Бүтээгдэхүүн & Үйлчилгээ

Угаалгын машиныг хэрхэн сонгох вэ

Угаалгын машин гэдэг гайхалтай бүтээгдэхүүн зохион бүтээгдсэнээс хойш эмэгтэйчүүд бидний ажил ихээхэн хөнгөрч, илүү их цагийг өөртөө болон өөрийн хайртай хүмүүстээ зориулах боломжтой болсон. Тэгвэл угаалгын машин авахаар зэхэж буй бүсгүй танд угаалгын машин сонгохдоо юунд анхаарал хандуулах ёстой талаар зөвлөгөөг хүргэж байна.

Хэлбэр, хэмжээ

Мэдээж угаалгын машин сонгохдоо та ямар хэлбэртэй, хаанаа хаалгатай, хэр өргөн нарийн гээд хэмжээгээ сонгох хэрэгтэй. Хаана байрлуулахаас шалтгаалан та урдаасаа онгойдог, дээрээс онгойдог гэсэн 2 төрлийн хаалгатай угаалгын машинаас сонголтоо хийнэ.

Угаах хэмжээ

Мэдээж дараагийн сонголтонд тань нөлөөлөх үзүүлэлт бол угаах багтаамж. Угаалгын машинууд дээр ихэвчлэн 1 тоо тавигдсан байдаг. (6кг гэх мэт). Энэ нь үндсэн программ дээр хөвөн даавуун материалыг угаах угаалтын хуурай жингээр тооцсон хамгийн дээд хэмжээ юм. Харин бусад программ дээр бага байдаг. Жишээлбэл: 6 кг угаах хүчин чадалтай угаалгын машины богино угаалтын программ 3 кг, нийлэг эдлэл угаах программ 2,5 кг, торгомсог материал угаах программ нь 2 кг, ноос ноолуур угаах программ 1,5 кг угаах хүчин чадалтай ихэвчлэн байдаг ч загвараас хамааран эдгээр тоо өөр байж болно. Тиймээс та бүхэн өөрийн хэрэгцээнд тохирсон угаах багтаамжтай угаалгын машиныг сонгоорой.

Хэмнэлт

Угаалгын машиныг сонгохдоо ус болон цахилгааны хэмнэлтийн зэрэглэлд зайлшгүй анхаарлаа хандуулах хэрэгтэй. Сүүлийн үед үйлдвэрлэгчид хэмнэлтээрээ өрсөлддөг болсон. Одоо бараг B зэрэглэлийн цахилгааны хэмнэлттэй угаалгын машинтай та таарахгүй байх. Өмнө нь А зэрэглэл нь хамгийн хэмнэлттэй байдаг байсан бол одоо А+, А++, А+++ гэсэн зэрэглэлүүд гарч иржээ. А+ нь А зэрэглэлийн хэмнэлттэй угаалгын машинаас 10% илүү хэмнэнэ, харин А++ нь (20-30%), А+++ нь 50% илүү хэмнэдэг байх нь ээ. Мөн сүүлийн үеийн ихэнхи угаалгын машинууд, ялангуяа Европ брэндийн угаалгын машинууд ухаалаг усны системтэй болсон. Энэ нь тухайн үед угаагдаж буй хувцасны жинг тооцоолон ямар программ ашиглаж байгаагаас үл хамааран зөвхөн хүрдэнд буй хувцсанд тохирсон хэмжээний усыг татаж авч угаадаг болсон. Энэ нь усаа хэмнэхэд маш чухал юм. Тиймээс эдгээр тэмдэглэгээнд та анхаарлаа зайлшгүй хандуулаарай.

Онцгой систем

Угаалгын машин бүр өөр өөрийн гэсэн онцлог тохиргоотой болсон. Жишээлбэл: Panasonic брэндийн угаалгын машин Econavi, Hotpoint-ийн угаалгын машинууд Direct Injection, Electrolux-ийн угаалгын машинууд Steamcare гэх мэт өөр өөрийн гэсэн онцлогтой. Эдгээр онцлогуудаар угаалгын машины хүчин чадал ч юм уу багтаамж зэргийг илэрхийлэхгүй, харин угаагдаж буй хувцасны материал, хиртэлтийн зэрэг, нян устгалт, өнгө сэргээлт гэх мэт онцлог бөгөөд бусдаас давуу технологийн дэвшлүүд нь юм. Тиймээс та өөрийн сонгосон брэндийн онцлог системд бас анхаарлаа хандуулаарай.

Ноос, ноолууран эдлэл угаах горим

Ихэнхи угаалгын машинууд ижилхэн үндсэн хэд хэдэн угаах горимтой байдаг. Харин ноос, ноолууран бүтээгдэхүүн угаах горимтой угаалгын машинд сертификат олгодог болсон байгаа. Өөрөөр хэлбэл энэ программ нь хамгийн хэцүү программын тоонд зүй ёсоор ордог бөгөөд манай Монголчуудад хамгийн хэрэгтэй горимуудын нэг яах аргагүй мөн билээ. Ноос, ноолууран бүтээгдэхүүн угаах сертификаттай угаалгын машинууд ийм тэмдэглэгээтэй байдаг. Монголд худалдаалагдаж буй угаалгын машинуудаас Шведийн Electrolux брэндийн угаалгын машинууд woolmark тэмдэглэгээтэй байгааг дашрамд дурдъя.

Сэгсрэх хүчин чадал

Сүүлийн үед хамгийн хүчтэй сэгсрэлттэй угаалгын машинууд нь 1 минутанд 1400-1600 эргэдэг. Гэхдээ ийм өндөр хүчин чадал бүхий угаалгын машин манай орны хувьд хэрэггүй. Харин чийглэг уур амьсгалтай оронд угаалтынхаа дараа хатаагч ашигладаг. Манайд бол сэгсрэх хүчин чадал 1000-1200 эргэлтийн хурдтай байхад хангалттай.

Эх Сурвалж: bsb.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!