Хувь хүний ур чадвар

ОНЛАЙН СУРГАЛТАНД БАГШЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАВАН АЛХАМ | Tech-News.mn

1. БАГШЛАХ ЭРЧ
Багшийн ачаалал оролцогчдоос шалтгаална.
Зарим суралцагчидтай чат болон бусад онлайн сувгуудаар долоо хоногт нэгээс олон удаа харилцах шаардлага гарч, байнга холбоотой байх хэрэгтэй байдаг бол зарим оролцогчид багшаас зөвхөн багахан дэмжлэг л хүсдэг. Өөрийн туршлагаар багш суралцагчдад ямар дэмжлэг хэрэгтэй байгааг сургалтын явцад улам бүр мэдэрнэ. Суралцагч бүрд шаардагдах дэмжлэгийг хэрэгцээтэй хэмжээнд нь үзүүлж, хувь хүн бүрийн хэрэгцээг зохицуулна. Багш эхнээсээ өөрийн үүргийн хэмжээг тоймлон гаргаж итгэлцлийн үндсийг тавьдаг.
Багшлах хэлбэр, хэв маяг нь суралцагчдын тооноос мөн хамаарна. Нэг суралцагч эсвэл бүтэн бүлэг байх, суралцагч өөр хоорондоо харилцдаг эсвэл багш ихэвчлэн удирдаж оролцох нь хоорондоо ялгаатай.
2. БАГШААС ШААРДАГДАХ МЭРГЭШИЛ, УР ЧАДВАР
Нэг хүн энэ бүх ажлуудыг хэрхэн гүйцэтгэж, тэр бүх хэрэгцээг хангах вэ? Мэдээж бүх багш нар багш болчихсон төрөөгүй. Цахим сургагчийн ажил үүргийг гүйцэтгэхэд хувь хүнээс шаардах чухал зарим урьдач нөхцөлүүд байдаг байна. Эдгээр нөхцөлүүдэд агуулгатай холбоотой болон нийгмийн, мөн харилцааны чадварууд орно. Эдгээр чадварын ихэнхийг та багшлах явцдаа эзэмшинэ. Цахим сургалтанд идэвхтэй багшлах нь танд маш их туршлага өгөхийн сацуу өөрийнхөө боловсрол болон байгууллагын стратеги дээр ажиллах чадварыг олгодог.
3. АГУУЛГАТАЙ ХОЛБООТОЙ МЭРГЭШИЛ
• Агуулгыг мэдэх
Багш нар заах гэж байгаа агуулгаа сайн ойлгосон байх хэрэгтэй. Магадгүй тэд бүр энэ чиглэлийн эксперт ч байж болно. Гэвч энэ нь урьдач нөхцөл болж чадахгүй: Багш холбогдох иж бүрэн мэдлэгийн эх үүсвэрээс болон экспертүүдийн дэмжлэгтэйгээр агуулгыг оюутнуудаас түрүүлэн суралцаж өөрийн болгосон байж болно.
• Медиа ашиглалт
Амжилттай багшлахын тулд сургалтын хэрэгсэл болох компьютер, Интернэтийн хэрэгслүүд болон тэдгээрийг арчлах бүх процедурыг мэддэг байх нь зайлшгүй чухал. Мөн сургалтанд ашиглагдах програм хангамжууд тэдгээрийн хэрэглээ, сургалтын талбартай сайтар танилцаж харилцааны хэрэгслүүдийг ашиглах чадварыг бүрэн эзэмшсэн байх шаардлагатай.
• Суралцагчид тулгардаг өдөр тутмын технологийн асуудлуудыг шийдвэрлэх
Цахим сургалтын үед тохиолдож болох наад захын технологийн асуудлуудыг багш мэддэг байж, тэдгээрийг шийдвэрлэх энгийн аргуудыг хэлж өгч чаддаг байх ёстой. Багш сургалтын бүх хэрэгслийг хянаж, технологийн наад захын асуултанд хурдан, оновчтой хариулж чадна гэсэн мэдрэмжийг суралцагчдад төрүүлэх хэрэгтэй.
