Бизнес мэдээ

Шинээр бизнес эрхлэгчдэд өгөх 10 зөвлөгөө

Patriot Software компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Mike Kappel Форбес сэтгүүлийн уншигчдад зориулж дараах зөвлөгөөг нийтэлжээ. Тэрээр олон шинэ бизнесүүдийг эхлүүлж, алдаж онож ирсэн ба түүний Patriot Software буюу 1-100 ажилтантай жижиг бизнесийн цалин бодох онлайн систем нь шилдэг нягтлан бодолтын системд зүй ёсоор ордог билээ. Барууны сэтгэлгээнд тулгуурлан, шулуун шударга бичсэн энэхүү нийтлэлийг бизнесээ эхлүүлэх гэж буй танд сонирхуулъя.

Айдастайгаа нүүр тул

Хүн бүрд л өөрийн шинэ бизнесээ эхлүүлэх санаа төрдөг. Гэвч тэр санаачилга нь чадахгүй байх гэсэн шалтгууд, бүтэлгүйтэхээс айсан айдсаас нь улбаалан тэр болгон эхлэлээ тавьдаггүй. Харин бизнес эхлүүлэхтэй холбоотой эрсдэлээс эмээх бол хэвийн зүйл бөгөөд тэрбум тэрбумын орлоготой бизнес эрхлэгчдэд ч айдас, итгэлгүй байдал төрсөөр л байдаг. Тиймээс чадахгүй гэж бодсон шалтаг болгонтойгоо нүүр тулж, шийдэл ол.

Бусдын зөвлөгөө, шүүмжлэлийг сонс

Старт-ап буюу шинэ бизнес нь шулуун зураас шиг эхэлсэн замаараа шууд явдаггүй. Цаг үе, нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад тулгуурлан уян хатан байж, өөрчлөлтөд дасан зохицох чадвартай байснаар амжилтад хүрдэг. Анхны санаанаасаа эрс өөр болчихсон тохиолдол ч бий. Тиймээс таны бизнесийн талаар бусад хүмүүс (гэр бүл, найз нөхөд, хэрэглэгчид, хөрөнгө оруулагчид) ямар бодол сэтгэгдэлтэй байгааг сайтар тандаж, шаардлагатай өөрчлөлт шинэчлэлтийг тогтмол хийж байгаарай.

Шийдлийг санаачил

Юу зарах вэ гэж бодохоосоо илүүтэйгээр ямар асуудалд шийдэл олох вэ гэсэн хандлагаар сэтгэвэл илүү амжилттай бизнесийн санааг олно. Тодорхой нэг сегмент, ниш зах зээлийн тулгамдаж буй асуудлын шийдвэрлэснээр таны бизнес зорилтот зах зээлдээ хүрч, үнэнч, идэвхтэй хэрэглэгчидтэй болно. Миний хувьд софтвэйр сонирхдог гэдгээсээ илүүтэйгээр, надтай адил жижиг бизнес эрхлэгчдийн ажлыг хөнгөвчлөхийг хүссэндээ Patriot Software цалингийн системийг бүтээсэн.

Аль болох энгийн бай

Энтрепренерүүд бол цаанаасаа л шинэ шинэ санаа ундран гарч байдаг хүмүүс. Үүнийхээ үр дүнд заримдаа хэтэрхий том, нүсэр бүтээгдэхүүн бий болгож, тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зардал нь өсөж, хэрэглэгчдийн гар дээр өндөр үнэ, өртөгтэй бараа очиж, худалдан авалт буурах эрсдэл үүсдэг. Харин шинэ бизнес эрхлэгчдэд багаар эхэлж, тодорхой нарийвчилсан зах зээлийг онилж, зөвхөн тэдэнд л зориулсан чанартай бүтээгдэхүүн санал болгох нь илүү өндөр үр дүнтэй байдаг.

Зардлаа тооцоол

Бизнесээ эхлэхийн өмнө байж болох бүх зардлыг урьдчилан нарийвчлан тооцоолох хэрэгтэй. Үүнд түрээс, татвар, маркетинг сурталчилгаа, оффисын хэрэглээ, унаа тээвэр гээд л тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулахад оролцох деталь бүрийг орхилгүйгээр, байж болох хамгийн оновчтой зардлыг тогтоох шаардлагатай. Гэсэн хэдий ч бизнес эрхлэхэд төрөл бүрийн тооцоолоогүй зардал гардаг тул эрсдэлээс урьдчилан сэргийлж, төлөвлөсөн зардлаа 4 дахин үржүүлсэнтэй тэнцэх зардлыг бэлтгээрэй.

