Апплекейшн

YOUTUBE KIDS ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН АПП-ЫН ТАЛААР ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН МЭДВЭЛ ЗОХИХ 7 ЗҮЙЛ

Бага насны хүүхдүүдийн хувьд та YouTube Kids апп-ыг ашиглан тэдний үзэж байсан зүйлийн бүртгэлийг хадгалах боломжтой. Нүүр хуудасны дээд талд байгаа Зөвлөмж болгож буй (Recommended) гэсэн дүрс дээр товшоод баруун тийш шудар. Та тоглуулах товчлууртай, доод талд нь улаан зураас бухий видеонуудыг харах болно. Эдгээр нь таны хүүхдийн үзсэн видеонууд юм. Доод талын зураас нь голдуу хар өнгтэй байдаг нь таны хүүхдийн үзэлгүй алгассан видео юм.

1.ТОХИРГОО ХИЙХ

YouTube Kids aпп-ыг тохируулахын тулд та дараах зүйлийг хийх хэрэгтэй.
– YouTube Kids програмыг татаж аван YouTube дансаа холбох.
– Хүүхдийнхээ нэр, нас, төрсөн огноог оруулах.
– Хүүхдийн насанд тохирсон видеоны төрлөөс сонгон апп-д оруулах, эсвэл өөрөө сонголтыг хийх.
– Хэрэв та контентийг батлахаар шийдсэн бол жишээ болгон хэд хэдэн видеог танд танилцуулах ба зөвшөөрөх эсвэл татгалзах сонголтыг хийж болно. Та цуглуулга, шоу, хөгжим эсвэл танин мэдэхүй, сурган хүмүүжүүлэх төрлүүдийг сонгож болно.
– Сонголтоо хийсний дараа апп-ыг ашиглахад бэлэн болно.

2. АПП-ЫГ АШИГЛАХ

Тохируулга хийсний үндсэн дээр хүүхэд апп-ыг ашиглан аюулгүй видеоны багцыг үзэх боломжтой. YouTube Kids нь аюулгүй видеог сонгохдоо хүн биш алгоритм ашигладаг тул зарим тохиромжгүй видео шүүлтүүрээр нэвтрэх боломжтой гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Хэрэв тохиромжгүй видео гарч ирвэл та баруун дээд цэсийг сонгоод блоклох, цааш мэдээлэх боломжтой. Энэ нь таны хүүхдэд туслахаас гадна YouTube Kids апп-ыг бүхэлд нь сайжруулахад тустай.

3.ЗАР СУРТАЛЧИЛГАА

YouTube Kids дээр ч гэсэн хүүхдүүд зар сурталчилгаа үзэх болно гэдгийг санах нь зүйтэй. Эдгээр нь Ad гэсэн тэмдэглэгээтэй байх бөгөөд өмнө нь сурталчилгааны танилцуулга гардаг. Хоол хүнс ундаа зэрэг бүтээгдэхүүнийг сурталчлахгүй байх YouTube-ийн зар сурталчилгааны бодлогын дагуу сурталчилгаа, сурталчилж байгаа бүтээгдэхүүний төрлийг шалгадаг. Гэсэн хэдий ч видеог зохиогчид тоглоом болон бусад зүйлсийг сурталчлах зорилгоор шууд бичлэгтээ оруулах нь бий.
Ta YouTube Premium-д бүртгүүлснээр үндсэн YouTube-тэй адил YouTube Kids дээрх заруудыг арилгах боломжтой. Энэ нь интернэтгүй офлайн орчинд үзэхэд зориулж видеог татаж авах боломжийн сацуу бусад апп, програм ашиглаж байхдаа цаана нь видео үзэх боломжийг олгодог давуу талтай. Хэрэв та хүүхдүүдээ холын аялалд дагуулж явах бол энэ нь үнэхээр тустай байж болох юм. Телевизийн сурталчилгаа, автобусны зогсоол дээрх зурагт хуудасны адил YouTube Kids-ийн зар сурталчилгаа хэрхэн ажилладаг. яаж хүлээж авах нь зүйтэй талаар хүүхдүүдтэйгээ ярилц. Жишээлбэл, ТВ-ийн сурталчилгаанд гарч буй нэмэлт дуу, дүрс, гэрлийн эффект, хэт дөвийлгөсөн тайлбарын талаар ярилцаж болно. YouTube Kids нь таны хүүхдийн үзэх дадлын талаархи мэдээллийг хэрхэн цуглуулдаг, энэ нь зар сурталчилгаа, видео агуулгатай хэрхэн холбогддогийг ойлгох нь чухал. Видео контент үзэх үед тус апп нь тухайн хүүхэд ямар төхөөрөмжөөс ямар хэлээр, ямар видео үзэж, юуны тухай хайлт хийснийг тэмдэглэж авдаг. Дээрх мэдээллүүд дээр тулгуурлан тохирсон контентийг санал болгоход ашиглагддаг. Хэдий YouTube Kids нь ашиг сонирхолд тулгуурласан сурталчилгаа эсвэл дахин маркетинг хийхийг зөвшөөрдөггүй боловч дээрх хувийн мэдээллийг агуулгад суурилсан зар сурталчилгаанд ашиглаж болно.