• Нийгмийн чадавхи
Өөрийгөө чиглүүлэн суралцах тухай мэдлэг Онлайн сургалтын үед багш суралцагчдыг дасгалжуулдаг. Нэгэнт тэд өөрсдөө цахим сургалтанд хамрагдаж туршлагатай болсон байх тул суралцагчдад тохиолдох асуудлуудад туршлагаасаа үндэслэн өөрт нь хэдийнэ танил болсон арга зам, зөвлөгөөг өгч чадна. Өөрийгөө чиглүүлэн суралцах стратегийн талаарх багшийн мэдлэг нь тэдэнд өөрийгөө суралцагчийн оронд тавьж үзэх, улмаар суралцагчдад үр нөлөө сайтай фийдбак өгөх урьдач нөхцөл нь болно
• Cуралцах стратеги
Бүх суралцагчид хэрхэн суралцах арга барилыг мэднэ хэмээн таамаглаж багш алдаа гаргаж болохгүй. Суралцах хэд хэдэн стратеги болон насанд хүрсэн суралцагчдын хэрэгцээг мэддэг байх нь суралцагчдад практик зөвлөгөө өгөх сайн суурь болно.
• Ачаалал ба цагийн менежмент
Багш нар сургалтын аливаа үйлдлийн дуусах хугацааг тогтоох шаардлагатай ба оролцогч бүр цагаа үр бүтээлтэй ашиглахад анхаарах хэрэгтэй. Үүний тулд багш нар өөрийнхөө цагийг зөв зохицуулж, оролцогчид өөртөө хэт их ачаалал дарамт өгөхгүй байхад анхаарах нь чухал. Бас бага зэргийн цагийн шахалт зарим оролцогчдод идэвх сэдэл болдгийг ч санах хэрэгтэй.
• Бүлэг байгуулах үйл явц
Хэрэв багш баг бүрдүүлэх болон бүлгийг хөдөлгөх талаар мэддэг бол учирч болох зөрчил, хямралыг урьдчилан мэдэж зайлсхийх буюу бүр эхнээс нь сэргийлэн зогсоож чадна.
4. ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР
• Фийдбак хэрхэн өгөх вэ?
Эерэг, бүтээлч, хувь хүний үүднээс хандсан, шаардлагатай бол бүтээлч шүүмжлэл бүхий фийдбак өгөх нь багшлах туршлага нэмэгдэх тутам улам бүр хялбар болно.
• Оновчтой асуулт тавих
Зөв цагт, зөв үгээр оновчтой асуулт асуу. Энэ бол сайн багшийн хөгжүүлэх ёстой чадвар бөгөөд ихээхэн өөрчлөлтийг авчирдаг. Ийм чадварыг эзэмших нь суралцагчийн нөхцөл байдал болон өөрийн хүрэхээр тэмүүлж буй зорилгынхоо талаар бодоход тустай.
• Харилцааны дадлага туршлага
Энэ бол харилцааны ямар аргыг ямар нөхцөл байдалд ашиглах, ямар дүрэм баримтлах талаарх асуудал юм.
• Суралцах идэвх сэдэл
Цахим суралцагчдыг сэдэл идэвхжүүлэх чадвартай байна гэдэг бол багшийн нэг амжилт юм. Оролцогчдын зарим нь өөрийгөө чиглүүлэн суралцаж дадал болсон байдаг бол зарим нь агуулгын хувьд хэн нэгнээр удирдуулах, мөн түүнчлэн идэвхжүүллийг хүсдэг.
