Бизнес загвар

Байгууллагын соёлыг бүтээхүй

Байгууллагын соёлыг гурван түвшинд авч үзэж болно.

Нэгдүгээр түвшинд, байгууллагын соёлыг авч үзэхдээ түүний билэг тэмдэг, уламжлалууд, түүхүүд болон байгууллагын бусад үйл ажиллагаануудаар хардаг.

Харин хоёрдугаар түвшинд, ажилтнууд хэрхэн бодож сэтгэж байна, хэрхэн биеэ авч явж байна, дотооддоо тодорхойлсон шалгуур дээр үндэслэн, ажлын байран дээрээ ямар мэдрэмжтэй байна гэдгийг харж болдог. Байгууллагын соёл нь түүний үнэт зүйлс, хэм хэмжээ, бичигдээгүй дүрэм журмууд болон түүнд хандаж байгаа ажилтнуудын сэтгэл хөдлөлүүд, цаашлаад компанид ажил хэрхэн явагддаг зэргээр харагдаж байдаг. Байгууллагын соёлыг ихэвчлэн дээрх нэг ба хоёрдугаар түвшинд л авч үзэх нь элбэг. Тэгвэл үүнээс ч илүү гүнзгий түвшинд байгууллагын соёлыг тодорхойлох гурав дахь түвшин гэж байдаг.

Гуравдугаар түвшинд, байгууллагын соёлыг түүний үйлчлүүлэгчид, харилцагчид нь ямар байдлаар харж байгаагаар тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, байгууллагын соёл нь гадна талаасаа үйлчлүүлэгчдийн нүдээр ямар харагдаж, хэрхэн мэдрэгдэж байгаагаар тодорхойлно гэсэн үг юм.

Тухайлбал, Amazon компани худалдан авалт хийх үйл явцыг гайхалтай энгийн, хурдан байлгаж чаддаг гэдгийг үйлчлүүлэгчиддээ харуулахыг зорьдог.

Харин Apple –ийн хувьд өөрийн ер бусын загвар, энгийн байдлаараа ялгарахыг хүсдэг.

Marriot зочид буудал гайхалтай үйлчилгээгээр, Google нь инновацилаг байдлаараа компанийхаа соёлыг гадна байгаа хүмүүст мэдрүүлэхийг хүсдэг. Тэгвэл компанийн энэ л зорилгыг түүний ажилтнууд дотор талдаа мэдэрч, улмаар компанид ажиллахдаа хэрхэн бодох ёстой, хэрхэн биеэ авч явах ёстой, юу мэдрэх ёстойгоо ойлгодог.

Тиймээс үнэхээр гайхалтай байгууллагын соёлыг бүтээхийн тулд компани зөвхөн нэгдүгээр түвшний элементүүдийг бий болгох нь хангалтгүй, тэр ч бүү хэл дотоод дүрэм журмууд дээр үндэслэн ажилтнууд хэрхэн мэдэрч, бодож, үйлдэх нь ч хангалтгүй, харин компани үйлчлүүлэгчиддээ өгсөн амлалтуудтай нь нийцсэн тийм зүйлсийг өөрийнх нь ажилтнууд мэдэрч, бодож, үйлдэх нь л хамгийн чухал байдаг байна. Өөрөөр хэлбэл, гадна талаас дотогш чиглэсэн бодлоготой байснаар байгууллагын соёл төгөлдөршиж чадна.

Тэгвэл үүнийг хэрхэн хийх вэ?

Алхам 1: Танай компанид тохирох зөв соёлыг тодорхойл.

Удирдах ажилтнууд компанидаа тохирох хамгийн зөв соёлыг олж, тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд, “Бид компанийхаа хамгийн үнэ цэнэтэй үйлчлүүлэгчиддээ юугаараа алдартай, танил байхыг хүсэж байна вэ?” Энэ асуулт нь дотоод үнэт зүйлс, зан төлөв дээр анхаарахаас илүү гадна байгаа үйлчлүүлэгчдэд өгөх амлалтууд, тодорхойлолт дээр анхаарч байгаа юм. Компанийн зорьж байгаа байгууллагын соёл нь гадна байгаа үйлчлүүлэгчдэд ч, дотор байгаа ажилтнуудад ч ижил ойлголтыг өгөх нь чухал.

Алхам 2: Үйлчлүүлэгч дээр төвлөрсөн зорилтоо ажилтнуудын зан төлөвт нь суулгаж өгөх.

Хүчтэй байгууллагын соёл нь ажилтнуудын үйлдлүүдийг чиглүүлж өгч байдаг. Энэ нь ажилтнуудыг брэндийн нэр хүндийг үйлчлүүлэгчдэд илүү үнэ цэнэтэй болгоход нөлөөлөх үйлдлийг хийж, бодож сэтгэхэд чиглүүлдэг. Соёл нь зарчмуудыг тодорхойлдог бөгөөд ажилтнуудад тухайн зарчмуудад нийцүүлэн хэрхэн биеэ авч явахыг зааж өгч байдаг.

Жишээ нь Amazon компани үйлчлүүлэгч дээр төвлөрсөн инновацийн соёл дээр анхаарч байгаа гэдгийг одоогийн ажилтнууд болон ирээдүйд тухайн компанийн ажилтан болох хүмүүст дараах байдлаар ойлгуулж, мессеж өгдөг. Тэд өөрийн веб хуудсанд дараахыг байршуулсан байдаг. “Хэрэв та бүтээх, шинээр нээх, эсвэл төгс гүйцэтгэлтэй багийн нэг хэсэг болохыг хүсдэг бол, танд манай компани гарцаагүй таалагдана”. Энэ мэдэгдэл нь ажилтнуудад тэдний үйлчлүүлэгчид нь Amazon компаниас юу хүсэн хүлээдгийг маш сайн ойлгуулдаг.

Алхам 3: Зөв бүтэц, үйл явцыг бий болго

Байгууллагын удирдлага хүсэж байгаа соёлыг цогцлоохын тулд ажилтнуудад зөв зан төлвийг бий болгох процесс, стандарт, бүтцийг бий болгох шаардлагатай. Эдгээр зүйлсэд ажилтан сонгон шалгаруулах бодлого, сургалт хөгжил, албан тушаал ахих, шагнал урамшуулал, ажлын гүйцэтгэлийг хэмжих, байгууллагын бүтэц, ажлын хэв маяг, мэдээллийн удирдлага, манлайллын хөгжил гээд бүгд багтана. Эдгээр элементүүдээр дамжуулан ажилтнуудынхаа үйлдлийг үйлчлүүлэгчдийнхээ хүлээлттэй нийцүүлэхэд хөшүүрэг болгон ашиглах боломжтой.

Эх Сурвалж: CustomerKingConsulting

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!