Дижитал стратеги

ИНБАУНД МАРКЕТИНГ БУЮУ ТАТАХ МАРКЕТИНГ ГЭЖ ЮУ ВЭ? | Tech-News.mn

Инбаунд маркетинг буюу татах маркетинг нь блог, подкаст, видео, цахим ном, мэдээллийн и-мэйл, хайлтын системийн оновчлол, сошиал медиа маркетинг болон контент маркетингийн бусад аргачлалуудыг ашиглан маркетинг хийснээр худалдан авалтын янз бүрийн үе шатандаа байгаа хэрэглэгчдийг татах аргачлал юм. Эсрэгээрээ радио, телевизийн сурталчилгаа, тараах материал, спам, телемаркетинг, шууд утасдах зэрэг уламжлалт зар сурталчилгаа нь аутбаунд маркетингт тооцогдоно. Уламжлалт маркетинг нь боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилготойгоор маркетингийн мессежийг хүргэдэг, маркетер төвтэй байдаг бол инбаунд маркетинг нь боломжит хэрэглэгчдэд хэрэгтэй, сонирхолтой контентыг бүтээх замаар вэб хуудас руугаа татдаг, хэрэглэгч төвтэй байдаг.

Дэвид Скотт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдан авахыг “уриалсан, гуйсан, гувшсан” төлбөртэй зар сурталчилгаанд суурилсан уламжлалт аутбаунд маркетингаас илүүтэйгээр блог, цахим ном, инфографик гэх мэт хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээллийг хүргэх замаар итгэлийг нь хүлээхийг зөвлөсөн байдаг. Инбаунд маркетинг хэмээх нэр томъёо нь Сэт Годины гаргасан зөвшөөрөх маркетингтай ижил утгатай. Инбаунд маркетинг хэмээх нэр томъёог HubSpot компанийг үндэслэн байгуулагч, гүйцэтгэх захирал Брайн Халлиган анх 2005 онд томъёолон гаргажээ. HubSpot компаний үзэж байгаагаар инбаунд маркетинг нь ялангуяа өндөр үнэ цэнийг хүргэдэг, худалдан авалтын өмнөх судалгааны цикл урттай, мэдлэг мэдээлэлд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээтэй бизнесүүдэд илүү үр дүнтэй аргачлал юм.

Инбаунд аргачлал

Инбаунд маркетинг нь боломжит хэрэглэгчдийг контентоор татах, сэжим болгон хувиргах, борлуулах, халамжлах гэсэн үндсэн дөрвөн үе шаттай. Эдгээр үе шатуудад чиглэсэн контент маркетинг хийснээр танихгүй хэрэглэгчийг өөрийн үнэнч хэрэглэгч болгоход чиглэдэг.

Инбаунд маркетингийн аргачлал

Боломжит хэрэглэгчдийг татах. Хэрэглэгчид танайх руу өөрсдөө ирж болно. Хэрэгтэй, сонирхолтой контент бүтээн зорилтот хэрэглэгчиддээ зөв цаг үед хүргэснээр тэдний анхаарлыг татаарай. Чухам хэн танай хамгийн төгс худалдан авагч болохыг мөн тулгардаг асуудлуудыг олж тодорхойлсноор тэдний чухам хайж буй үнэ цэнэтэй контентыг нь бүтээж болно. Өөрөөр хэлбэл тулгарч буй асуудлуудыг нь хөндсөн төдийгүй шийдлийг ойлгуулсан контент гэсэн үг. Хүмүүст хэрэгтэй сайн контент вэб хуудсанд органик хайлтын урсгал татдаг. Бизнесийн блог, сошиал медиа, и-мэйл зэрэг олон төрлийн сувгуудаар контентоо түгээснээр нь зорилтот хэрэглэгчдээ татна.

Сэжим бүртгэх. Боломжит хэрэглэгчид вэб хуудсанд хандалт хийх үед түүнд хэрэгтэй, сонирхолтой, үнэ цэнэтэй байж болох контентыг (цахим ном, сэтгүүл, видео хичээл, судалгаа, үнэ төлбөргүй зөвлөгөө, г.м.) татаж авахыг санал болгосноор сэжим болгон бүртгэнэ. Санал болгож буй контентын авахын тулд хэрэглэгч өөрийн нэр, и-мэйл хаяг гэх мэт мэдээллийг оруулснаар сэжим үүснэ.