5. ИДЭВХИЖҮҮЛЭХ НЬ…
o Харилцаагаар дамжуулан
Суралцагчидтай байнга холбоотой бай. Агуулгатай хэрхэн ажиллаж байгаа болон хувь хүнийхээ хувьд юу хийж байгаа талаар нь тэднээс асуу. Хувийнхаа асуудлыг бага сага хуваалц. Та суралцагчидтай хамтран энэхүү төсөл дээр ажиллаж байгаа, тогтвортой хамтран ажиллана гэдгээ тэдэнд ойлгуулах хэрэгтэй.
o Чадвараар
Суралцагчдын ойлголтод зөвлөгөө өгч дэмжихэд бэлэн бай. Өөрийн туршлагад тулгуурлан суралцах үйл явц, сургалтын агуулгыг ойлгоход нь тусал. Суралцах үйл явц, тухайлбал суралцах стратегийн талаар зөвлөж туслах нь ихээхэн тустай бөгөөд цахим сургалтыг дэмжиж өгдөг.
o Багш ба бүлэг хоорондын нийгмийн харилцаагаар
Суралцагчид өөр хоорондоо харилцаж, ярьж байх нь чухал. Ганцаарчлан суралцаж байгаа хүмүүст курсын явцад нэг л ижил бэрхшээл учирдаг: “Надад ба ийм бэрхшээл тулгарсан. Би тэгээд ингэж давж гарсан…”. Ингэснээр та суралцагчдын ижил асуултуудад дахин дахин хариулж цагаа үрэх шаардлагагүй, нөгөө талаар суралцах бүлгийн доторх холбоо харилцааг дэмжиж өгнө. Суралцагчидтай харилцах нь ганцаарчлан сурч буй тэднийг ганцаардсан, тусгаарлагдсан мэт мэдрэмжээс чөлөөлж өгдөг.
o Зорилго болон түүнд хүрэх үе шатуудыг тодорхойлж өгснөөр Суралцагчдын өмнө хүрч болохуйц, бас тэднийг идэвхжүүлж чадахуйц зорилго тавьснаар тэд бүх хүчээ дайчлах болно. Суралцагчдыг уг зорилгодоо хүрэхийн тулд хэр хол яваад байгаа, зорилгодоо хүрэхэд хэр ойрхон байгаа талаар фийдбак өгч байх нь зүйтэй.
o Магтаал сайшаалаар
Суралцагч зорилгодоо хүрэх алхам хийх бүрд, сайн суралцах үед нь сайшаалын үг хэлж бай. Суралцах бүлгийг бүрдүүлэх, байлгахад чиглэсэн тэдний хүчин чармайлтад ч талархлаа илэрхийлэх хэрэгтэй. Хэрэв магтах хэрэгтэй байвал магт. Үүнийг нийтийн хэлэлцүүлгийн үеэр ч хийх хэрэгтэй.
o Бүтээлч шүүмжлэлээр
Хэрэв та суралцагчийн буруу, бүрэн бус, эсвэл гол зүйлээ олоогүй оролдлогыг шүүмжлэх хэрэгтэй бол өөрийгөө түүний оронд шүүмжлүүлэх байр сууринд тавиад үзээрэй. Шүүмжлэлээ эерэг үгээр илэрхийлж, асуудлын шийдлийн талаарх өөрийн санал зөвлөгөөг заавал оруул. Суралцагчдыг хэлэлцүүлгийн үеэр бүү шүүмжил. Харин түүний бодол буруу эсвэл дутагдалтай болохыг зөвхөн өөрт нь и-мэйл явуулж илэрхийл.
o Шагналаар
Шагнах хэрэгтэй үед суралцагч, эсвэл бүлэгт жижигхэн шагнал өг. Шагнал нь бэлэг тэмдгийн чанартай жижигхэн зүйл, жишээ нь курсыг явуулж байгаа байгууллагын бэлэг (кофены аяга, бал гм) байж болно. Эсвэл зугаатай бөгөөд сонирхолтой Интернэтийн үйлчилгээний линк өгч болно. Маш сайн гүйцэтгэсэн ажлуудыг нийтлэх (суралцагчаас зөвшөөрөл авсны дараа), хэлэлцүүлгийн самбарт тавих, эсвэл биечлэн уулзах уулзалтын үеэр хэлж болно.
Эх Сурвалж: ЦАХИМ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!