Дижитал стратеги

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ (IT)

Мэдээллийн технологи (IT –Information Technology) хөгжихийн хэрээр хүний нөөцийн салбарт оюуны хөдөлмөр эрхлэх хандлага өсөж, шинэлэг, дэвшилтэт инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээх хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна.
Мэдээллийн технологи нь компьютер, харилцаа холбооны тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, программчлалын тусламжтай өгөгдөл, мэдээ, мэдээллийг хувиргах, дамжуулах, удирдах, хадгалах, хүлээн авах, боловсруулах тухай ойлголт юм. Мөн мэдээллийн технологи гэсэн ойлголтод цахилгаан хэрэгсэл, хагас дамжуулагч, интернэт болон бусад мэдээлэл түгээх технологиуд болох телевиз, гар утсыг хамааруулна.
МЭӨ 3000 жилийн тэртээд Месопотамийн Шумерчууд анхны бичиг үсэг бүтээснээс хойш хүн төрөлхтөн мэдээллийг хадгалах, олборлох, солилцох боломжтой болсон хэдий ч “Mэдээллийн технологи” нэр томъёог анх 1958 онд Харолд Ж Леавит, Томас Л Вислер нар “Энэ шинэ үйл явцад одоогоор тогтсон нэр байхгүй тул бид үүнийг мэдээллийн технологи гэж нэрлэх хэрэгтэй” хэмээн дурдснаар өргөн хэрэглэж эхэлсэн гэж үздэг.

Мэдээллийг хадгалах, боловсруулах технологийн үйл явц дээр тулгуурлан мэдээллийн технологийн хөгжлийг дөрвөн үе шатад хуваарилдаг. Үүнд: Механикаас өмнөх (МЭӨ 3000-МЭ 1450), Механик (1450-1840), Электромеханик (1840-1940), Электрон (1940-одоог хүртэл).

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ДЭД БҮТЭЦ

Мэдээллийн технологийн дэд бүтцийн зорилго нь өгөгдөл, программ хангамж, компьютер болон сүлжээний тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийн аюулгүй байдалд эрсдэл үүсэхээс сэргийлэх, өгөгдөл, мэдээлэлд дүн шинжилгээ хийх бүхий л үйл ажиллагааг удирдах юм.

Мэдээллийн технологийн дэд бүтэц:
– Байгууллагын үндсэн систем – Хэрэглэгчийн бүртгэлийн систем, байгууллага доторх болон байгууллага хоорондын мэдээлэл солилцох систем, төлбөр тооцооны систем зэрэг хамаарна.
– Байгууллагын өгөгдлийн сан- Өгөгдлийн сангийн дахин төлөвлөлт, нэгтгэл, шилжүүлэг болон хяналтын үйл ажиллагаа хамаарна.

Мэдээллийн технологийн үндсэн салбаруудыг дурдвал:

– Мэдээллийн технологийн бизнес ба менежмент (IT entrepreneurship & management)
– Цахим аюулгүй байдал (Cybersecurity & Forensics)
– Өгөгдлийн удирдлага, дүн шинжилгээ (Data management & Analytics)
– Тоон систем ба эмбедед систем (Digital Technology & Embedded systems)
– Сүлжээ ба мэдээлэл харилцаа холбоо (Networking, Information & Communications Technology)
– Программ хангамж хөгжүүлэлт (Software development)
– Системийн администратор (System administration)
– Системийн анализ (System analysis)
– Веб болон аппликэйшн хөгжүүлэлт (Web design & Application development)


МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ЧАДВАРУУД
Мэдээллийн технологийн салбарт шаардагдаж байгаа үндсэн ур чадварууд:
– Интернэт орчинд ажиллах
– Компьютер дээр ажиллах
– Төрөл бүрийн мэдээлэл холбооны төхөөрөмж ашиглах
– Сүлжээний нууцлал буюу аюулгүй байдлыг хангах
– Хэрэглээний программ хангамж ашиглан, контент бэлтгэх
– Үйлдлийн систем дээр ажиллах
– Өгөгдөлд дүн шинжилгээ хийх, боловсруулах
– Программчлалын хэл бичих
– Вэбсайт, аппликэйшн зохиох
– Хэлний ур чадвар

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН НИЙТЛЭГ ҮГ ХЭЛЛЭГ:

Мэдээлэл холбооны технологи (ICT – Information & Communication Technology) – Мэдээлэл харилцаа холбооны хэрэгслийг ашиглан мэдээлэл хүлээж авах, түгээх, боловсруулах, хадгалах, дамжуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хамарсан нэгдмэл ойлголт.
Мэдээлэл холбооны төхөөрөмж – Компьютер болон бусад дагалдах төхөөрөмжүүд, дэвшилтэт техник болон технологийн хэрэгслүүдийг (дижитал камер, дрон, проектор гэх мэт) хамруулан ойлгоно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!