Дэлхийг өөрчилсөн эрхмүүд

Жиргээг үүсгэн байгуулагч Жак Дорсейгийн амжилтын түүх | Tech-News.mn

Жак Дорсей бага насандаа өөрийн сонссон, мэдсэн бүхнээ бусдад ярьж өгөх дуртай байсан нь үеийн хүүхдүүддээ яршигтай, үргэлж чалчиж байдаг нэгэн гэж гоочлогдож явахад хүргэжээ. Нэгэн сэтгэл зүйч түүний энэ байдлыг сэтгэцийн өөрчлөлт гэж оношилж, эмчилгээний арга хүртэл санал болгож байсан аж. Гэхдээ хожим бусдад гадуурхагдаж байсан тэр зан чанар нь түүнийг тэрбумтан болгосон юм. Твиттерийг үүсгэн байгуулагч Жак Дорсей өнөөдөр Билл Гейтс, Стив Жобс, Марк Цукерберг, Элон Маск нарын адил технологийн салбарын түүхэн дэх хамгийн агуу манлайлагчдын нэг болжээ.

Тиймээс цахим нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч Твиттер болон цахим төлбөр тооцооны “Square” гэх компаниудын үүсгэн байгуулагч Жак Дорсейг “Дэлхийг өөрчлөгч эрхмүүд” цувралдаа онцолж, таксины жолоочоос дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон сонирхолтой амжилтын түүхийг нь хуваалцаж байна.

Та хийх ёстой ажлаа дуусгаагүй бол юу ч хийгээгүй гэсэн үг Жак Дорсей

Англи, Ирланд болон Итали цустай Жак Патрик Дорсей нь 1976 оны арваннэгдүгээр сарын 19-нд АНУ-ын Миссури мужийн Сент-Луис хотод мэндэлжээ. Түүний аав нарийн дүн шинжилгээний технологи зохион бүтээгч нэгэн байжээ. Католик шашинтай гэр бүлд өссөн тэрээр шашны сургуулиудаар дунд, ахлах боловсрол эзэмшжээ. Түүний хүүхэд насны баатар нь Нью-Йорк хотын дарга асан Майкл Блүүмберг бөгөөд тэрээр тус хотын дарга болно гэж мөрөөддөг байжээ.

Гоц ухаантан Жак

Жак Дорсей 14 наснаасаа эхлэн компьютерын программ хангамжийг сонирхох болжээ. Тэрээр 15 насандаа тээврийн үйлчилгээний салбарын компаниудын зохион байгуулалтад тулгарч байсан жолооч нар бие биетэйгээ байнга холбоотой байх технологийн шаардлагыг олж харан мэдээлэл дамжуулах, диспетчерийн систем зохион бүтээсэн нь өнөөдөр ч гэсэн бүх такси компаниудад өргөн ашиглагдаж байна. Энэ үедээ Жак Дорсей “Mira Digital Publishing” гэх жижиг компанид дадлагажигч хийж байжээ.

Сонирхолтой нь тус компанийн захирал Жим Маккелви хожим Жак Дорсейтэй хамтран “Square”-ыг үүсгэн байгуулсан байдаг. Жим Маккелви түүний талаар “Тэр анх манай компанид дадлага хийж эхлэхдээ их жоохон хүүхэд байсан. Гэхдээ тэр анхнаасаа л намайг алмайруулж эхэлсэн. Тэгээд би үнэхээр онцгой тэр жаалыг гоц ухаантан Жак гэж дуудах болсон юм. Одоо ч гэсэн би түүнийг гайхалтай зүйл хийх үед нь ингэж дууддаг” гэжээ.

Ажилд орохын тулд ажил олгогч компаниа хакердаж байжээ 

Ингээд өөрийн сонирхлоо дагаж Миссуригийн Шинжлэх ухаан технологийн их сургуульд программ хангамжийн инженер мэргэжлээр элсэн суралцсан ч хоёр жил хагас сураад Нью-Йорк хотод нүүн очиж Нью-Йоркийн их сургуульд шилжин суралцах болжээ.

Тухайн үедээ Жак Дорсей Нью-Йорк хотын нэгэн том диспетчер компанид ажилд орохыг үнэхээр их хүсэж байжээ. Харамсалтай нь тус компанийн веб сайтад холбоо барих ямар ч мэдээлэл байгаагүй учир, хамгаалалтын цоорхойг нь илрүүлэн, түүгээр дамжин дотоод сүлжээнд нь нэвтэрч хүний нөөцийн ажилтнуудынх нь имейл хаягийг олж аваад хэрхэн дотоод сүлжээгээ аюулгүй, найдвартай болгох зааврыг холбоо барих дугаарын хамт илгээжээ. Ингээд нэг долоо хоногийн дараа тэрээр хүссэн ажилдаа уригдан оржээ.

