Юмсын интернет

AMAZFIT NEO УХААЛАГ ЦАГ – РЕТРО ДИЗАЙН, ДЭВШИЛТЭТ БОЛОМЖУУД

Ухаалаг цаг болон бугуйвчнууд үндсэндээ хоёр төрөлд хуваагддаг гэхэд нэг их буруудахгүй. Эхнийх нь үзүүлэлт, боломжууд нь дээд зэрэг, дэндүү гэмээр ухаалаг мөртлөө цэнэгээ 1-3 өдөр л барьдаг загварууд бол нөгөөх нь фитнес, спортоор дагнан хичээллэдэг хүмүүст нэн тохиромжтой. Мэдээж аль аль нь өндөр үнэтэй. Сонордуулгын сарнианаас болж өгвөл хол байхыг хичээдэг, бугуйн дээрээ ахиад нэг гар утас шиг юм ажиллуулаад байх хүсэлгүй мөртлөө алхалт, нойроо хэмжиж, зарим нэг сануулга, сэрүүлэг тохируулах болон зүрхний цохилтоо хэмжих хүсэлтэй хүмүүс анхаарлаа хандуулаарай. Бид энэ удаад фитнес бугуйвч биш цаг зүүмээр байгаа, өдөр бүр биш сард нэг удаа цэнэглээд мартчих сонирхолтой хүмүүст яг тохирох нэгэн бүтээгдэхүүнийг танилцуулах гэж байна. Тэр бол Amazfit Neo ретро ухаалаг цаг.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ЁСТОЙ ВЭ?

Би хувьдаа уламжлалт, аналог цагийг илүүд үздэг. Байнга цэнэглэхээс өгсүүлээд ядаргаатай байдаг учраас бүрэн ухаалаг цаг сонирхолтой санагдаж байгаагүй. Ер нь халаасанд утас байхад бугуйндаа ахиад нэг жижигрүүлсэн УТАС зүүх шаардлага бий юү гэдэг бодох л асуудал. Мөн байнга марафонд гүйж, хүнд бэлтгэл хийж, ууланд авирдаг биш учраас үнэтэй, өндөр функц бүхий фитнес бугуйвчууд тохирдоггүй юм. Гэсэн хэдий ч амьдралын хэв маяг өөрчлөгдөхийн хэрээр, мөн үргэлж гөлийгөөд зүгээр суугаад байдаг нөхөр бас биш учраас зарим зүйлсийг ухаалагжуулах, хэмжих шаардлага эрхгүй гарах юм.

Миний ухаалаг цаг буюу бугуйвчны хэрэглээг дараах байдлаар тодорхойлж болох юм.

1. Сэрүүлэг болгон ашиглах. Бусад хүмүүсийг сэрээхгүйн тулд чанга сэрүүлэг орилуулах бус бугуйн дээр чичирдэг байх нь нэн тохиромжтой байдаг
2. Унталтаа хэмжих
3. Алхалт, хөдөлгөөнөө хэмжих
4. Зүрхний цохилт хэмжих
5. Шаардлагатай үед зарим нэг сануулга (reminder) тохируулах

Ингээд бодохоор ухаалаг цаг, бугуйвч тал дээр дунд түвшний хэрэглэгч гэж дүгнэж болно. Харамсалтай нь дунд түвшний хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүнүүд хаягдчих гээд байдаг талтай. Нэлээн эрж хайсны эцэст дээр дурдсан бүх шаардлагыг хангаж байсан учраас таван сарын өмнөөс эхлэн Amazfit Neo-г хэрэглэх болсон билээ. Сонордуулгад булуулж, дэлгэц харах хугацаагаа нэмэхгүйгээр, амьдралын зарим шаардлагатай зүйлсээ хэмжихэд тун ч тохиромжтой бүтээгдэхүүн.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Хувцаснаас эхлээд бүх салбарт ретро давлагаа ид явж байна. Энэ давлагаа технологийн салбарыг мэдээж тойрсонгүй. Amazfit Neo нь яг хуучны ретро загварын цаг шиг хийцтэй бөгөөд энгийн, хар цагаан, үргэлж харагддаг дэлгэцтэй. Алхалт, зүрхний хэм болон бусад шаардлагатай мэдээллүүдийг цаган дээрх товчлууруудыг даран сольж хардаг нь тун сонирхолтой шийдэл гэж болно.

Хүсвэл дуудлага болон мессежийн сонордуулгаа хүлээн авах боломжтой ч цагны дэлгэц дээр харагдахгүй, зөвхөн утсан дээр чинь шинэ юм ирсэн шүү л гэсэн мэдээлэл өгнө. Өдрийн аль ч цагт зүрхний цохилт, хэмнэлээ хэмжих боломжтой бөгөөд 50 метр хүртэл усны хамгаалалттай. Идэвхтэй хэрэглээд байхад 28-30 хоног цэнэгээ барьдаг нь бараг өрсөлдөгчгүй гэхэд болно. Би авсан цагаасаа хойш 4 удаа л цэнэглэсэн байна лээ.

Нойрыг хэмжихдээ маш сайн. REM буюу зүүдэлж буй үеэс гадна дугхийхэд мөн алдахгүй хэмжинэ. Алхалт болон гүйлт, дугуй, фитнес зэрэг олон сонголттойн дээр маш хөнгөн, зүүгээд удаан явахад мэдрэгдэхгүй, тээртэй санагдсан удаагүй.

 

САЙЖРУУЛЖ БОЛОХ ЗҮЙЛС

Хэрэглээд таван сар хэртэй болсны дараа эргээд бодоход хоёр зүйл дээр анхаарууштай санагдсан. Эхнийх нь ямар нэг сануулга болон өглөөний сэрүүлгийг чичиргээ (vibration) байдлаар тохируулах боломжгүй буюу заавал ДИЙД ДИЙД гэж дуугардаг нь жаахан төвөгтэй. Миний хувьд охиноо сэрээхгүйн тулд чичирдэг сэрүүлэгтэй бугуйвч зүүж унтдаг. Тэгэхээр зарим өдрүүдэд Amazfit Neo-г зүүж унтахаас зайлсхийдэг гэсэн үг. Танд хэрэв ийм шаардлага тулгардаггүй бол асуудал үүсэхгүй биз ээ.

Дараагийнх нь ZEPP буюу гар утасны апптай холбосны дараа Amazfit Neo дээр хэрэглэх боломжгүй сонголтууд нь аппаас алга болдоггүй буюу баахан зүйлс харагдаад байдаг нь тийм ч тааламжтай биш. Холбож буй цагаасаа шалтгаалаад сонголтууд нь өөрчлөгддөг бол хэрэглэгч талд маш эвтэйхэн болж өгөхөөр санагдсан.

 

ЯМАР ХҮМҮҮСТ ТОХИРОМЖТОЙ ВЭ?

Эхэнд дурдсанчлан, Amazfit Neo цаг нь над шиг, бугуйн дээрээ ахиад нэг гар утас ажиллуулаад байх хүсэлгүй мөртлөө алхалт, нойроо хэмжих, зарим нэг сануулга, сэрүүлэг тохируулах болон зүрхний цохилтоо хэмжих хүсэлтэй, гэхдээ фитнес бугуйвч биш цаг зүүмээр байгаа, өдөр бүр биш сард нэг удаа цэнэглээд мартчих сонирхолтой хүмүүст нэн тохиромжтой. Тэгээд мэдээж ретро загварын зүйлс таалагддаг бол бүр ч давуу тал болно.

Эх Сурвалж:  Unread.today

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!