Юмсын интернет

Хувь хүний биометрийн өгөгдөл, түүнийг хаана хэрэглэдэг вэ?

Хувь хүний өгөгдөл баялаг бүтээх боломж болж хувирч байна...

Хувь хүний биометрийн өгөгдөлд тухайн хүний хурууны хээ, дуу хоолой, нүүр царай, нүдний солонгон бүрхэвч, венийн судас зэрэг хамаарна юм.  Эдүгээ хүртэл хувь хүний биометрийн өгөгдөл шинжлэх ухаан, технологид амжилттай ашиглагдаж байна. Хүний алхаа, зүрхний цохилт болон арьсны тусгал гэх мэтийг хэмжих олон тооны туршилтын биометрүүд ч байдаг.

Биометр төхөөрөмжөөр хүнийг танин нэвтрүүлэх дараах аргуудын талаар ярилцвал:

Хурууны хээгээр таних – Хүн бүрийн хурууны хээ дахин давтагдашгүй тул цэг бүрийн байршлыг тэмдэглэн харьцуулалт хийдэг.

Дуу хоолойгоор таних – Тодорхой нууц үг хэлэх, эсвэл тодорхойгүй сэдвээр ярих гэсэн 2 төрөлтэй байна.

Нүдний солонгон бүрхэвчээр таних – Хэт ягаан туяаны тусламжтайгаар нүдний зургийг авч боловсруулалт хийдэг.

Венийн судсаар таних – Хүний биеийн арьсан доорх судсыг хэт ягаан туяагаар гэрэлтүүлж зургийг авч харьцуулалт хийдэг ба гарын алга, бугуй, хуруу, гарын ар хэсэгт ажиллахад зориулагдсан мэдрэгчүүд байдаг.

Нүүр царай таних – 2D эсвэл ЗD дижитал гэрэл зураг авч таних боломжтой ба сүүлийн үед хиймэл оюун ухаанд суурилан өндөр нарийвчлалтай системүүд гарч байна.

БИОМЕТР ТӨХӨӨРӨМЖӨӨР ТАНИХ, БАТАЛГААЖУУЛАХ СИСТЕМ

Биометр системийн ажиллагаа

Биометр нь нууц үг, пин код бүхий хандалт удирдлагын системээс өөр замаар ажилладаг.

Хүний биометр өгөгдөл нь тухайн хүнийг таних баталгаа болох ба биометрийн систем нь тэрхүү хоёр өөр биометр өгөгдлийг нэг хүний өгөгдөл мөн эсэх талаар тооцоолол хийх шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, баталгаажуулах систем нь ЭНЭ ӨГӨГДӨЛ НЬ МИНИЙ БҮРТГЭЖ АВСАН ӨГӨГДӨЛТЭЙ АДИЛХАН БА НЭГ ХҮНИЙ ӨГӨГДӨЛ БАЙНА гэж дүгнэлт гаргана. Биометр системийн эдгээр шийдлүүд нь магадлалын онолоор боловсруулагддаг.

Биометр системийг нэвтрүүлэх

Биометрийн системийг үнэлэх, нэвтрүүлэхдээ:

  1. Биометрийн талаарх ойлголт авах, судлах

Биометрийг ISO, IЕС стандартын байгууллагууд “Хүний биологийн шинж чанарт үндэслэн автоматаар таних” гэж тодорхойлсон байдаг бөгөөд баталгаажуулалтын системийн аюулгүй байдал, үр ашгийг дээшлүүлэхийн тулд биометрийг ашиглаж болно. Гэвч системийг хөгжүүлж, нэвтрүүлэхэд анхааралтай ажиллахгүй бол эдгээр ашиг тусыг хүртэх боломжгүй. Биометрийн давуу болон сул тал, зардлын талаар судалснаар таны систем ийм хөрөнгө оруулалтаас ашиг хүртэж чадах эсэхийг тодорхойлж болох юм.

  1. Ерөнхий зарчим

Биометр систем хувь хүнийг танихын тулд өмнө нь түүний биометр өгөгдлийг бүртгэж авсан байх ёстой ба дараа нь харьцуулан шалгаж дүгнэлт хийнэ. Анх өгөгдлийг маш сайн чанартай бүртгэж авах нь чухал бөгөөд түүнийг найдвартай хамгаалж байх ёстой. Бүртгэсэн өгөгдлийн чанар муу байх нь нэг хүнийг нөгөөд андуурах, хоёр өөр хүнийг нэг хүн гэж таних эрсдэлд хүргэж болох юм. Орчин үеийн төхөөрөмжүүд нь биометрийн өгөгдлийг авах зориулалттай хурууны хээ, нүүр таних мэдрэгчтэй байдаг ба өөр дээрээ боловсруулалт хийж, өгөгдлийг шифрлэж, техник хангамжийн тусламжтай хадгалдаг ба аюулгүй байдал харьцангуй өндөртэй буюу өгөгдлийг эргүүлэн авах боломжгүй байдаг. Харин биометр өгөгдлийг алсын сервер дээр боловсруулж, анализ хийх нь илүү хялбар ба олон тооны төхөөрөмж дээр нэг удаа бүртгүүлэн ашиглах боломжтойгоос гадна хэрэв төхөөрөмж эвдрэх, солих тохиолдолд дахин бүртгүүлэх шаардлагагүй юм.

  1. Биометрийг сонгох

Биометр төхөөрөмжийг сонгохдоо ашиглах орчин байршил, өмнө нь ийм төрлийн төхөөрөмж ашиглаж байсан эсэх, ямар дутагдалтай тал байсан, санхүүгийн нөөц боломж, танай байгууллагад гарч болзошгүй эрсдэл зэргийг тооцож үзээд өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн аргыг сонгох хэрэгтэй.

  1. Үзүүлэлтийг хэмжих

Биометрийн системүүд, тэдний чадвар, үзүүлэлтийг үйлдвэрлэгчээр тодорхойлуулах эсвэл бодит орчинд туршиж үзэх хэрэгтэй. Биометрийн системд алдааны магадлал нь тухайн систем ажиллаж байгаа орчноос хамаарч харилцан адилгүй байдаг.

Huawei” нүүр царай таних Оросын технологийг худалдан авчээ | Peak News

Биометр ашиглан бодит дүр зураг гаргах хэдэн жишээ өгүүлье:

Гар утасны түгжээг тайлах – Аюулгүй байдлын хангах чадвар өндөр ба 4-6 оронтой код оруулахаас илүү хялбар тул түгээмэл хэрэглээтэй болсон.

Аппликейшн хэрэглээ –  Онлайн банкны аппликейшн бол тод жишээ. Нэвтрэх, гүйлгээ хийх зэрэг үйлдэл бүрт гар утасны биометр чадварыг ашиглаж байна.

Хил нэвтрүүлэх хяналт – Олон нисэх онгоцны буудлууд хүний нүүрийг автоматаар таних системийг ашиглан хүний царайг үнэмлэх дээрх царайтай нь харьцуулан шалгаж байна.

Лавлах төв – Харилцаа холбооны төвүүд хүний дуут мэдээллийг цуглуулдаг ба лавлах төвтэй холбоо барихад таны хэн болохыг танин баталгаажуулахад ашигладаг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!