МЭДЭЭ

БИЗНЕСТЭЭ ВЭБСАЙТ АШИГЛАХЫН ДАВУУ ТАЛУУД

Техник технологийн хурдацтай хөгжил нь бизнесийн илүү шинэ боломжуудыг нээсээр байна. Үүний нэг жишээ бол вэб сайт юм. Вэб сайт нь дижитал маркетингийн цөм бөгөөд вэб хуудсаараа байгууллага, бүтээгдэхүүн, үйлчилгээ гээд бүх мэдээллийг хамгийн бүрэн дүүрэн хэлбэрээр хүргэхээс гадна тухайн хүний болон байгууллагын нүүр царайг илтгэх томоохон хэрэгсэл болоод байна. Өнөө цагт хувь хүмүүс болон албан байгууллагууд бүгд интернет орчинд өөрийн мэдээ мэдээлэлээ оруулах, бизнесээ явуулах, худалдаа хийх гээд олон төрлийн зүйлсийг хийх боломжтой юм.

Та бизнес эрхэлдэг үү? Таньд вэб сайт байгаа юу?

Хүмүүс ихэвчлэн вэб сайтаас мэдээлэл хайх зорилготойгоор ордог. Та бизнесийн ертөнцөд хөл тавьсан л бол хэрэглэгч таны мэдээллээр байнга дутагдаж байдаг. Хэрэглэгчид таны мэдээллийг хангалттай олж авч чадаж байгаа болов уу? Үүнийг шийдэхийн тулд та хэрэглэгчиддээ бүрэн мэдээлэл авахуйц мэдээ, мэдээлэлтэй вэб сайт үүсгэн ажиллуулах хэрэгтэй. Та тэдэнд ямар агуулгатай мэдээлэл хүргэж чадахаас шалтгаалж, вэбсайтын төрөл болон хэмжээ нь өөр өөр байж болох юм.

Вэб сайттай байх нь таньд дараах боломжуудыг олгодог.

1.Хямд зардлаар ихийг хийх боломжтой

Зар сурталчилгаанд хөрөнгө оруулалт хийх нь зайлшгүй шаардлагатай боловч уламжлалт сурталчилгаа нь зардлын хувьд нилээн өндөр байна. Харин вэб сайттай болсноор та байгууллагынхаа зар сурталчилгааг зардал багатайгаар шийдэх болно. Маш олон төрлийн оффлайн зар сурталчилгаанууд интернэтэд байдаг бөгөөд заримыг нь үнэгүй ашиглах боломжтой байдаг.

2. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг

Вэб сайттай байх нь таны хэрэглэгчдэд илүү амар, хялбар байдаг. Хүмүүс машинаа асаан танай дэлгүүрт очиж бүтээгдэхүүн хайж байхаар таны вэб сайт руу орж бараа бүтээгдэхүүн үзэхдээ дуртай байдаг. Ингэснээр хэрэглэгч хаана ч байсан тантай холбогдох сэжим үүсч, танаас асуух асуултууд багасч, цаг хугацаа, зардал хэмнэгдэх нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх нэгэн хүчин зүйл болох юм.

3.Хэрэглэгчдийн хүрээг тэлэх боломж

Ихэнх бизнесүүд өөрсдийн хэрэглэгчидтэй болсон байдаг боловч тэднээс өөр боломжит худалдан авагч, хэрэглэгчид эргэн тойронд нь байдгийг бодолцоогүй байдаг. Вэб сайт нь хэрэглэгчийн хүрээгээ тэлэхэд тусалдаг бөгөөд дэлхий даяар таны бизнесийг вэб сайтаар түгээж байдаг. Вэб сайттай байна гэдэг нь таны бизнес дэлхий дахинд танигдах боломжийг олгох юм.

4. Хэрэглэгчид хэзээ ч, хаанаас ч хандах боломжтой байдаг

Вэб сайт нь өдөр ч, шөнө ч, хэн ч, хэзээ ч хаанаас ч хандах боломжтой. Танай вэб сайтаар зочилсон хүн танай дэлгүүрт очиж байгаа мэт байхаар бүтээх нь хэрэглэгчдэд хялбар байдаг. Та бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаархи мэдээллийг өөрийн сайтдаа байршуулахдаа хэрэглэгчдэд харахад хялбар, түүний сонирхолыг татахуйцаар байршуулах нь таньд олон олон давуу талуудыг олгох болно.

