Робот

Роботын түүх | Tech-News.mn

Эртний хөгжүүлэлтүүд

Эрт дээр үед робот гэдэг нь хиймэл хүний тухай домог байсан юм. Сонгодог жишээ нь Кадмус хэмээх баатар эр юм. Тэрээр лууны шүдийг цацахад шүд болгон нь хиймэл цэрэг болон хувирах ажээ. Бас домог дээр Galatea-ны хөшөө амьд болон хувирах тухай гардаг юм. Амилсан цэрэг, хөшөө зэрэг нь яг одооны робот шиг хөдөлж ажилладаг байна. (1-р зураг) Тэгвэл эртний Грекийн домог үлгэрт металаар хийсэн бурхан механик зарцуудыг бүтээдэг гэж гардаг. Бас Персийн алхимич Jabir ibn Hayyan нь хиймэл могой, хилэнцэт хорхой зэргийг бий болгож гардаг. Энэ мэтээр шавран хүнийг амилуулах, Салхины бурхан, Уулын бурхдын тулаан зэрэгт одоогийн роботуудын шинж чанар тод илэрдэг юм.

Жишээ нь маш эртний нэгэн үлгэрт юу гарч байгааг сонирхъё. Хааны хоёр нүд асар ихээр томорч үнэхээр гайхаж цочирдохын сацуу сонирхон үзэх байдал илт мэдэгдэнэ. Тэр нэг зүйл шулуухан сайхан алхана, толгойгоо дээш доош хөдөлгөнө, яг л амьд хүн шиг хөдөлж явах ажээ. Гэтэл зохион бүтээгч тэрний эрүүнд хүртэл тэрээр шууд л дуулж эхлэв. Гэхдээ зүгээр нэг дуулах биш жинхэнэ мэргэжлийн дуучин шиг төгс сайхан дууллаа. Түүний гарт хүртэл тэрээр яг л мэргэжлийн бүжигчин шиг урлагтайгаар хөдөлгөж хариу үзүүлнэ. Ийнхүү бүхий л үзүүлбэрүүдийг үзүүлсний дараа робот нүдээ ирмэн хатагтай нарт хандан найрсаг сайхнаар бөхийн хүндэтгэл үзүүлсний дараа Зохион бүтээгч хамгийн аймшигтай зүйлийг хийв. Бараг хүн болгон түүнийг амьд хүн гэж итгээд байтал түүнийг маш олон хэсэг болгон задалчхав.

Хүүхнүүд дуу алдан айцгааж хааны нүд цочирдон гайхжээ. Ингээд л хүмүүс уг робот яг үнэндээ юу байсныг сайтар харах боломжтой болжээ. Тэр бол ердөө л арьс шир, мод, цавуу, шаазан эд бөгөөд хар цагаан улаан хөх гэх мэт янз янзын өнгөтэй хэсгүүдээс бүрдэх ажээ. Хаан хэсэг болгоныг нүдэндээ ойртуулан сонирхон ажиглана. Гэдэс дотор байдаг бүхий л эрхтнүүд харагдана. Гэдэс, элэг, цөс, уушиг, бөөр гэх мэт эрхтнүүд бүгд байлаа. Мэдээж дээрээс нь хүний араг яс шиг мөр, гар, хөл гэх мэт эрхтнүүд хэвтэнэ. Эдгээр эрхтнүүд бүгд хуурамч гэдэг нь ойлгомжтой.

Хаан бүгдийг гараараа барьж үзэж байж л итгэхээс өөр аргагүй боллоо. Зүрхийг хичнээн гараараа барьж оролдовч тэрээр огтхон ч цохилсонгүй, амыг олж нээвч хэзээ ч ярихгүй болжээ. Хаан болон хааны ордонд цугласан эрхэм дээдсүүд бүгдээрээ тун сайхан сэтгэл ханаж, баясан цэнгэжээ.

Энэ мэтээр манай эриний өмнө л роботын тухай ярьж бичиж байсан юм. Ер нь дээр үед бол робот гэдэг нь хиймэл хүн мэтээр л төсөөлөгддөг байсан байжээ.

