Интернет

HUB болон SWITCH гэж юу вэ?

Байгууллага болон гэрийн дотоод сүлжээг бий болгохын тулд компьютеруудыг холбох тусгай төхөөрөмж хэрэгтэй болдог. Эдгээр төхөөрөмж нь байгууллагын хувьд олон оролттой SWITCH болдог бөгөөд харин гэрийн сүлжээнд ихэнхдээ WI-FI ROUTER байдаг. 

Өнөөдөр компьютерын сүлжээний хамгийн чухал төхөөрөмжүүдийн нэг болох SWITCH-ын талаар сонирхоё. Харин SWITCH-ын талаар үзэхээс өмнө бид SWITCH-ээс өмнө ашиглаж байсан HUB-ын талаар мөн хэрхэн ажилладаг зарчмын талаар мэдэх хэрэгтэй юм.
SWITCH болон HUB нь адил үүрэгтэй бөгөөд энэ нь олон компьютерыг хооронд холбох юм. Гэвч энэ хоёр төхөөрөмж хоорондоо маш том ялгаатай юм. Энэхүү ялгаа нь гаднах харагдах байдалдаа биш харин ажиллах зарчимдаа байдаг юм. Гаднаас харахад олон хоёулаа олон сүлжээнй кабель орох оролттой төхөөрөмж л харагддаг.
Сүлжээний протокол нь TCP/IP гэсэн протокол байдаг хэдий ч олон шатлалтай энэхүү протоколыг ойлгоход Олон Улсын Стандартчилалын Байгууллагын (ISO – International Organization for Standardization) гаргасан OSI – Open System Interconnection-ын загварыг үзвэл илүү тохиромжтой юм.
OSI загвар нь 7 шатлалтай бөгөөд эдгээр нь доороосоо дээшээ Physical, Data Link, Network, Transport, Session, Presentation, Application гэсэн дараалал бүхий шатлал юм. Энэхүү загвар нь сүлжээнд холбогдсон компьютеруудын бие биедээ илгээж байгаа өгөгдөл болон мэдээллүүд хэрхэн дамжих ёстойг заадаг байна.
HUB нь энэхүү загварын эхний буюу физик (physical) түвшинд ажилладаг бол харин SWITCH нь Data Link түвшинд ажилладаг байна. 
Физик түвшинд ажиллана гэдэг нь хамгийн доод түвшинд ажиллана гэсэн үг бөгөөд HUB нь ирсэн мэдээлэл дээр ямар нэгэн боловсруулалт хийдэггүй байна. Үүнийг маш энгийнээр ойлгох боломжтой юм. Сүлжээнд 20 компьютер байжээ. Тэгтэл тэр дундаас А компьютер Б компьютерт мэдээлэл дамжуулах хэрэгтэй болсон гэж бодъё. Тэгэхийн тулд А компьютер мэдээллээ HUB-аар дамжуулах шаардлагатай болох бөгөөд А-гийн явуулсан мэдээлэл HUB дээр ирнэ. Харин HUB ирсэн мэдээллийг Б компьютерт дамжуулах үүргийг авах бөгөөд хэдий ч HUB нь Б хаана байгаа талаар мэдэхгүй.
Тиймээс А-гаас ирсэн мэдээллийг А-гаас бусад бүх холбогдсон компьютеруудруу цацдаг байна. Харин Б-гээс бусад компьютерууд ирсэн мэдээллийг аваад өөрт нь ирээгүй гэдгийг тодорхойлж хаядаг байна. Тиймээс ч HUB нь өөрийн оролтууд дээр холбогдсон компьютеруудыг ялгах чадваргүй юм. Энэ нь сүлжээний ачааллыг маш өндөр болгодог байна. Учир нь тодорхой хугацаанд нэг л компьютер бүхэл сүлжээг ашиглах шаардлагатай болдог байна. Үүнээс гадна бас нэгэн асуудал гаргах бөгөөд энэ нь мөргөлдөөн юм. Хоёр компьютер зэрэг мэдээллээ дамжуулахад HUB хоёуланг нь зэрэг бусад бүх холбогдсон компьютеруудруу мэдээллийг цацах болдог байна.
