Юүтүб

Шинжлэх ухааны мэдлэгээ тэлэхэд тань туслах youtube сувгууд

Арван жилдээ үзсэн физик, хими, биологийн мэдлэгээ сэргээхийг хүсч байна уу? Дахиад сурах бичгүүдээ эхнээс нь үзэлтэй биш, тийм ээ? Завгүй амьдралынхаа дундуур хуучин мэдлэгээ баталгаажуулж түүний сацуу шинжлэх ухаанд гарч байгаа олон нээлтийн тухай мэдээллүүдтэй ойр байхыг хүсдэг хэн бүхэн энэ нийтлэлд анхаарлаа хандуулаарай.
Технологи хурдацтай хөгжиж байгаагийн хамгийн том давуу тал нь бид мэдлэгийг хаанаас ч, хэдийд ч хүртэх боломжтой болсон явдал билээ.

Youtube энтертайнмент хэрэгцээг хангахаас гадна шинэ зүйл суралцах боломжоор дүүрэн, хязгааргүй их мэдлэг агуулсан талбар.

Youtube-ийн алдартай шинжлэх ухааны сувгууд өөрийгөө анагаах чадвартай тусгай материалын судалгаанаас эхлээд гамма цацрагийн дэлбэрэлтийг хүртэл жирийн үзэгчдэд ойлгоход маш хялбархан байдлаар тайлбарладаг.

Бид бичлэг бүрдээ бүтээлчээр ханддаг, хамгийн алдартай шинжлэх ухааны сувгуудыг энэ удаагийн нийтлэлдээ онцолж байна.

1. VSAUCE

ДАГАГЧДЫН ТОО: 16.2 САЯ

Vsauce бол Youtube дэх энэ төрлийн контентийн анхдагч нь гэхэд хилсдэхгүй. Одоогоос арав гаруй жилийн өмнө Майкл гэх сэтгэл судлаач мэргэжилтэй залуугийн үүсгэсэн энэхүү сувгаас та жирийн хүмүүсийн тэр бүр сонирхож судлаад байдаггүй онолын шинжлэх ухааны олон ярвигтай ойлголтыг маш ойлгомжтой, эмх цэгцтэй, санаанд оромгүй хөгжилтэй, содон байдлаар дэлгэрүүлэн үзэх боломжтой.

Тэрээр

2017 оноос эхлэн Youtube-тэй хамтран Mind Field хэмээх хүний зан үйл, сэтгэцийн шинж байдал, ухамсрын нарийн үйлдлүүдийг төрөл бүрийн туршилтуудын тусламжтайгаар тайлбарласан шинжлэх ухааны баримтат цуврал бүтээж байгаа бөгөөд одоогоор нийт гурван бүлэг 24 анги цацагдаад буй. Youtube-д зориулсан контент гэж хэлэхээргүй чанартай, өндөр өртгөөр бүтсэн энэ цувралыг сэтгэл судлалын шинжлэх ухаанд дуртай хэн бүхэнд санал болгоё.

 https://youtu.be/iqKdEhx-dD4

2. IN A NUTSHELL (KURZGESAGT)

ДАГАГЧДЫН ТОО: 13.3 САЯ

Хүний дархлааны систем хэрхэн ажилладаг вэ? Мах идэх нь хүний биед хортой юу? Вакцин хийлгэх нь эрсдэлтэй юу? Хүн амын хэт өсөлт хэр хор хөнөөлтэй вэ? Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс хорвоо ертөнц дээр болж буй түмэн үйл явдлын талаар мэдээлэл авах зуур толгойд тань орж буй энэ их зах замбараагүй зүйлс яг яадгийг олж мэдмээр л байдаг биз дээ.

Хэрэв тийм бол “Kurzgesagt“-ийг яг одоо дагаарай. Vsauce-тай харьцуулахад илүү богино, илүү өнгөлөг дүрслэлтэй суваг учраас цайны цагаараа үзэж тархиа сэргээхэд тохиромжтой. Долоо хоног бүр нэг дугаар ордог энэ сувгийн бичлэгүүд хэн ч харсан ойлгогдохуйц, маш энгийн бөгөөд өнгөлөг зураглалтайгаараа ялгардаг. Дунджаар хоёр клип үзэх хугацаанд та Kurzgesagt-аас шинжлэх ухаан, технологи, улс төр, философи, сэтгэл судлалын сэдвийг хамарсан хамгийн сүүлийн үеийн трэнд болж буй асуудлын талаар олж мэдэх боломжтой.

https://youtu.be/dSu5sXmsur4

3. ASAPSCIENCE

ДАГАГЧДЫН ТОО: 9.45 САЯ

ASAPSCIENCE бусад шинжлэх ухааны сувгуудтай харьцуулахад амьдралд ойрхон, хэрэгцээтэй сэдвүүдийг бичлэг бүрдээ хөнддөгөөрөө онцлогтой. Хоёр минутын дотор гүн нойрсохын тулд та юу хийх хэрэгтэй вэ? Airpod чихэвчийг хэдэн долоо хоногийн турш тасралтгүй зүүвэл чихэнд тань юу тохиолдох вэ? гэх асуултуудад шинжлэх ухаанч хариулт өгдөг.