Борлуулах. Худалдан авалтын судалгаанд хэрэгтэй контентыг хүргэх замаар сэжмийн арчилгаа хийснээр худалдан авалтын шийдвэр гаргахад бэлтгэн улмаар амжилттай борлуулалт хийснээр өөрийн хэрэглэгчээ болгоно. Орчин үед хэрэглэгчид эхлээд өөрийн хэрэгцээ шаардлагаа ойлгох, дараа нь шийдлүүдийг хайх, эцэст нь бүтээгдэхүүн үйлчилгээний сонголтуудыг судлаж үзээд шийдвэрийнхээ дийлэнх хувийг борлуулалтын ажилтан, худалдагчтай уулзахаас өмнө гаргадаг болсон. Энэхүү худалдан авалтын замналд хийх судалгаанд хэрэгтэй контентуудыг бүтээн хүргэж худалдан авалтын шийдвэр гаргахад нь бэлтгэхийг сэжмийн арчилгаа гэнэ.

Халамжлах. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай борлуулах дангаараа хангалтгүй. Судалгаагаар хуучин хэрэглэгчид шинэ хэрэглэгчдээс даруй 67%-аар илүү өндөр ахиуц ашгийг авчирдаг. Хэрэглэгчидтэйгээ байнгын харилцаа, холбоотой байж, бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэхэд бий болж туршлагад анхаарах, хэрэглэгчдийн санал сэтгэгдлийг нь сонсох, судлах, хэрэгтэй мэдээлэл, контентуудыг хүргэснээр дараа, дараагийн дахин худалдан авалтуудыг хийдэг төдийгүй бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай мэдээ, мэдээллийг найз нөхөддөө хүргэж, түгээж, зөвлөж байдаг брэнд эванжелистуудыг бий болгодог.

The Inbound Marketing Infographic for B2B Companies

Инбаунд маркетингийн автоматжуулалт

Орчин үед маркетингийн автоматжуулалтын програм хангамжууд зах зээл дээр олноор бий болж үүлэн тооцооллын технологийн дэвшлийн ач тусаар үнэ өртөг нь эрс буурч өргөн дэлгэр хэрэглэгдэх болсонтой инбаунд маркетингийн автоматжуулалтыг өргөн хэрэглэх болсон. Инбаунд маркетингийн автоматжуулалтын шийдлүүд нь контент менежмент систем, хайлтын системийн оновчлол, сошиал медиа маркетинг, сошиал мониторинг, онлайн зар сурталчилгаа, и-мэйл маркетинг, контакт менежмент систем, маркетингийн аналитик, сэжмийн арчилгаа, сэжмийн үнэлгээ зэрэг арга, хэрэгслүүдийг агуулсан байдаг.

Инбаунд маркетинг нь дижитал маркетингийн аргачлал тул хэрэглэгчдийн мэдээлэл, хийсэн үйлдэл, зан төлөв зэрэг их хэмжээний өгөгдөл бий болдог. Автоматжуулснаар эдгээр мэдээллийг цуглуулах, шинжлэх, дүгнэлт гаргах зэрэг боломжууд бий болно. Хэрэглэгчдийн эдгээр мэдээлэл нь тухайн хэрэглэгчид тохируулсан ухаалаг контентыг хүргэх, хэрэглэгчдийг сегментчлэх, зорилтот бүлгүүдийг үүсгэхэд ашиглагддаг. Мөн өгөгдөлд суурилсан сэжмийн үнэлгээ хийснээр нь чанартай борлуулалтын сэжмүүдийг цаг тухай нь автоматаар тодорхойлон борлуулалтын ажилтнуудад мэдээлэх боломжтой. Инбаунд маркетингийн автоматжуулалтын шийдлүүдийг харилцагчийн менежментийн шийдлүүдтэй интеграцчилснаар маркетинг, борлуулалт, харилцагчийн үйлчилгээний функцүүдийг харилцан уялдаа, эргэх холбоог хангах, маркетингийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг тооцох боломж нэмэгдэнэ.

Инбаунд маркетингийн автоматжуулалтын шийдлүүдээс HubSpot, Marketo, Eloqua, Act-on, Pardot хамгийн өргөн хэрэглэгдэж байна.

Эх сурвалж: nathouse.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!