Тиймээс ийм мөргөлдөөн болоход мэдээлэл дамжуулж байгаа талууд дурын хугацаагаар хүлээдэг бөгөөд үүний дараа сүлжээг хэн нэгэн нь ашиглаж байна уу үгүй юу гэж шалгадаг байна. Хэрвээ ашиглагдахгүй байгаа бол мэдээллээ дахин дамжуулдаг байна. Энэ нь жижиг хэмжээний сүлжээнд нөлөөлөх нь бага хэдий ч сүлжээ томрох тусам үр ашигтай ажиллах байдал улам буурч мөргөлдөөн улам олон тохиолдож дамжуулж буй мэдээллээ дахин дахин дамжуулах шаардлагатай болдог байна.
Харин SWITCH гарч ирснээр эдгээр асуудлуудыг шийдэх чадвартай болсон байна. Одоогийн байгууллагуудын дотоод сүлжээ бүгд SWITCH-тэй байдаг ба SWITCH нь Data Link шатлал дээр ажилладаг сүлжээний төхөөрөмж юм. Энэ нь HUB-аас нэг түвшин дээр гэсэн үг юм. HUB ирсэн мэдээллийг шууд бусад бүх гаралтуудруугаа цацдаг байсан бол SWITCH нь илүү ухаалаг ажилладаг юм. SWITCH дотроо мэдээлэл боловсруулах чадвартай байдаг байна. Энэ мэдээлэл нь MAC хаяг юм. MAC хаяг нь сүлжээний карт бүр дээр өөр өөр байдаг хаяг бөгөөд үйлдвэрээсээ гарахдаа энэ хаягтай гардаг бөгөөд хоорондоо давхцадаггүй байна.
Тиймээс ч MAC хаяг нь Data Link шатлалын хаяглал юм. MAC-ын тусламжтайгаар HUB дээр үүсч байсан асуудлыг хэрхэн шийдэж байгааг бас нэгэн энгийн жишээгээр тайлбарлая. Өмнө байсан 20 компьютертай сүлжээний HUB-ыг SWITCH-ээр сольжээ. Сүлжээнд ямар ч мэдээлэл дамжаагүй тэр үед SWITCH-д ямар ч мэдээлэл байхгүй байх болно. Гэтэл А компьютер В компьютер луу мэдээлэл дамжуулах хэрэгтэй болсон байна. Энэ үед А-гаас SWITCH-руу мэдээлэл нь ирэх бөгөөд энэ үед SWITCH нь MAC хаягийн хүснэгтээ бөглөж эхлэх болно. Тиймээс ч А компьютерын MAC хаяг нь жишээ нь 00-00-11-22-33-44 бөгөөд тэд дэх оролт дээр байна гэсэн мэдээллийг тэмдэглэх болно. Ингээд түүний хаягийн тэмдэглэлд А-гийн байрлал орно. Гэвч SWITCH В-гийн байрлалыг одоогийн байдлаар мэдэхгүй бөгөөд нэгэн бодлын В гэдэг компьютер байна уу? гэсэн мэдээллийг А-гаас бусад бүх компьютер луу дамжуулах бөгөөд В энэ мэдээллийг аваад SWITCH-руу өөрийн МАС хаягийн мэдээллийг дамжуулах болно. Ингэснээр SWITCH өөрийн хаяглалтын хүснэгтээ бас нэгэн холболтын мэдээллээр нэмэх бөгөөд хэсэг хугацааны дараа өөрийн сүлжээ нь дэх бүх холболтын мэдээллийг өөртөө агуулах болно.
Difference between Hub Switch and Router | Network Device Explained - YouTube
Энэхүү мэдээлэл нь бүрэн дүүрэн болох үед мэдээлэл дамжуулах үр ашигтай байдал нь HUB-тай харьцуулахад хамаагүй дээр байх болно. Учир нь А дахин В-руу мэдээлэл дамжуулах хэрэгтэй болоход А-В-гийн хооронд шууд холболтыг үүсгэх бөгөөд өмнө нь мэдээллээ цуглуулаад авсан учраас B хаана байна гэж дахин бүгдээс асуух шаардлагагүй болох юм. Мөн энэ байдал нь олон зэрэг холболт үүсгэх боломжийг олгодог байна.
Эх сурвалж: howtogeek

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!