Дундад зууны үеийн хөгжүүлэлтүүд

1136-1206 онд амьдарч байсан Арабын Artuqid удмын хүн болох Аль-Жазари хэмээх зохион бүтээгч тэр үедээ л онц сонин зүйл болох автомат зүйлсийг зохиожээ. Гал тогооны хэрэгслүүд, усаар ажилладаг хөгжмийн автомат, түүнчлэн анхны програмчилж болдог хүн төрхт роботыг онцгойлон дурдах ёстой юм. Түүний робот гээд байгаа зүйл нь дээрээ 4-н хөгжмийн хэрэгсэл бүхий завь байсан юм. Энэ машиныг найр цэнгээний үед нуурын мандал дээр хөвүүлчихдэг байжээ. Гол үүрэг нь зочдыг хөгжөөх явдал бөгөөд механизм нь үнэхээр сонирхолтой ажгуу. Програмчлах боломжтой бөмбөрүүд байх ба том шаариг түүн дээгүүр өнхрөх үедээ дуу гаргана. Нуурын мандалд үргэлж янз бүрээр найгах тул хөгжим хэзээ ч давтагдахгүй боловч гаргаж байгаа дуу нь тийм ч муухай биш байжээ. Яагаад гэвэл дажгүй сайн тооцоолсон байлаа.

Тэрнээс хойш хүн төрөлхтний мэдэж авсан бас нэг хүн төрхт робот гэвэл алдарт зохион бүтээгч Леонардо Да Винчигийн 1495 оны хавьцаа бүтээсэн роботыг нэрлэж болох юм. Да Винчигийн гар бичмэлийг 1950 онд олсон бөгөөд түүн дээр механик баатар цэргийн тухай бичсэн байжээ. Тэр цэрэг сууж чадах ба гараа хөдөлгөнө, толгойгоо гилжийлгэнэ. Гэвч энэ роботыг жинхэнэ амьдрал дээр бүтээсэн эсэхийг одоо ч мэдээгүй билээ.

Орчин цагийн анхны оролдлогууд

Робот гэдэг үгийн үүсэл нь өнгөрсөн зуунд хамаатай юм. Чехийн зохиолч Karel Capek 1920 онд энэ үгийг нэгэн жүжгийн зохиолдоо ашигласан байна. Гэхдээ тэр энэ үгийг биологийн биет гэдэг утгаар хэрэглэж байжээ. Харин түүний ах Josef Capek нь энэ үгийн жинхэнэ санаачлагч гэж хэлж болох юм. Чех хэлэнд Робота гэх үг байдаг бөгөөд утга нь “Хүнд залхуутай ажил, зарцын хийдэг үнэ хөлсгүй ажил” юм байна. Энэ үгийн сүүлийн а үсгийг гээгээд л Робот гэдэг үг маань үүссэн хэрэг.

Энэнээс өмнө 1738 онд Jacques de Vaucanson хэмээх хүн механик нугас бүтээсэн бөгөөд тэр нь газарт байгаа үр тариаг түүж, далавчаа хөдөлгөх авьяастай байжээ. Мэдээж роботын хөгжилд Япончуудын оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их. Тэдний хөдөлмөр эрт үеэс эхэлсэн байна. Японы уран дархан Hisashige Tanaka хэмээх хүн хэд хэдэн маш сонирхолтой механик тоглоомуудыг бүтээжээ. Тэдгээр нь бүрэн бие даан ажиллах бөгөөд цай аягалах, галын шахуурга ажиллуулах, Япон маягийн Канжи хүүхэлдэй зурах мэтийн үйлдлүүд хийдэг байв.

Орчин үеийн хөгжүүлэлтүүд

1930-аад оноос эхлэн орчин үеийн роботын эрин эхэлсэн гэхэд болно. Энэ үед Westinghouse Electric Corporation нь Elektro хэмээх хүн төрхт робот бүтээсэн бөгөөд үүнийгээ 1940 оны Дэлхийн үзэсгэлэн яармаг дээр олонд үзүүлсэн байна. (2-р зураг)

Тэгвэл анхны бие даасан электрон роботыг William Grey Walter хэмээх нөхөр Английн Burden Neurological Их сургуульд байхдаа бүтээжээ. Энэ роботоо Elmer, Elsie гэж нэрлэсэн байна. Эдгээр роботууд нь гэрэл мэдрэх бөгөөд объектуудтай харьцаж өрж тавьдаг чадвартай байв.

Гэхдээ орчин үеийн гэж болох жинхэнэ роботыг 1954 онд George Devol бүтээжээ. Яагаад гэвэл тэрээр цэвэр дижитал ажиллагаатай, програмчилж болдог, сургаж болдог байлаа. Нэрийг нь Unimate гэж өгсөн байна.  Анхны Unimate роботыг Devol маань өөрөө General Motors компанид 1960 онд зарсан байна. 1961 онд энэ роботыг New Jersey дэх салбар үйлдвэртээ суурилуулж ажиллагаанд оруулсан ба тэрээр дөнгөж цутгагдсан час халуун машины эд ангиудыг зохих газарт нь өрж хураах үүрэгтэй байжээ.

Эх сурвалж: Veritech.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!