Мөн түүнчлэн “7 хоног хэрэглэсэн бүх пластик хогоороо хувцас хийж өмсөх”, “36 цагийн турш сэрүүн явах” гээд хөгжилтэй туршилтууд нь бидний тэр бүр анзаараад байдаггүй шинжлэх ухааны эгэл ойлголтуудыг тайлбарлаад өгчихнө. Дээр нь нэмээд энэ сувгийг үүсгэсэн хоёр залуугийн хошигнох чадвар үнэхээр сайн тул та нэг хором ч уйдахгүй.

https://youtu.be/TxpjebYBQuk

4. SMARTER EVERY DAY

ДАГАГЧДЫН ТОО: 8.95 САЯ

Хорвоогийн хамгийн аз жаргалтай инженерүүд гэвэл Smarter Every Day сувгийн хөтлөгч Дэстин зайлшгүй багтах биз ээ. Пуужингийн инженер мэргэжилтэй, астрономич болох мөрөөдөлтэй Дестин анх инженерчлэлийг олон нийтэд энгийн түвшинд ойлгуулахын тулд youtube суваг нээсэн нь өдгөө түүний үндсэн ажил болоод буй.

2016 онд тэрээр Барак Обаматай биечлэн уулзах гурван влоггерын нэгээр сонгогдсон түүхтэй. Та сонирхоод нэг л удаа үзэхэд нисэх, сансар судлал, тэнгисийн цэрэг гээд бидний сонссоноос цаашгүй олон салбарт холбогдох шинжлэх ухааны арвин мэдлэгтэй болох вий. Түүнийг үзээд би шинжлэх ухаан гэдэг бол биднээс харь хөндий, цаасан дээр буусан онол төдий зүйл бус өдөр тутмын амьдралыг бүрдүүлэгч салшгүй нэгэн хэсэг юм гэдгийг ойлгож билээ.

https://youtu.be/QxZ_iPldGtI

5. VERITASIUM

ДАГАГЧДЫН ТОО: 7.79 САЯ

Veritasium бол физикийн шинжлэх ухааны нарийн төвөгтэй ойлголтуудыг маш ойлгомжтой, хөнгөхөнөөр тайлбарладаг цөөхөн сувгийн нэг юм. Сиднейн их сургуульд физикийн ухааны докторын зэрэг хамгаалсан, физикч Дерек Маллерын сувгийн энэ амжилт “байшин дээрээс сунадаг тоглоом шидэх үед хамгийн дээд талын дугуй эцсийн дугуйтайгаа нийлэх хүртлээ агаарт хөдөлгөөнгүй оршдог уу?” гэх туршилтын бичлэг нийтийн сүлжээнд алдаршсанаас эхлэлтэй.

Veritasium нэрний утга нь латинаар “үнэн” бөгөөд шинжлэх ухааны талаарх олон нийтийн дунд түгсэн тогтсон буруу ойлголтуудыг залруулдгаараа алдартай. Түүний суваг доторх “өөрийгөө сориорой” гэх бичлэгүүдийг үзэж, жирийн хүмүүсийн хамтаар Дерекийн өгсөн хялбархан хэрнээ толгой эргүүлмээр даалгаврыг биелүүлэх ч бас тун сонирхолтой байдаг.

https://youtu.be/uiyMuHuCFo4

6. MINUTEPHYSICS

ДАГАГЧДЫН ТОО: 5.17 САЯ

Энтропийн өөрчлөлт, астрономи, телепорт шилжилт гэх, бидний хувьд хол хөндий сэдвүүдийг энэ суваг цагаан цаас, хар балын тусламжтайгаар хялбархан тайлбарладаг нь онцлууштай. Квант физикийн талаарх “Шрёдингерийн муур” туршилт, цаг хугацаагаар аялахад тохиолдож болох зүйлсийн талаарх “Өвөөгийн парадокс” гэх мэт олонтоо дуулсан ч учрыг нь ухаж ойлгож чадаагүй онолуудын талаарх асуултын хариугаа энэ сувгаас авах боломжтой.

Физикт дур сонирхолтой хэдий ч түмэн янзын математикийн тэгшитгэлээс сүрддэг хүмүүст MinutePhysics-ийг санал болгоё.

https://youtu.be/XayNKY944lY

7. ITS OKAY TO BE SMART

ДАГАГЧДЫН ТОО: 3.49 САЯ

Америкийн олон нийтийн телевизүүдэд боловсролтой холбоотой төрөл бүрийн нэвтрүүлгүүд бэлдэн нийлүүлдэг суваг болох “PBS” -ийн алдартай шоунуудын нэг нь “It’s Okay to Be Smart” билээ.

2012 оноос эхэлж одоогоор найман цуврал гараад буй энэ шоу физик, хими, палеонтологи, биологи, одон орон тэр битгий хэл тархи судлалын салбарыг хүртэл хамардаг. Гэхдээ битгий сүрдээрэй, Жогийн бичлэгийг үзэх нь нэг төрлийн комеди л гэсэн үг.

Биологийн шинжлэх ухааны доктор Жо бидний үзэж өссөн шинжлэх ухааны уран зөгнөлт кинонууд дээр гарах хэтрүүлэгтэй хэсгүүдийг бодит амьдрал дээр биелэх боломжтой эсэхийг нэг бүрчлэн тайлбарлах нь үнэхээр хөгжилтэй. Энэ сувгийг дагасан байхад энтертайнмент хэрэгцээгээ ч хангачихна, шинжлэх ухааны мэдлэгээ ч тэлчихнэ.

https://youtu.be/Utu-LpJn3Is

Эх сурвалж: posted.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!