Нью-Йорк хотод жил орчим амьдарсныхаа дараа Жак Дорсей яг төгсөх семестртээ, дипломоо гардаж авалгүй  Билл Гейтс, Стив Жобс, Марк Цукерберг нарын адил их сургуулиа хаяж Калифорни мужийн Цахиурын хөндийг зорьжээ. Ингээд 2000 онд Жак Дорсей анхны компаниа байгуулж, өөрийн диспетчерийн системээ веб сайтаар дамжуулж санал болгох болжээ.

Жиргээг зохион бүтээсэн нь

Компаниа байгуулаад удаагүй байхад нь түүнд нэгэн гайхалтай санаа орж ирсэн нь диспетчерийн системээ шууд текст мессежээр харьцах боломжтой цогц шийдэл болгох явдал байв. Ингээд тэрээр үүнийгээ ажил хэрэг болгохын тулд Цахиурын хөндий дэх “Odeo” гэх компанид ханджээ. Энэ талаар тус компанийн Гүйцэтгэх захирал асан Биз Стөүн “Жак анх бидэнд дээр ирээд. – Чи өөрийнхөө яг одоо хийж байгаа зүйлсийг текст ашиглан бусад хүмүүстэй шууд хуваалцаж чаддаг бол ямар вэ гэж хэлсэн. Тухайн үед би тоомжиргүй дүр эсгэж байсан ч дотроо бол хөөх янзтай, үнэхээр гайхалтай санаа байна гэж бодож байлаа” гэж ярьж байжээ.

Жак Дорсейн хэрэглэгчид 140 тэмдэгт ашиглаж хоорондоо санал бодлоо солилцох болно. Үүнийгээ “Tweet” буюу жиргээ гэж нэрлэнэ. Учир нь хүмүүс яг л өглөө бүр шувууны жиргээнээр өдрийн эхлэлийг мэдэрдэг шиг, манай сайтыг өглөө сэрмэгцээ шалгадаг болно гэж хэлсэн нь “Odeo”-ын удирдлагуудад хамтарч ажиллах гол шийдвэрээ гаргахад нь нөлөөлжээ. Ингээд Жак Дорсей, Биз Стөүн нар багтаа Эван Уиллиамыг нэгтгэж хожим “Twitter” гэж нэрээ өөрчилсөн “Obvious” компанийг байгуулж, Жак Дорсейг Гүйцэтгэх захирал болгожээ.

Залуус эрчимтэй ажилдаа орж Жак Дорсей эхний хоёр долоо хоногт энгийн загвартай веб сайт зохион бүтээж, www.twttr.com гэх домайн нэр авчээ. Учир нь тухайн үед тэдний өнөөгийн www.twitter.com хаягийг өөр хэн нэгэн эзэмшиж байжээ. Гэхдээ тэд веб сайтаа нээснээс зургаан сарын дараа үүнийг өөрсдийн болгож авсан байна.

Ингээд тэд твиттерийг алхам алхмаар хөгжүүлсээр 2006 оны долдугаар сарын 15-ны өглөөний 9 цаг 50 минутад Жак Дорсей анхны жиргээг “just setting up my twttr” гэж хийснээр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Нэг жилийн дараа гэхэд твиттерт өдөрт 20,000 жиргээ хийгддэг болсон байв.

Жиргээний эрин үе

Твиттерийн хэрэглэгчдийн тоо 2007 оны “SXSW” хөгжмийн фестивалийн үеэр огцом өссөн юм. Тэд тоглолтын тайз болон хурлын танхимын голд том дэлгэц байршуулан, уг фестивальд оролцож буй хүмүүсийн жиргээг шууд харуулж байсан нь уг арга хэмжээг маш эерэг уур амьсгалтай болгож байжээ. Үүний дараа өдөрт хийгддэг жиргээний тоо 60,000 болж өссөн байна. Мөн тус фестивалийг үзэж сонирхсон “NASA”-ын хэд хэдэн мэргэжилтэн албан мэдэгдлээ твиттер ашиглан хийж эхэлсэн нь хүмүүсийн сонирхлыг маш ихээр татаж эхэлсэн аж.

Энэ нөлөөлөл телевизийн салбарт хүрч, хэвлэл мэдээллийн байгууллагууд твиттер ашиглаж эхэлсэн байна. Төд удалгүй алдарт хөтлөгч Конан Обрейн өөрийн шоундаа хөгжилтэй, асуудал хөндсөн жиргээнүүдийг онцлох болсон аж.

