Эрсдэлийн удирдлага

ЦАХИМ ОРЧИНД ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХЭРХЭН НУУЦЛАХ ВЭ?

Мэдээллийн технологи хөгжиж смарт утас, компьютер, таблет, сүлжээ, интернэт хэрэглэснээр бидний ажил хөнгөвчлөгдөж мэдээллийн хүртээмж нэмэгдэж байгаа боловч нөгөө талаас иргэдийн итгэмтгий, сонор сэрэмжгүй байдлыг ашиглан залилан хийх үйлдлүүд дагаж нэмэгдсээр байна. Үүнтэй зэрэгцэн хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах, нууцлах вэ? гэдэг хүн бүрийн хувьд нэн чухал асуудал болжээ.

Бидний төдийлөн ач холбогдол өгдөггүй санамсаргүй, итгэмтгий байдал нь бидний хувийн мэдээллийг аюулд оруулж байдгийг та мэдэх үү?

      ТАНЬ РУУ ИРСЭН ХОЛБООС ЛИНК ДЭЭР ДАРАХААС ӨМНӨ ШАЛГАХ

Та цахим сүлжээнд аливаа нэг байгууллагын нэр логотой Та азтан боллоо, Линкээр ороод бүртгүүлээрэй, Нэгж, дата өсгөх арга зааж өгье гэсэн пост, стори харж байсан бол иймэрхүү мэдээлэлд итгэж болохгүй. Мөн танихгүй хэн нэгнээс ирсэн и-мэйл, файл, зураг, холбоос руу нь орохгүй байж сайтар нягтлах хэрэгтэй. Магадгүй Facebook гэж бичихийг Faceb00k гэж бичсэн байхыг та анзаараагүй байж магадгүй.

Энэ холбооснууд дээр дарах мөчид таны компьютер эсвэл утсыг танихгүй этгээд хүссэнээрээ удирдах эрхтэй болно. Хэрвээ таны интернэт банк руу орох мэдээлэл хадгалаатай байдаг бол таны данс уг этгээдийн гарт бүрэн шилжинэ гэсэн үг. Үүгээр зогсохгүй таны чат, зураг, хадгалаатай хувийн мэдээлэл гээд маш олон зүйл тань задрах аюулд орох юм. Тиймээс та үргэлж ямар нэгэн холбоос дээр дархаасаа өмнө түрүүлж сайн судлах хэрэгтэй.

                                        БАТАЛГААЖУУЛАХ КОД ӨГӨХӨӨС ӨМНӨ

Утсанд нь очсон баталгаажуулах кодоо явуулаад өгөөч гэсэн ямар ч тохиолдолд тухайн кодыг бусдад дамжуулахгүй байхыг сайтар анхаараарай. Түүнчлэн онлайн худалдаа, хүргэлтийн үйлчилгээ, бараа үйлчилгээний мэдээлэл авахаар утасны дугаараа цахим орчинд олон түмний дунд үлдээхээс аль болох татгалзаарай.

Гэмт этгээдүүд зөвхөн баталгаажуулах код асуугаад зогсохгүй аль нэг олонд танигдсан компани болон байгууллагын нэрийг барьж таны хувийн мэдээлэл хэрэгтэй боллоо гэсэн мессеж явуулдаг. Хүмүүс ихэнхдээ том компани эсвэл улсын байгууллагын нэр болон лого байгааг хараад сайтар нягтлахгүйгээр мэдээллээ явуулдаг. Энэ нь аюултай. Гэмт этгээдүүд ямар нэгэн байгууллагын сошиал болон вэб хуудсыг маш төстэй хийх чадвартай байдаг. Тиймээс хувийн мэдээллээ өгөхөөсөө өмнө сайн судалж, мөн тэр байгууллага руу залгаж тодруулж байгаарай.

    СОНИРХОЛТОЙ НЭРЭЭР ТАНЫ АНХААРЛЫГ ТАТАХ АППЛИКЕЙШНҮҮД

Та фэйсбүүк ашиглаж байхдаа Та өнгөрсөн амьдралдаа ямар амьтан байсан бэ? Та 10 жилийн дараа хаана амьдрах вэ? гэх мэт хүний сонирхлыг шууд татах линк болон аппликейшнтэй таарч байсан байх.

Тэдгээр холбоос болон аппликейшнүүдээр дамжин таны хувийн мэдээллийг авдаг гэдгийг та мэдэх үү? Эдгээр аппликейшнүүд содон бөгөөд хүнд хоргүй нэрийн цаана нуугдаж хүмүүсийн мэдээллийг цуглуулах зорилготой байдаг. Түүгээр ч зогсохгүй танд Instagram, Facebook, twitter- ийн account-ийг нь албан ёсны (verified badge) ☑️ тэмдэгтэй болгоод өгье зураг болон таныг илэрхийлэх бичиг баримтын зургаа явуулаарай гэвэл итгэх хэрэггүй шүү. Тиймээс та нүдэнд туссан сонирхол татсан холбоос болгоныг нягталж шалгахгүйгээр битгий дараарай.

               ХАЯСАН КАРТ, БИЧИГ БАРИМТАА ХҮЧИНГҮЙ БОЛГОХ

Бичиг баримт болон картаа алга болгосон дариудаа хамаарал байгууллагууд руу нь холбогдож хүчингүй болгох хэрэгтэй. Бид хаясан даруйдаа тэр бүр хүчингүй болгуулахгүй хайнга хандаад орхичихдог. Гэтэл таны иргэний үнэмлэх эсвэл жолооны үнэмлэх, гадаад паспорт танихгүй хүний гарт орвол тэр хүн таны талаар бүх мэдээллийг олж авах боломжтой гэсэн шүү. Олсон мэдээллээ ашиглан таныг эдийн засаг санхүүгийн асуудалд оруулж мэднэ шүү.

                       НЭГ ТӨРЛИЙН НУУЦ ҮГ АШИГЛАХААС СЭРГИЙЛ

Та сошиал сувгууд руугаа нэвтрэх нэр нууц үг бүрээ давтахгүй үүсгээрэй. Ялангуяа нууц үгээ байнгын давтамжтай сольж байх нь таны аккаунтын аюулгүй байдлыг хангаж өгөх болно. Нууц үгээ зохиохдоо том жижиг үсэг ашиглаж, тоо болон тэмдэгт оруулах нь хүчтэй хамгаалалт болж өгдөг. Үүн дээр нэмээд 2 алхамт баталгаажуулах тохиргоог и-мэйл болон сошиал аккаунтдаа заавал хийгээрэй.

Энэ мэт хувийн мэдээллээ бусдад санаандгүй болон итгэмтгий байдлаасаа болж тарааж цахим гэмт хэргийн хохирогч болох эхний алхмаа хийсэн байдаг. Хэн нэгэн хүн танаас бичиг баримт дээрх мэдээлэл, утсанд ирсэн баталгаажуулах код, банкны дансны дугаар болон бусад хувийн мэдээллийг тань асуувал няхуур байж хэн яагаад, ямар зүйлд хэрэглэх гэж байгааг түрүүлж асуух, танихгүй хүнээс ирсэн и-мэйл, чат, зураг сэжиг бүхий линк дээр дарахын өмнө судлах нь цахим халдлагаас өөрийгөө хамгаалах хамгийн чухал алхам.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!