Хувь хүний ур чадвар

МАНАЙХАН АНГЛИ ХЭЛ СУРНА ГЭХЭЭР ЮУ ЮУГҮЙ ЯРИХ ТАЛААР БОДООД ЭХЭЛДЭГ. ГЭТЭЛ ОНЛАЙНААР АЖИЛЛАХАД ХАМГИЙН ХЭРЭГТЭЙ ЧАДВАР БОЛ УНШИХ, БИЧИХ ХОЁР ЮМ | Tech-News.mn

УНШИЖ СУРАХ:
1. Хоббигоо олж мэд
NBA? Хөл бөмбөг? Хувцас Загвар? E-sport? Уран зохиол? Кино? Анимэ? Хоол? ер нь юу ч байж болно
Зарим хүний хувьд хобби нь өдөр тутмынх нь амьдралтай нягт холбоотой байдаг. Өглөө бүхэн NBA -н мэдээ уншдаг ч гэх юм уу (гэхдээ өглөөний цагаар хоббитойгоо холбоотой юм хийх нь өдрийн бүтээмжид маш муугаар нөлөөлнө шүү). Гэтэл зарим хүн яг юунд дуртайгаа олж чадалгүй 20, 30, 40 насны босго давчихсан явдаг. Чи ч гэсэн олж амжаагүй яваа бол одоо л олох учиртай цаг даа!
Ер нь хүн өөрийнхөө дур сонирхолд дөрөөлж юм сурвал, ажил хийвэл их амар байдаг. Хийж байгаа ажилдаа дур сонирхолгүй хүн ажлын өдөр талдаа орох үед л хий нь гарсан гүзээ шиг шалчийчихдаг. Ажлаасаа гадуур ур чадвараа хөгжүүлэх тал дээр яриад ч хэрэггүй.
Intensive English Language Course for Teachers and School Staff (10 days) -  Erasmus+ KA1 Teaching Training - Fuly Funded Training Courses
2. Англиар хэр уншиж чаддагаа олж мэд
Манай залуучуудын ихэнх нь дунд сургуульд, их сургуульд, эсвэл ямар нэг курс дамжаанд Англи хэлийг ямар нэг хэмжээгээр “үзсэн” байдаг. Гэлээ гээд like, share, comment, love, энэ тэр гэсэн хэдхэн үгс, ойр зуурын “My name is Baldan. I live in Ulaanbaatar” гэсэн анхан шатны өгүүлбэрүүдээс цааш хэтрээгүй байх нь олонтаа. Нөгөө талд номонд дуртай зарим нь бүүр Шарлот Бронте, Жейн Остен энэ тэрийг уншаад явчихсан байдаг.
Англи хэл сурагчдад зориулсан “Beginner”, “Intermediate” энэ тэр гэсэн түвшинтэй, нимгэхэн номнууд байдаг даа? Тэд нарыг хальт гүйлгэж хараад өөрийнхөө түвшинг мэдчихвэл их амар. Монголд бол Talk Talk English -ээс гаргадаг номнууд байдаг:
Ер нь заавал ном авч уншаад түвшингээ тогтооно гэдэг их түвэгтэй. Юун төлөө гэрээсээ ажилладаг болох гэж байгаа билээ. Хайж чадвал олдохгүй юм гэж интернэтэд ховор. Түвшин тогтоох үнэгүй сайтууд өчнөөн. Жишээ нь энэ байна. Choose your level to practice your reading гэсний доороос Beginner A1 гэдгээс нь өгсүүлээд уншаад, ойлгоцоо шалгаад явчихад болно.
3. Чаддагаасаа арай хүндэвтэр “юм” өдөр бүр унш
Түвшингөө тодорхойлчихсон бол:
Beginner: Хүүхдийн үлгэрийн ном уншиж эхэлвэл зүгээр. Story books for kids энэ тэр гээд хайвал унших юм зөндөө олдоно. Гэхдээ хэл сурахыг үнэхээр чухалчилж байгаа бол цаасан ном авч унших хэрэгтэй. Энэ түвшинд хоббиндоо таарсан юм уншина гэж худлаа.
Pre-Intermediate: Хүүхдийн номоо уншсаар байна. Гэхдээ одоо дунд ангийн хүүхдийн хэмжээнд уншвал зүгээр. Middle grade novels энэ тэр гээд хайвал бэлэн юм зөндөө олдоно. Бодит ном аваад уншвал бүүр зүгээр. Энэ түвшинд бас л хоббиндоо таарсан юм уншихад арай эртэднэ.
