэлхийн гуравдугаар дайн технологийн салбарт үүсэж болзошгүй тул, хүн төрөлхтнөөс илүү ухаантай машин зохион бүтээхдээ болгоомжтой хандахыг дэлхий нийтэд уриалсан юм.

Түүний ажиллах арга барил ба цагийн менежмент

Бизнесийнхээ эхэн үеэр Маск долоо хоног 80-100 хүртэлх цагийг ажиллаж өнгөрөөдөг, өдөрт ердөө 2-3 цаг л унтдаг байв. Харин 2015 онд өгсөн ярилцлагадаа  өдөрт 12.1 цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг. Шөнийн нэг цагаас өглөөний долоон цаг хүртэл өдөрт зургаан цагийг унтаж өнгөрүүлдэг. Энэ тухай УНТАЖ, ИДЭХ ХЭРЭГЦЭЭГ ҮГҮЙ БОЛГОВОЛ АЖЛЫН БҮТЭЭМЖ ХЭЧНЭЭН ДЭЭШЛЭХИЙГ ТААШГҮЙ, БОЛДОГ БОЛ ТЭР ЦАГТАА Ч АЖИЛЛАХ ЮМСАН хэмээн өгүүлж байжээ.

Түүний хэлсэн эшлэлүүдээс

Тэвчээр бол амжилтад хүрэхэд хэрэг болох хамгийн том зэвсэг. Хэн нэгэн чамд бууж өгөхийг тулгаагүй л цагт, хэзээ ч бууж өгч болохгүй.

Боловсролыг төгссөн сургуулиар нь бүү дүгнэ. Би Харвардын төгсөөгүй ч төгссөн хүмүүс нь надад ажилладаг.

Онцгой хэн нэгэн болох уу, энгийн уйтгартай нэгэн байх уу гэдгээ сонгох сонголт үргэлж байдаг.

Амьдрал өшөө хорсолд автан оршиход хэтэрхий богино.

Бүтэлгүйтэл бол тэр чигтээ боломж. Хэрвээ чи ямар нэг байдлаар бүтэлгүйтэхгүй байгаа бол чи юу ч бүтээгээгүй байна гэсэн үг.

Хэрвээ чи ямар нэгэн зүйл үнэхээр чухал гэж бодох л юм бол бүтэлгүйтэл дагуулах байсан ч хамаагүй заавал хий, оролдох хэрэгтэй.

Бусад хүмүүс долоо хоногт 40 цаг ажилладаг байх нь хамаагүй. Чи үүнийг нь 100 болгочих хэрэгтэй. Тэгж гэмээнэ бусдын бүтэн жил хийх ажлыг дөрөвхөн сарын дотор нугалах боломж бүрдэнэ.

Өглөө сэрэхдээ л энэ өдөр хамгийн сайхан, хамгийн бүтэмжтэй өдөр байх болно гэж бодох хэрэгтэй. Тэгж чадахгүй бол тийм байх ч үгүй.

Эх сурвалж:  Biography.com, Inc.com, investopedia.com, Forbes, iToim

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!