4. САЙН КОНТЕНТ СОНГОХ

YouTube Kids дээрх хамгийн давуу чанаруудын нэг бол хүүхдэдээ таалагдсан суваг, видео, видео цуглуулгыг сонгож болдог явдал юм. Энэ нь хүүхэдтэйгээ хамт сууж үзэхийг хүсч буй зүйлийг нь илүү сайн ойлгох сайхан боломж юм. Үзэхийг хүсч байгаа тодорхой сэдэв байна уу? Хүүхэдтэйгээ хамт сууж байгаад тухайн сэдвийн хүрээнд өөр өөр хувилбараар шалган, тэдэнд хамгийн сайн тохирох сувгуудыг сонгоорой.
YouTube Kids апп дээр Хайх функцийг идэвхгүй болгож болдог. Ингэснээр бага насны хүүхдүүд арай ахимаг насныханд зориулсан контент узэхээс сэргийлдэг. Тус апп нь мөн тохиромжгуүй сувгуудын видеог дараа үзэхийг санал болгохоос зайлсхийдэг. Хэрэв та хүүхдийнхээ үзэх видеоны агуулгыг сонгосон бол зөвхөн эдгээр нь л гарч ирнэ. Хэрэв та насны хязгаар тогтоосон бол зөвхөн тухайн насанд тохирсон видеонуудыг санал болгоно.

5. ДЭЛГЭЦИЙН ЦАГИЙН ХЯЗГААРЛАЛТ

Хүүхдийнхээ өдөрт YouTube-ийн видеог үзэх цагийг хэд хэдэн аргаар зохицуулах боломжтой. Хүүхдэдээ ухаалаг гар утас, таблет өгөхөөсөө өмнө YouTube Kids aпп дээр цаг тохируулж болно. Цаг дуусмагц видеог түр зогсоох болно.
Мөн iPhone, iPad төхөөрөмжүүдийн тохиргоо хэсгийн Дэлгэцийн цаг(Screen Time) орж цагийн хязгаар тогтоож болно. Энэ нь хүүхдүүдийн дэлгэцийн өмнө зарцуулж байгаа цаг хугацааг мэдэх боломж олгохоос гадна төхөөрөмжийг хэзээ, хэрхэн ашиглахыг зааж өгдөг. Үүнтэй ижил төстэй хязгаарлалтыг Андройд төхөөрөмж дээр Family Link aпп-ын тохиргоогоор дамжуулан хэрэгжүүлж болно. Circle систем гэх мэт бусад систем эсвэл интернетийн чиглүүлэгч дээр суурилагдсан функцууд нь олон төхөөрөмжид хязгаарлалт тогтоох боломжийг олгодог. Хүүхдүүд өөрсдийн төхөөрөмж дээрх ашиглалтын цаг дуусмагц өөр ухаалаг гар утас, таблет эсвэл ухаалаг телевиз руу явдаг тул олон төхөөрөмж дээр ингэж хязгаарлалт хийх нь тустай.
Бага насны хүүхдүүдийн дэлгэцийн цагийг эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байлгахаар хязгаарлаж байгаатай адил том хүүхдүүдтэй энэ талаар ярилцах хэрэгтэй. Өдөрт дэлгэцийн өмнө зарцуулах цагийн зохистой хэм хэмжээг ярилцан хязгаарлалт дээр тохиролц. Ингэснээр тэд үүнийг цагдах механизм гэхээсээ илүү өөрт нь тустай гэж харах боломжийг олгодог.

6. ХЯЗГААРЛАЛТ

YouTube Kids aпп-ыг ашиглахаас гадна гэр бүлийнхэн чинь YouTube үздэг бусад аргуудад хязгаарлалт тогтоож болно. YouTube ашиглах үед өөрийн аккаунт (данс)-аар нэвтэрч, хэрэглэгчийн профайл руу орж Хязгаарлагдмал горим-ыг асаана. Мөн видеоны хуудасны доод хэсэгт Хязгаарлагдмал горим: Асаалттай-ыг дарж идэвхжүүлж болно. Хөтөч дээр Хязгаарлагдмал горимыг түгжих дээр дарж бусад хэрэглэгч дээрх горимыг унтраахаас сэргийлээрэй.

7.ХАМТДАА ҮЗЭХ

YouTube – ийг эерэг байдлаар ашиглах өөр нэг сайхан арга бол хүүхдэд таалагдах, үр өгөөжтэй байх суваг контентийг хайхад цаг хугацаа зарцуулах явдал юм. Жишээлбэл сард нэг удаа гэр бүлээрээ цугларч, сүүлийн дөрвөн долоо хоногийн хугацаанд өөрт таалагдсан дуртай видеогоо бие биедээ үзүүлэх нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд таатай нөлөө үзүүлнэ. Энэ нь өнгөрсөн хугацаанд таны үзсэн зүйлийн талаар яриа өрнүүлэхээс гадна таалагдсан зүйлээ бусадтай хуваалцах боломжийг олгодог.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!