Intermediate: Одоо жинхэнэ дур сонирхолдоо хөтлөгдөн уншиж эхэлнэ. Хоббиндоо таарсан мэдээ, нийтлэл, блог бичвэр унш. Ном аваад уншвал бүүр сайн. Жишээ нь NBA, сагс энэ тэрд хорхойсдог хүн бол Eleven Rings: The Soul of Success, кино урлагт дуртай бол Стэнли Күбрикийн намтар энэ тэр уншиж болно. Гэхдээ энэ түвшинд эдгээрийг уншихад “маш хэцүү” гэдгийг анхаараарай. Амархан байсан бол бүх хүн англиар чөлөөтэй уншиж байх учиртай шүү дээ. Арай амар гэвэл аль хэдийн киног нь үзчихсэн зохиолуудаа уншиж болно: Harry Potter, Percy Jackson -ийн цувралууд гэх мэт… Энэ түвшинг л давчихвал цаашаа “шааригдчихна” гэж бодоод өөрийгөө зоригжуулах хэрэгтэй.
Upper-Intermediate: Washington Post, New York Times унш (хоббиныхоо дагуу). Номонд дуртай бол Англи, Америкийн классик романуудыг унш. Pride and Prejudice, Jane Eyre, The Great Gatsby, To Kill a Mockingbird энэ тэр гээд сонгодогууд ч гайхалтай шүү дээ. Англи хэлний нарийн нюансыг эднээс мэдрэх боломжтой.
Advanced: Англи хэлний сүр сүлд, сүнсийг агуулсан Hamlet, Merchant of Venice гэх мэтийн хуучны сонгодогуудыг унш, сонс. Ер нь Шекспирийн жүжгийн зохиолууд, Библийн Хуучин Гэрээг уншчихсан байхад “Англи хэл гайгүй сурах гээд л байна шүү” гэж бодож болно.
Хамгийн чухал нь ӨДӨР БҮХЭН унших гэдгийг бүү мартаарай! Өдөр бүр л уншиж чадахгүй бол хэл сурах ч, гэрээсээ гадаадад ажиллах ч лөөлөө болно шүү!
Creativity in Language Teaching > Training Course for Teachers
4. Мэргэшлийнхээ юмсыг унш
Ингээд дунджаас дээгүүр түвшний текстийг гайгүй уншдаг болчихвол мэргэшлийнхээ юмыг уншиж эхэлнэ. Мэргэшил гэж одоо хоолоо олж иддэг зүйлийг чинь хэлж байгаа юм. Жишээ нь чи МУИС -ийг улс төр судлаачаар төгссөн ч одоо график дизайнер хийдэг бол мэргэшил чинь график дизайн гэсэн үг.
Манайхан зөвхөн сургууль, сургалтын төвд л юм сурч болдог гэх сонин хандлагатай байдаг тул мэргэшлийнхээ хувьд өсөж дээшлэх маш их боломжийг дэмий өнгөрүүлж алддаг. Ийм алдааг давтахгүй, өөрийгөө дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болгохын тулд дахиад тогтмол уншдаг байх хэрэгтэй. Ингэж байж чи өөрийгөө хурцална, гадны ажил олгогчдод тоогдох хэмжээнд өөрийгөө аваачна.
Ер нь гадаад хэл сурч байгаагийн чинь туйлын зорилго бол Монгол хэлээр олдохгүй, байх ч үгүй зүйлсийг уншиж өөрийгөө улам мэргэшүүлэх явдал юм. Тэрнээс биш гадаад багштай курс энэ тэрд суугаад хаа байсан Нью-Йоркийн гудамжны хэллэг, хар яриаг сурч үхснээ хийх вэ? Гэртээ юм уншиж сур, гэрт чинь боломжгүй бол энэ хотоор нэг хоосон шахуу байгаа номын сангуудад суугаад уншиж сур!
БИЧИЖ СУРАХ:
Уншаад сурчихсан байхад бичиж сурах бол “үдийн будаа” (арай хялбар гэсэн үг). Гол нь өдөр болгон ядаж л 50 үгтэй нэг юм бичээд байх хэрэгтэй.
Би анх New York Times -н мэдээ уншаад ойлгосноо өөрийнхөөрөө бичиж тулгадаг байлаа. Зөрүүтэй байвал дахиж уншаад дахиж бичнэ гэх мэтээр. Гэхдээ ийм арга барил надад огт таараагүй. Харин WriteAndImprove гээд англи хэл сурагчдад зориулсан Кэмбрижийн сайт маш сайн үр нөлөөтэй байсан. Би бараг л бүх дасгал ажлыг нь дуусгасан шүү.
Эх сурвалж: gerelt.gereesee.com Золжаргал

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!