Хувь хүний ур чадвар

Хэрхэн сайн програмист болох вэ?

Сүүлийн үед програм хангамжийн инженерүүдийн дутагдалд ороод байна гэх яриа маш их сонсох боллоо. Үнэхээр ч тийм бололтой. Ямар ч байсан технологийн сургалт бүхий дунд сургуулиуд нээгдэж сургуулиуд ч сургалтын хөтөлбөртөө технологийн агуулгуудийг нэмж байгаа бололтой.

Энэ ч утгаараа манайд програм хангамжийн шинэхэн инженерүүд олноор бий болж энэ салбарын өрсөлдөөн нэмэгдэж, чадвар сайжрах нь цаг хугацааны л асуудал болж байх шиг байна.
Дараагийн үеийнхэн маань маш сайн суурьтайгаар бэлтгэгдэж гарч ирэх нь маш тааламжтай зүйл. Гэвч одоогийн бид мэдээж тэдэнд гүйцэгдэн хоцрогдохгүй байхын төлөө өөрсдийгөө хөгжүүлсээр байж, үлгэр жишээ үзүүдэг байх хэрэгтэй.

Сайн програмист болоход ямар чадварууд хэрэгтэй вэ?

Логик

Програмист хүн логик сэтгэлгээ маш сайтай байх хэрэгтэй. Энэ ч утгаараа математикийн хичээлдээ сайн байсан хүүхдүүд ирээдүйдээ програмист болох нь их байдаг байх.
Логик сайтай бол объект сэтгэлгээ, загварчлал, алгоритм зэрэгт сайн байх болно.

Хүсэл тэмүүлэл

Чадвар гэж хэлэхгүй байх, гэвч ямар ч зүйлд хүсэл тэмүүлэлгүй бол хөгжих боломжгүй байх. Технологийн ертөнц дэндүү хурдан хөгжиж, өөрчлөгдөж байна. Үүнд дасан зохицон, суралцаж байхын тулд маш их хүсэл тэмүүлэл хэрэгтэй. Өөрийнхөө юунд дуртай, юуг хүсч байгаагаа мэдсэн байх хэрэгтэй.

Харилцааны чадвар

Хөгжүүлэлт хийх нь яавч ганцаарчилсан тоглолт биш. Энэ бол багийн тоглолт. Зөвхөн өөртөө зориулж програм зохиох гээгүй л бол сайн харилцааны болон багийн чадвар хэрэгтэй. Үүнийг сайжруулахын тулд өөрийн сэтгэлзүйн онцлогийг ойлгон багийн ямар гишүүн бэ гэдгээ тодорхойлж, хэрхэн хөгжих талаараа төлөвлөгөө гарган ажиллах хэрэгтэй.

Эмх цэгц, нямбай байдал

Програм хангамж нь үргэлж сайжруулж хөгжүүлж арчилж байх хэрэгтэй зүйл. Тэр ч утгаараа код бол нэг бичээд л орхидог зүйл биш. Иймд маш эмх цэгцтэй уншигдахууц код бичдэг байх нь маш чухал. Үүний тулд таны хувийн зохион байгуулалт, нямбай байдал сайн байх хэрэгтэй. Програмистууд салан задгай хүмүүс гэж хүмүүс харах нь их байдаг. Үнэндээ тийм байж болохгүй.

Бүтээлч сэтгэлгээ

Технологийн хөгжил асар хурдтай байгаа нь энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн бүтээлч сэтгэлгээтэй байж хайрцагнаас гаран, түрүүлж алхан, эрсдэлийг үүрч инновацийг хэрэгжүүлдэгтэй холбоотой юм. Та үүний нэг хэсэг болохоор шийдсэн бол маш бүтээлч байхаас өөр аргагүй юм.

Суралцах чадвар

Маш олон програмчлалын хэл, технологи, маш олон шинэ боломжууд бий болж байдаг учир маш хурдан суралцаж ашигладаг байх хэрэгтэй.
Суралцах чадварт хамгийн их нөлөөлдөг зүйл бол суурь мэдлэг. Сайн логик, мэдээлэл цуглуулах чадвартай байгаад үндсэн ойлголтуудыг сайн эзэмшсэн байхад дараагийн зүйлс сурахад амархан байх болно.
Бидний мэддэг, чаддаг гэсэн бодол биднийг шинийг суралцаж хөгжихөд саад болдог юм шиг. Хэдий туршлага гэдэг зүйл хэрэгтэй боловч бид хэвшмэл зүйлсээс шийдэмгийгээр салж, үргэж шинийг эрэлхийлж хөгжиж байж л илүү сайжрах болно.
Програм зохиогчид маш олон шинжлэх ухаан судалж, бусад салбартай хамтарч ажиллах шаардлага гардаг.

Хийсвэрлэх, төсөөлөн бодох чадвар

Яг л абстракт уран зураач шиг төсөөлөх чадвартай байж хайрцагнаас гарч, өөр өнцгөөс харж байж асуудлыг шийдэх гарцаа олдог. Програм зохионо гэдэг чинь товчхондоо асуудал шийднэ л гэсэн үг.

Тэвчээр

Төсөөлөмгүй алдаанууд гарах, нэг зүйлээ маш олон удаа давтан хийх, сурсан мэдсэн зүйлс чинь богинохоон хугацааны дараа хуучирсан байх, бусадтай ойлголцож чадахгүй байх гээд л тэвчээр шаардах зүйлс маш ихээр тохиолдог. Үүнд гутралгүйгээр шийдэл л хайдаг байхын тулд багагүй тэвчээр шаардана. Сэтгэлзүйн хувьд бэлэн байж, битгий шантраарай.

Ой тогтоолт

Код бичиж байгаа хүн ой тогтоолт сайтай байх нь бүтээмжийг сайжруулна. Өмнө нь тулгарсан асуудал дээр ахиад л цаг үрээд байхгүйн тулд шийдэж байсан шийдлүүдээ маш сайн санаж байх. Энэ нь туршлага гэхээсээ илүү ой тогтоолтын чадвараас хамаарах болно. Тийм болохоор хааяа ой тогтоолт сайжруулах дасгалууд хийдэг байх хэрэгтэй.

Хэлний мэдлэг

Магадгүй бүх л ажил мэргэжилд хэлний мэдлэг хамгийн чухал чадваруудын нэг байх. Програм хангамжид ч хэлтэй байх нь маш чухал. Ялангуяа англи хэл дээр технологийн сурах бичиг, материалууд маш их байгаа учир тэдгээрийг уншиж судлахын тулд англи хэлтэй байх зайлшгүй шаардлагатай.

Хэлтэй бол Хөлтэй биш бараг Хэлтэй бол Пуужинтай гэхээр болчихоод байна.

Програм хангамжийн инженерүүдийг дотогшоо, гаж сэтгэлгээтэй, хүмүүстэй энгийнээр харилцдаггүй гэж дүгнэх хандлага их байдаг. Магадгүй тийм ч байсан байх. Гэвч цаг үе өөрчлөгдөж програм хангамж хөгжүүлэх арга барил, багийн бүтэц, зохион байгуулалтууд ч хөгжиж харилцааны чадвар буюу EQ-дээ анхаарах шаардлагатай болжээ.

Мэргэжлийн ур чадвар болон харилцааны ур чадвараа хослуулан хөгжүүлж байж л амжилттай байх болно шүү.

Эх Сурвалж: medium.com/@beggy

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!