КомпьютерТөхөөрөмж

КОМПЬЮТЕРЭЭ УДААН ХЭРЭГЛЭХ БОЛОМЖУУД

Хүмүүс бидний санамсаргүй гаргадаг түгээмэл алдаа нь компьютерын эдэлгээ, насжилтад сөрөг үр дагавар авчрах нь бий. Хэрэв та дараах үйлдлийг хийдэг бол таны компьютерын насжилт их, бага хэмжээгээ богиносож болно. Та өөрийн ажил, амьдралын чухал хэрэгцээ болох компьютертойгоо урт хугацаанд нөхөрлөхийг хүсэж байгаа бол дараах зүйлсийг анхаараарай.

                                                БАТЕРЕЙ АШИГЛАЛТ

Хэрвээ анх компьютер худалдан авах үед 10 цаг батерей ажиллана гэсэн бол насан туршдаа ингэж ажиллана гэсэн үг биш. Ямар ч компьютерийн хувьд тодорхой хугацааны дараа энэхүү үзүүлэлт нь буурдаг. 10 биш 9 цаг эсвэл түүнээс ч бага хугацаанд ажиллаж магадгүй. Энэ нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж болно.

  • Компьютерын цэнэгийг үргэлж 0%  болтол ашигладаг бол
  • Компьютерынхаа цэнэглэгчийг үргэлж цахилгаанд холбоотой байлгадаг бол
  • Дундажаар зөөврийн компьютер нь 1,000 цэнэглэлт буюу 2-4 жил хүртэл хэвийн ажилладаг.Иймээс цаг хугацааны насжилт нь нөлөөлж болно.

Дээрх шалтгаануудын аль ч таны зөөврийн компьютерийн батерейнд нөлөөлж болох бөгөөд олон дахин давтамжтай алдааг гаргахгүй байх нь батерейгаа илүү удаан ашиглах боломжийг олгоно шүү.

                              ХЭТ ХАЛАЛТЫГ АНХААРАХГҮЙ ОРХИХ

Ачааллаж байгаа зүйлсүүдээс шалтгаалж компьютер халах тохиолдол түгээмэл байдаг. Хэрэв хэт өндөр температурт удаан хугацаагаар ажилласаар байвал процессор, сэнс, батарейны ашиглалтын хугацаа богиносох эрсдэлтэй. Суурин компьютерын хувьд агааржуулалтын нүх эсвэл хөргөлтийн сэнс хангалттай байгаа эсэхийг шалгаарай. Мөн дулаан хадгалах дамжуулах зүйлээс процессорыг хол байрлуулбал тохиромжтой. Харин зөөврийн компьютерийн хувьд хаана ч байршуулаад ашиглах боломжтой тул ямар гадаргуу дээр тавьж байгаа вэ? гэдгээ маш сайн анхаарах хэрэгтэй. Хүмүүс өвөр дээрээ байршуулах, дэр эсвэл хөнжил дээр тавьж суух зэргээр багагүй ашигладаг. Энэ нь зөөврийн компьютерын доорх агаарын урсгалыг хааж халсан гадаргуу нь хөрөх боломжийг өгдөггүй. Үүнээс үүдэн хэт халалт үүсэх мөн сэнсэн гадаргуу руу тоос шороо орох зэргээр компьютерийг гэмтээх эрсдэлтэй. Иймээс зөөврийн компьютерийг ашиглахдаа аль болох хатуу гадаргуу дээр байршуулах эсвэл зориулалтын сэнсэн дээр байршуулахыг зөвлөж байна. Мөн халуун температур бүхий орчин, жишээлбэл зуны улиралд машинд зөөврийн компьютероо үлдээхгүй байхыг зөвлөж байна.

