Байгууллагын систем

ҮҮЛЭН ТООЦООЛОЛ (CLOUD COMPUTING)

Сүлжээнд холбогдсон техник хангамж (сервер компьютерууд) болон түүн дээр суурилагдсан программ хангамж, үйлчилгээ (service) болон бизнес моделиудыг нийтэд нь “үүл” гэж нэрлээд, үүнийг ашиглах технологийг “үүлэн тооцоолол” гэж томъёолдог. Өөрөөр хэлбэл хэрэглэгч өөрийн хэрэгцээт программ хангамж, өгөгдлүүдээ интернэтийн сервер дээр байрлуулж ашиглана. Тэдгээр программ хангамжууд, өгөгдлийн бүхий л засвар үйлчилгээ, найдвартай ажиллагаа зэргийг тухайн үүлэн тооцооллын системийг ажиллуулж байгаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага бүрэн хариуцаж ажиллана.
Үүлэн тооцоолол нь Grid Computing болон Utility Computing технологиудыг нэгтгэсэн технологи юм. Энэ хоёр технологийг нэгтгэснээр төсөөлшгүй шинэ санаа, асуудлыг шийдэх оновчтой сонголтыг гаргаж ирсэн юм.  

Бидний мэдэх gmail, facebook, google drive зэрэг нь үүлэн тооцооллын систем юм.
Таньд интернэт л байхад ямар нэгэн нэмэлт программ хангамж хэрэггүй компьютер, гар утас, таблет дээрээс байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, орлого зарлага, тайлан тооцоо болон бүтээгдэхүүний үлдэгдэл зэргийг онлайн орчинд хянах боломжтой бөгөөд эдийн засгийн хэмнэлт, хялбар хэрэглээ, ая тухтай байдлыг бий болгох юм. Өөрөөр хэлбэл: Хэрэглэгч бүх хэрэгцээт программ хангамж, өгөгдөл болон мэдээллээ интернэт дэх сервер дээр байршуулж хэрэглэж байгаа гэсэн үг.

ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН ДАВУУ ТАЛ, БОЛОМЖУУД
1. Real-time data. Та хүссэн үедээ байгууллагын үйл ажиллагааг хэдийд ч, хаанаас ч, шууд хянах боломжтой. Жишээ нь: Ажилтнуудын чөлөө авах, хэрэглэгчдийн асуудлыг шууд шийдвэрлэх боломж.
2. Customer Loyalty. Хэрэглэгчийн бүртгэл, үйлчилгээ авсан түүх, холбоо барих мэдээлэл, санал хүсэлт зэргийг бүртгэн бодитой хямдрал урамшуулал үзүүлснээр хэрэглэгчийн сэтгэл ханамжид нөлөөлөх, Loyal Сustomer буюу үнэнч хэрэглэгчийг бий болгох юм.
3. Business Management. Байгууллагын дотоод үйл ажиллагаанд олон давуу талуудыг бий болгох ба ажилтны борлуулалт, ажлын бүтээмж, борлуулалтын дэлгэрэнгүй тайлан зэрэг чухал мэдээллүүдийг шууд гарган хяналт тавих, дүгнэлт гарган дотоод үйл ажиллагааг зохицуулах боломжтой.
4. Time Saving. Цаг хугацаа бол бизнесийн хамгийн чухал хэмжүүр. Өдөр тутам давтагддаг үйлдлүүдийг автоматжуулснаар үр ашгийг нэмэгдүүлдэг нь бизнесийн зарчим. Жишээ нь: Ухаалаг кассын систем нь үүлэн тооцооллын технологид суурилсан бөгөөд овор хэмжээ бага учир хаана ч ашиглах боломжтой. Үүний тусламжтай ажилтнууд хоорондоо цаг алдалгүй мэдээлэл дамжуулах, хаанаас ч шаардлагатай мэдээллээ хүлээн авна. Мөн тайлан тооцоо гаргах цагийг хэмнэдэг.
5. Cost Saving. Өдөр тутмын цаг, хүн хүч зарцуулах гар ажиллагаануудыг хялбарчилснаар ажлын өртөг, зардлуудыг бууруулна.
6. Data Security & Processing. Өгөгдөл, мэдээллийн өдөр тутмын үр ашигтай боловсруулалтыг хийхээс гадна байгууллага, хэрэглэгчид, түншүүд болон борлуулалтын өгөгдөл, мэдээллийн нууцлалыг бүрэн хамгаалах боломжтой.


ҮҮЛЭН ТООЦООЛОЛ БА ТҮҮНИЙ ЧИГЛЭЛҮҮД
Үүлэн тооцоолол нь хэд хэдэн үндсэн чиглэл рүү түлхүү хөгжиж байна. Үүнд:
• Virtualization. Виртуалчлалын технологи нь үүлэн сервер үйлчилгээ үзүүлэгчдэд олон төрлийн үйлдлийн системийг нэвтрүүлэх боломжийг дэмждэг. Энэ нь компьютерын виртуал хувилбар бүтээх тусгай программчлалын техникийг ашигладаг бөгөөд компьютерын системүүдийг нэг виртуал машинд суулгаж, нэг байгууллага эсвэл олон байгууллагын хэрэглэгчдэд программыг үр ашигтай, хэмнэлттэй, тохиромжтой байдлаар түгээх боломжтой. Виртуалчлалын технологи нь техник хангамжийн уян хатан нөхцөлийг санал болгож, мэдээллийн технологийн засвар үйлчилгээ, дэд бүтцийн зардлыг мэдэгдэхүйц бууруулдаг.
• Service-Oriented Architecture (SOA). Олон төрлийн үйлчилгээг нэгтгэсэн архитектур нь үүлэн тооцооллын хамгийн сүүлийн үеийн технологи юм. Энэ нь хэрэглэгчдэд багц үйлчилгээ үзүүлэх зорилготой төрөл бүрийн программ хангамж, үйлчилгээнүүдийг зохицуулах үүрэгтэй.
• Grid Computing. Үүлэн тооцоололд хэрэглэгддэг өөр нэг технологи бол Grid тооцоолол юм. Энэ нь олон тооны компьютерын тооцоолох нөөцийг сүлжээгээр дамжуулан нэгтгэдэг. Ингэснээр их хэмжээний тооцооллыг гүйцэтгэх давуу талтай. Grid тооцоолол нь тооцоолох ажлыг жижиг дэд хэсгүүдэд хувааж, сүлжээгээр тараан, тооцооллын төхөөрөмжүүдэд хуваарилж, гүйцэтгэнэ.
• Utility Computing. Хэрэглээнд суурилсан тооцоолол нь хэрэглэгчдэд ашигласан хэмжээгээр төлбөрөө төлөх боломжтой программ хангамжийн үйлчилгээг үзүүлэх технологийн загвар юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид тухайн үйлчилгээг ашиглахдаа урьдчилж өндөр үнээр худалдан авахгүй, зөвхөн тухайн ашигласан үйлчилгээний төлбөрийг төлөх, үйлчилгээг өөрчлөх, зогсоох уян хатан боломжоор хангадаг.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button