КомпьютерКомпьютер & Гар утас

КОМПЬЮТЕРЫН ПРОГРАММ ХАНГАМЖ

Программ хангамж нь техник хангамжийг удирдах заавруудын цуглуулга бөгөөд таны компьютерт өгсөн мэдээллийг компьютерын ойлгодог хэл рүү хөрвүүлдэг. Хэрэглэгч техник хангамжийг бүрэн ашиглах боломжоор программ хангамж дэмжиж өгдөг гэж ойлгож болно.
Программ хангамжийн дараах 2 төрөл байна. Үүнд:
– Хэрэглээний программ хангамж (Application Software)
– Системийн программ хангамж (System Software)

Хэрэглэгчийн тодорхой шаардлагад нийцсэн, компьютер дээр ажиллах боломжтой программыг ХЭРЭГЛЭЭНИЙ ПРОГРАММ ХАНГАМЖ гэнэ. Хэрэглээний программ хангамж нь хүмүүст компьютерын хэрэглээг хялбар болгож өгдөг. Жишээ нь: Зураг зурах, дуу сонсох, текстэн мэдээлэл боловсруулах, хүснэгт байгуулж тооцоо хийх, тоглоом тоглох зэрэгт Microsoft Word, Excel, Media Player программ хангамжуудыг ашигладаг.
Хэрэглээний программыг голдуу дараах 2 байдлаар ангилдаг.

Хэрэглэгчийн хэрэглээний программууд
Интернэт хэрэглээний программууд

Системийн программ хангамж нь техник хангамж болон программ хангамжийн хоорондын үйл ажиллагааг зохицуулан хэрэглэгчдэд хамгийн хялбар байдлаар компьютертэй харьцах боломжийг дэмждэг. Системийн программ хангамж нь компьютерыг ажлуулж, бусад хэрэглээний программ хангамжийг ажиллахад бэлэн болгох бөгөөд компьютерт өгөгдсөн даалгаврыг гүйцэтгэх, принтер, гар, хулгана зэрэг дагалдах төхөөрөмжүүдийн ажиллагааг зохицуулах зэрэг үүрэгтэй.
Системийн программ хангамж нь 3 хэсгээс бүрдэнэ. Үүнд:
– Үйлдлийн систем
– Утилити программ
– Драйвер программ


Үйлдлийн систем нь компьютер дээр ажилладаг хамгийн чухал программ. Өөрөөр хэлбэл компьютерыг асаах үед хамгийн эхэнд ажиллаж, бусад программуудыг удирддаг. Хэрэв таны компьютерт үйлдлийн систем байхгүй бол компьютер болон бусад программуудыг ашиглах боломжгүй. Үйлдлийн систем нь Windows, UNIX, Linux, Macintosh зэрэг олон төрөл байдаг. Эдгээрээс хамгийн өргөн хэрэглэгддэг нь Windows үйлдлийн систем юм.

Utility программ (ScanDisk, Kaspersky) нь техник хангамжийг ямар нэг хэлбэрээр дэмжих, түүнийг засах, шалгах зэрэгт хэрэглэгдэнэ.
Драйвер программ (Driver install) нь үйлдлийн систем болон техник хангамжийн хоорондын тохиргоо хийхэд хэрэглэгдэнэ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button