Харин 2008 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч Барак Обама твиттерийг өөрийн сонгуулийн сурталчилгааны гол суваг болгон ашигласан нь бүх нийтийн хэрэглээ болох хамгийн том түлхэц болжээ. Үүний дараа 2009 оны Ираны сонгуулийн үеэр эрх баригчид улс даяарх бүх мессеж үйлчилгээ, гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслийг хориглосон бөгөөд сөрөг хүчний дэмжигчид твиттер ашиглан шуурхай мэдээг түгээж байсан нь өнөөгийн улс төр, нийгмийн зүтгэлтнүүдийн дунд түлхүү хэрэглэгдэх эхлэл болсон байна. Твиттер 2013 онд хөрөнгийн зах зээлд IPO гаргасан бөгөөд эхний өдрийн арилжааны нэг ширхэг хувьцааны үнэ 26 ам.доллараас эхэлж нэгхэн цагийн дотор Жак Дорсей болон бусад үүсгэн байгуулагчид бүгд тэрбумтан болжээ.

Жак Дорсей твиттерийг орхисон нь

Үүсгэн байгуулагч гэдэг бол ажил, албан тушаал биш. Энэ бол үүрэг хариуцлага, зөв хандлага юм Жак Дорсей

Тэрээр энэ хугацаанд твиттерийн төлөө бүхнээ зориулсаар ирсэн ч 2008 онд ТУЗ-ын шийдвэрээр Гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдөж байсан юм. Үүний шалтгаан одоо хэрнэ үл мэдэгдэх хэвээр байдаг.

Харин энэ үед твиттерийг авахаар идэвхтэй хөөцөлдөж байсан фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг ажилгүй болсон Жак Дорсейг компанидаа урьж, өндөр албан тушаал санал болгож байсан ч зөвшөөрөөгүй байна. Үүнийг твиттерийг сайн мэддэг хүнээр буюу өөрийг нь өөрөөр нь худалдан авахуулах Марк Цукербергийн төлөвлөгөө байсан гэдэг.

Жак Дорсей 2011 онд твиттерийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд буцаан авсан байдаг. Энэ явдал ч компанийн нууц хэвээр үлдсэн бөгөөд үүнийг IPO гаргахтай холбон тайлбарладаг. Учир нь хөрөнгө оруулагчид, санхүүгийн батлан даагчид үүсгэн байгуулагчаа шахаж гаргасан компанид итгэхийг хүсээгүй гэж үздэг.

Жак Дорсей санхүүгийн үйлчилгээний зах зээлд хувьсгал хийхийг зорив

Твиттер нь 2010 он гэхэд дэлхий дахинд 105 сая хэрэглэгчтэй болж өдөрт 55 сая жиргээ хийгдэх болсон байна. Энэ нь хүн төрөлхтний мэдээлэл солилцох байдалд хувьсгал хийсэн ч Жак Дорсей үүгээр хязгаарлагдахыг хүсээгүй юм. Энэ удаад тэрээр хүмүүсийн төлбөр төлөх аргад хувьсгал хийхээр шулуудаж цахим санхүүгийн үйлчилгээ эрхлэгч “Square” компанийг 15 настай байхад нь анх ажил олгосон Жим Маккелвитэй хамтран байгуулжээ. Тус компани нь ухаалаг гар утас, цахим нийгмийн сүлжээний платформуудыг тулгуурлан хэрэглэгчдэд цахим төлбөр тооцооны карт санал болгодог.

Түүний ухаалаг төлбөр тооцооны үйлчилгээ нь гол өрсөлдөгч болох зах зээлд нэгэнт байр сууриа олсон “PayPal”-аас хэд дахин хурдан өсөж байгаа бөгөөд 2016 оны байдлаар “Square app”-ыг гар утсандаа татаж авсан хэрэглэгчдийн тоо 128 хувиар өссөн байна. Мөн тус компани тун удахгүй IPO гаргахаар төлөвлөж байгаа аж.

Хувийн амьдрал

Жак Дорсей хүүхэд байхаасаа загвар өмсдөг бөгөөд өнөөдөр 42 настай ч гэр бүлтэй болж амжаагүй л явна. Бизнесийнхээ хажуугаар иогоор идэвхтэй хичээллэж, хувцас загвар салбарт орохоор зэхэх болжээ. Тэрээр Цахиурын хөндий дэх твиттерийн төв оффист өөрийн гэсэн тусдаа өрөө байтугай  ажлын ширээ ч  үгүй аж. Үүнийгээ ажилчидтайгаа илүү ойр байхын тулд гэж тайлбарладаг байна.

Мөн Жак Дорсей 2013 оноос боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг сонгож жил бүр нэг сая ам.доллар хандивлах болжээ.

Өнөөдрийн байдлаар твиттер нь 275 сая идэвхтэй хэрэглэгчтэй болсон бөгөөд тэд өдөрт ойролцоогоор 500 сая, жилд 200 тэрбум жиргээ хийдэг байна.

Бидний хийсэн бүхэн бол ердөө л харагдах байдал. Үүнээс илүү зүйлийг бүтээх нөөц бололцоо твиттерт бүрэн бий. Аливаа зүйлийн ашиг тус заавал нүдэнд ил байх албагүй Жак Дорсей

Эх сурвалж: People, What Success, CNBC    

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!