5.Мэдээлэлээ хялбар шинэчилж, хянах боломжтой

Хэрвээ та вэб сайт эзэмшиж л байгаа бол вэбийнхээ үйл ажиллагааг шалгаж, хариу өгч байх ёстой. Таны вэб сайтад хэдэн хүн, хэзээ, хэрхэн зочилсон, хэн хэн зурвас болон мэйл тань руу илгээсэн гэх мэт мэдээллүүдийг байнга хянах хэрэгтэй. Та вэбийнхээ хуудас бүрээр хандалтын мэлээллүүдийг харж, анализ хийх боломжтой. Түүгээр зогсохгүй хүссэн үедээ вэб сайтдаа шинэчлэл өөрчлөлтийг хийж болно.

6. Бусад бизнесүүдтэй холбогдон, харилцаа үүсгэх боломж

Холбоосууд нь интернэт маркетингийн хувьд маш чухал байдаг. Таны вэб сайтыг бусад газрууд өөрийн сайттай холбох тусам танай компанийн болон бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл илүү олон хүнд харагдах болно. Таны вэб сайтын агуулга болон холбогдох мэдээллүүд нь бүтээгдэхүүн, үйлчилгээтэйгээ илүү уялдсан байвал олон хүн, байгууллагууд өөрсдийн вэб ба блогтойгоо холбодог. Энэ нь таны вэб сайтыг илүү үнэ цэнэтэй гэж танигдуулдаг.

7. Хэрэглэгчтэй шууд харилцах боломжуудыг олгоно

Вэб сайттай байх нь таныг хэрэглэгчидтэй тань илүү ойртуулж сайн харилцааг үүсгэдэг. Та бүртгэгдсэн хэрэглэгчиддээ шууд зурвас илгээх, хэрэглэгчид танай бүтээгдэхүүн үйлчилгээний талаар өөрсдийн санал сэтгэгдэлээ үлдээх болон цахим шуудангаар илгээдэг. Энэхүү боломж нь хэрэглэгчидтэйгээ маш сайн харилцааг үүсгэн бүтээж, түүнд өөрийн бизнесийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг зурвас болон цахим шуудангаар шууд хүргэх боломжтой.

8. Таны бизнесийн борлуулалтын хэмжээг нэмэгдүүлнэ

Олон хэрэглэгчидтэй болж, борлуулалтаа нэмэгдүүлэх нь таны бизнест хэрэгтэй. Үүнийг хийхэд вэб сайт таньд туслах болно. Та вэб сайтыхаа агуулга, сурталчилгаа, шинэчлэлийг тогтмол байнга хийснээр хэрэглэгчдийг вэб сайт руугаа улам олноор нь хөтөлж авчирна. Бүтээгдэхүүн, үйлчилгээтэйгээ хамааралтай олон мэдээ, мэдээлэл бүхий вэб сайттай байснаар таны борлуулалтын боломж илүү нэмэгдэнэ.

9. Найдвартай байдлын баталгаа болж өгдөг

Вэб сайттай байх нь хэрэглэгчдийн хувьд найдвартай байдлын баталгаа болж өгдөг. Та хэрэглэгчиддээ тэд яагаад танд итгэж болох талаар өөрийн вэб сайтаараа дамжуулан илэрхийлэх боломжтой. Энэ нь таны бүтээгдэхүүн, үйлчилгээнд эерэг хариу үйлдлийг үзүүлэх болно. Түүнчлэн вэбсайт нь хөрөнгө оруулагчдад таны бизнесийн тухай, ирээдүйд тантай юу хийж болох тухай болон таны хэрхэн тогтвортой ажилладаг талаар мэдээллэж байдаг.

10. Урт хугацааны үйлчлүүлэгчтэй болж, бизнесээ өргөжүүлэх боломжийг олгодог.

Та үйлчлүүлэгч хэрэглэгч 2-ын ялгааг юу гэж боддог вэ? Хэрэглэгч нь тань дээр ирээд ямар нэгэн зүйл худалдаж аваад явчихдаг. Харин үйлчлүүлэгч бол таны байнгын хэрэглэгч, тэд танай бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдаж аваад өдөр тутам тогтмол үйлчлүүлдэг. Та вэб сайттай болсоноор илүү олон үйлчлүүлэгчтэй болж бизнесээ өргөжүүлэх боломжийг нээж чадна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!