Ямар ч мөнгөгүй болчихвол яах вэ?

Ямар ч орлогогүй, мөнгөгүй, 0 заасан үед яах вэ гэдгээ ч бас төсөөл – учир нь бизнес эрхэлж буй хүнд тийм зүйл тохиолдох магадлал тун өндөр. Миний эрхэлж байсан хэд хэдэн бизнесүүд амжилтгүй болж дампуурлын ирмэг дээр ирж байсан. Шинэ бизнесүүдийн 50% нь эхний 5 жилдээ дампуурдаг гэсэн судалгаа ч байдаг. Энэ зүйл өөрт чинь тохиолдвол яах вэ? Бүх юм буруугаар эргэхэд зөөлөн газардахад бэлэн байх хэрэгтэй. Хадгаламж чинь хэр хугацаанд өөрийг чинь тэтгэж чадах вэ? Түр зуур хийх өөр ажил олдох уу? гэх мэт…

Үндсэн ажлаа орхих цаг хараахан болоогүй

Хувийн бизнесээ эхлэх гэж байгаа гээд үндсэн ажлаа шууд битгий орхиорой. Жирийн ажилтнаас энтрепренер болох өөрчлөлт бол тийм ч амархан ганц алхам биш. Таны өмнө ахих хэрэгтэй олон шат байгаа. Бизнесээрээ тогтмол орлого олтлоо багагүй цагийг зарцуулах тул эхний хүнд үеүдэд үндсэн ажлаа хийсэн хэвээр байж, ажлаас гадуурх цагаа бизнестээ зарцуулаарай. Шинэ бизнесийн орлого тань хэвийн болж эхлэх үед л түүнд бүтэн цагаар орж ажиллах цаг нь болсон гэсэн үг.

Бизнесээ олонд таниул

Шинэ бизнес эрхлэгчдэд тулгардаг нийтлэг асуудал бол бизнесийнхээ талаар олонд таниулж, сурталчлах байдаг. Бизнесээ үнэхээр л амжилтад хүргэхийг хүсэж байвал бүрэг, ичимхий байдлаасаа салах хэрэгтэй. Хэдийгээр би дотогшоо хүн ч гэлээ бизнесийнхээ шаардлагаар олны өмнө ярьж, нээлттэй байж, шинэ хүмүүстэй танилцаж, харилцааны чадвараа хөгжүүлэх хэрэгтэй болсон.

Хууль, эрх зүйн талаар сайтар мэдлэгтэй бай

Эрхэлж буй бизнестэйгээ холбоотой хууль, эрх зүйн заалтуудтай маш сайн танилцсан байх шаардлагатай. Учир нь та ямар нэг зүйлийг мэдээгүйгээсээ болж асуудалд орвол маш том хэмжээний өр төлбөр, ял шийтгэлд унах хүртэл эрсдэлтэй. Өөрийн бизнес эрхэлж буй салбараас гадна татварын хууль, даатгалын хууль, хөдөлмөрийн тухай хууль гээд л таны зайлшгүй мэдэж байх шаардлагатай зүйл өчнөөн бий. Сайн судалж, магадгүй сайн мэддэг хүмүүс эсвэл байгууллагатай хамтран ажилла.

Хүсэл тэмүүлэл, хэрсүү ухааныхаа тэнцвэрийг хадгал

Хүсэл тэмүүлэл таны бизнесийг хурдлуулах боловч, хэрсүү ухаан харин зөв чигт зална. Бизнес эрхлэхийг машин барихтай зүйрлэвэл хүсэл тэмүүлэл таны хааз болж, хэрсүү ухаан нь жолоогоо залах залуур нь болох юм. Тэгэхээр нүдээ аниад хаазлаад байлгүй, эргэн тойрноо ажигла, зах зээлийн судалгаа хий, бусдаас туршлага судал.

Эх сурвалж: forbes.com

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!