                                                 БОХИР ХЭРЭГЛЭЭ

Бүх компьютер цаг хугацааны явцад тоос, шороог дотроо хуримтлуулах нь мэдээж. Гэхдээ энэ нь түүнийг бохир хэрэглэж болно гэсэн үг огт биш шүү. Түүнийг тогтмол цэвэрлэх нь компьютерын насжилт уртасгахад нөлөөлж болно. Зарим хүмүүс компьютер дээрээ ажиллангаа юм идэх муу зуршилтай байдаг. Маш жижиг үйрмэгүүд ч гэсэн компьютерын эд анги руу орж асуудал үүсгэж болдог. Мөн шингэн зүйл асгасан гунигт түүхүүдийн талаар дурсаад ч хэрэггүй байх. Иймээс аль болох компьютер дээр ажиллах үедээ юм идэхгүй байхыг зөвлөж байна. Зөвхөн идэх юмны хогоос гадна үс, тоос, шороо гээд олон хог түүнд орсоор л байдаг учир тодорхой давтамжтай цэвэрлэж байх хэрэгтэй. Мөн суурин компьютерийг шал эсвэл хивсэн дээр шууд бүү байрлуулаарай. Аль болох тавцан дээр байрлуулбал тохиромжтой.

                                          ХАЙХРАМЖГҮЙ ХАНДАХ

Суурин компьютерыг оновчтой байршилд байрлуулсан бол байнга хөдөлгөж өөрчлөх шаардлага бараг гардаггүй тул хайхрамжгүй хэрэглээнээс үүдэлтэй эрсдэл тулгарах нь харьцангуй бага. Харин зөөврийн компьютерын хувьд хайхрамжгүй хэрэглээнээс үүдэлтэй гэмтэл авах нь түгээмэл. Мэдээж зөөврийн компьютер цэцгийн дэлбээ шиг эмзэгхэн биш ч гэлээ дэлгэцээс нь барьж явах, нэг талаас нь онгойлгож нээх, унагах, юманд цохих, буйдан ор зэрэг рүү шидэх гэх мэтээр хандах нь гэмтэл үүсгэж болзошгүйг анхаарах хэрэгтэй.

      ЦАХИЛГААНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ БУЮУ ЦАХИЛГААНЫ ГЭМТЭЛ

Компьютерын гол ажиллах эх үүсвэр бол мэдээж цахилгаан. Бүх төрлийн компьютерт цахилгааны гэнэтийн огцом өсөлт болон уналтаас хамгаалах тэжээлийн адаптер байдаг ч энэ нь огт аюулгүй гэсэн үг биш. Ялангуяа цахилгаан салаалагчийг бид түгээмэл ашигладаг бөгөөд энэхүү төхөөрөмжийн насжилт 3-5 жил байдаг гэж үздэг. Иймээс компьютероо холбож асаадаг цахилгаан салаалагч/уртасгагч/ шилжүүлэгчээ ямар нэгэн гэмтэлтэй эсэх мөн ашигласан хугацаагаа харгалзан үзээрэй. Мөн цахилгааны ямар нэгэн гэмтэлтэй цахилгаан дамжуулагчид компьютероо холбохгүй байхыг зөвлөж байна.

                                     КАБЕЛЬ БОЛОН ХОЛБОЛТУУД

Холболт болон кабелийг гэмтээх нь тэжээлийн адаптертай харьцуулахад тийм ч аюултай биш ч компьютерт багагүй нөлөөлж болно. Компьютерт ямар нэгэн зүйл холбоотой ажиллаж байх үед компьютерээ шууд хаахгүй байвал дээр. Хэрэв компьютерын USB оролтод флаш диск ажиллаж байх үед компьютерынхоо дэлгэцийг шууд хааж унтраасан бол флаш диск болон USB оролтыг гэмтээж болзошгүй. Кабелийн хувьд мөн адил цахилгаанд залгаатай үед байнга татах, гулзайлгах юм бол доторх холболтыг таслах магадлал өндөр байдаг.

                         ХАМГААЛАЛТГҮЙГЭЭР ИНТЕРНЕРЭЭР АЯЛАХ

Интернэт орчинд маш олон төрлийн хорлонтой програмууд байдаг. Албан ёсны сайтууд хүртэл энэхүү вирус, програмаар халдварласан байхыг үгүйсгэхгүй. Иймээс компьютер дээрээ заавал хамгаалалтын програмтай байхыг зөвлөж байна. Ихэнх тохиолдолд хүмүүс үнэгүй хамгаалалтын программ ашиглах эсвэл крактай хувилбарыг ашигладаг. Энэ нь мэдээж тодорхой хэмжээнд хамгаалж чадах ч яг үндсэн лицензтэй хувилбар шиг төгс ажилладаггүй.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!