Бүтээгдэхүүн & Үйлчилгээ

LED, LCD болон Plasma телевизорын ялгааг мэдээд аваарай

Та шинэ телевизор худалдан авах гэж байна уу? LCD, LED болон Plasma телевизороос алийг нь сонгохоо сайн мэдэхгүй эргэлзэж байна уу? Тэгвэл та доорхи нийтлэлийг уншаад, ямар телевизор авахаа шийдээрэй.

LCD, LED болон Plasma гэж юу вэ?

Хамгийн түрүүнд орж ирэх бодол бол энэ гурван телевизорын ялгаа нь юу юм бэ? гэх асуулт.

LCD нь Liquid Crystal Display буюу шингэн кристал дэлгэц хэмээх үгсийн товчлол. LCD телевизор нь электрон гүйдэл ирэхэд идэвждэг, маш нимгэн хоёр хавтангийн дунд шингэн кристалыг агуулж байдаг. Шингэн кристал нь тус бүрдээ жижиг цэгүүдээс бүрддэг.

Жирийн LCD телевизор нь арын гэрэлтүүлэгтээ CCFL гэрлийг ашигладаг бол LED телевизор нь ижил шингэн кристал хавтан дээр ажиллах боловч гэрэл ялгаруулагч диод (LED)-ийг ашигладаг. LED нь телевизорын хамгийн сүүлийн үеийн технологи боловч 60-аад оны үеэс энэхүү технологийг гэрлийн шил, утасны дэлгэцэн дээр гарах гэрэл зэрэгт хэрэглэдэг байсан юм. Энгийнээр тайлбарлавал, хэдэн зуун жижиг LED нь LCD дэлгэцэн дээрхи дүрсийг араас нь эсвэл хажуугаас нь гэрэлтүүлдэг.

Харин Plasma телевизор нь огт өөр зарчмаар ажилладаг. Plasma телевизор нь бие даасан плазма цэгүүдээс бүрдэх ба эдгээр цэг нь хүчдэл дамжуулагдахад идэвхждэг.
Plasma болон LCD нь хоёр өөр технологи бол LCD болон LED-ийн ялгаа нь зөвхөн тэдний ашиглаж буй арын гэрэл байдаг.

LED (Light emitting diode) телевизор

LED гэдэг нь дэлгэцэнд тодорхой хүчдэл ирэхэд гэрэл ялгаруулдаг электрон нэгж болох гэрэл ялгаруулагч диод (Light emitting diode) гэсэн утгыг илтгэдэг.
Гэрэл ялгаруулагч диодыг ашиглаж буй телевизорыг LED ТВ хэмээн нэрлэх ба телевизорын дэлгэц нь LCD, телевизорын арын гэрэлтүүлэг нь LED юм.
Одоогоор зарим телевизорын моделиуд нь CCFL (Cold Cathode Fluorescent Lamps)-ийг ашиглаж байгаа боловч арын гэрэлтүүлэгт LED-ийг ашиглах нь хамгийн оновчтой хувилбар юм.

Давуу тал:
– Дүрсийн өндөр чанар.
– Бусад телевизороос илүү нимгэн.
– Цахилгаан зарцуулалт харьцангуй бага.
– LCD телевизорыг бодвол аль ч өнцгөөс, хаанаас ч үзэхэд тохиромжтой.
– Ашиглагдах хугацаа урт.

Сул тал:
– Харьцангуй үнэтэй.
– Нимгэн учир, дууны чанар алдагддаг.

LCD (Liquid Crystal Display) телевизор

LCD телевизор нь компьютерийн дэлгэц, гар утасны дэлгэц болон зарим тохиолдолд камерийн дэлгэцэнд хэрэглэгддэг шингэн кристал дэлгэцтэй байдаг.
LCD дэлгэц нь анх компьютерийн дэлгэцэнд зориулагдан бүтээгдсэн ба одоо LCD телевизорын технологийн ачаар, телевизороо ашиглан тоглоом тоглох нь илүү тохиромжтой болжээ.
Маш нимгэн, туйлжсан хоёр хавтгай хавтан нь дундаа шингэн кристалыг агуулах ба шингэн кристал нь тус бүрдээ жижиг цэгүүдээс бүрдэнэ. Хэвтээ, босоо тэнхлэгийн дагуу байрлах утаснууд нь цэг бүрд хүрч нөлөөлөх ба тухайн LCD цэг харлахад 90 градусаар туйлждаг. LCD дэлгэц нь өөрөө гэрлийг үүсгэдэггүй боловч дэлгэцэн дээр дүрсийг гаргахын тулд арын гэрлийн эх үүсвэрээс шүүлт эсвэл хасалт хийдэг.

Давуу тал:
– Боломжийн үнэ.
– LCD телевизорын хэмжээ нь компьюрийн дэлгэцнээс эхлээд 60 инчийн том дэлгэц хүртэл олон төрлийн сонголттой.
– Дүрсийн чанар сайн.
– Хөнгөн жинтэй.
– Дүрсийг харуулах өнцөг нь 175 градус ба энэ нь та бараг эгц хажуугаас нь үзэх боломжтой гэсэн үг юм.

Сул тал:
– Хажуу талаас нь үзэх боломжтой хэдий ч, өндөрт байрлуулж үзэхэд тохиромжгүй байдаг.
– Дундаж ашиглагдах хугацаа нь 60,000-80,000 цаг.
– Удаан хариу үйлдэл үзүүлдэг буюу дэлгэцэн дээрхи дүрс солигдохдоо хугацаа их зарцуулж, хурдтай дүрс үзүүлэхэд, дүрс бүрэлзэх тохиолдол гардаг.
– Дүрсийн чанар сайн хэдий ч, хар саарал зэрэг өнгүүд хангалттай тод байж чаддаггүй.

Plasma телевизор

2 нимгэн шилэн хавтангийн дунд байх плазма нь фосфор гэрлийг ялгаруулж, түүгээрээ дамжуулан дүрслэл бий болгох зарчмаар ажилладаг.

Давуу тал:
– Том хэмжээний дэлгэцийн сонголт олонтой.
– Plasma телевизорыг аль ч өнцгөөс үзэх боломжтой ба өнцөг нь 160-180 градус байдаг. Энэ нь та яг хажуу талаас нь үзэх боломжтой гэсэн үг юм. Мөн өндөрт байрлуулан үзэхэд тохиромжтой байдаг.
– Өнгөний ялгарал нь маш сайн бөгөөд энэхүү дэлгэц нь хэдэн тэрбум өнгийг гаргаж чаддаг. Бичлэгийн чанар, дүрсийг бодит мэт гаргадаг ба пикселийн хурдтай ажиллагаа нь танд илүү тод дүрслэлийг үзүүлж, амьд шоу тоглолт болоод спортын уралдаан тэмцээн үзэхэд таатай нөхцлийг үүсгэдэг.
– Дэлгэцийн нягтрал нь 5000:1 байдаг.

Сул тал:
– Дундаж Plasma телевизор нь 60,000-80,000 цаг ашиглагдах хугацаатай ба хамгийн тод өнгө дээрээ байнга ажиллавал энэ хугацаа хоёр дахин багасдаг байна .
– Цахилгаан зарцуулалт их.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!