Контент Маркетинг

Гар утсаараа видео контент хийх бяцхан зөвлөмж

Гар утасны камер жил ирэх тусам улам сайжирч зөвхөн мэргэжлийн камераар чанартай видео бичдэг цаг өнгөрчээ. 2018 онд АНУ-ын найруулагч Стивен Содербергийн найруулгаар дэлгэцнээ гарсан “UNSANE” киног л гэхэд зөвхөн гар утсаар бичсэн байх жишээтэй. Гар утсаар сайн видео хийгээд сурчихвал аяллын тань цомог, ирээдүйд эргэж харах дурсамжууд тань илүү гэрэлтэй болох болно. Ингээд танд гар утсаар сайн видео хийх энгийн зөвлөгөөг хүргэе.

1. Юу илэрхийлмээр байна вэ гэдгээ хамгийн түрүүнд тодорхойл

Яриа голлосон мэдээлэл хүргэх видео байвал камераа хөдөлгөөнгүй байршуулж, яриа өгч буй хүнийхээ нүүрэн дээр гэрлээ өгөх зэргээр зохиомжилж болно. Хөдөлгөөнтэй, өгүүлэгчийн царай харагдахгүй тохиолдолд үзэгчийн анхаарал нэг зүйл дээр тогтдоггүй. Эсвэл гол дүргүй энгийн ахуйг харуулсан видео хийх гэж буй бол гол үзүүлэх объектыг аль өнцгөөс авах эсэхээ бодолцож, бичлэг хийсний дараа тохиромжтой ая, дуу оруулж өгч болох юм.

2. Бичлэг эхлэхээс өмнө зөв тохиргоог тохируул

Бичлэг нэгэнт бичиж эхэлсэн бол зогсоохоос нааш тохиргоог өөрчилж болохгүй. Эсвэл алдаж боломгүй мөчийг бичлэгт буулгасан ч чанар муу, буруу тохиргоотой биччихсэн бол үнэхээр хайран. Иймд эхлээд гар утасныхаа тохиргоо цэс рүү орж 1080HD, 4K чанар зэрэг тохиргоогоо зөв хийсэн эсэхийг шалгаарай. 4K видео хийх нь илүү чанартай боловч маш их багтаамж шаарддаг учраас хэрэв таны утсанд хангалттай их зай үлдээгүй бол 1080HD чанараар бичихийг зөвлөе.

Мөн гар утсанд fps гэдэг тохиргоо бий бөгөөд “frames per second” буюу нэг секундэд хэдэн дүрс солигдох вэ гэдгийг хэмжих нэгж юм. Ихэвчлэн 24, 30, 60 гэсэн сонголт байдаг ба ихсэх тусмаа илүү хөнгөн, “smooth” харагдана. 30 fps нь энгийн стандарт хэмжээ бөгөөд 24 fps нь дүрсийг илүү уран сайхны, cinematic харагдуулдаг. Жишээлбэл маш олон уран сайхны кино 24 fps дээр бичигдсэн байдаг ба хуримын бичлэгүүд, классик хувцасны рекламууд, байгалийн дүрслэлүүд зэрэг илүү мэдрэмж агуулсан, уран сайхны бичлэгийг хийхэд тохиромжтой. Харин 60fps дээр илүү хөдөлгөөнтэй, хурдтай, эрч хүчтэй эсвэл slow-motion буюу удаашруулсан бичлэг хийхэд илүү тохиромжтой.

3. Маш энгийн ч хамгийн үнэтэй зөвлөгөө үргэлж линзээ арч

Хэдий маш энгийн ч гар утсаар бичлэг хийхдээ алддаг хамгийн түгээмэл алдаа бол линзээ арчихгүй байх явдал. Нарны гэрэл, дэлгэцийн гэрэлтүүлгээс болж хэдий бичлэг хийж байх үед тань харагдахгүй байж болох ч бичлэг дууссаны дараа үзвэл бүрзгэр, толботой байх тохиолдол их. Ийм видеог яаж ч янзлаад чанартай болгож чадахгүй гэдгийг анхаараарай. Линз арчих алчуур авч явах, эсвэл үгүй ядаж цамцныхаа захаар заавал арчих хэрэгтэй юм шүү.

4. Stabilizer буюу хөдөлгөөн тогтворжуулагч

Орчин үеийн гар утаснууд өөр дээрээ дүрс тогтворжуулагчтай болж таны видеог илүү үзэхэд тааламжтай болгодог болжээ. Хэн ч маш их хөдөлгөөнтэй, савласан видеог үзэхэд нүд эрээлжлэн таагүй мэдрэмж төрүүлдэг. Хэдий таны гар утсанд автомат тогтворжуулагч байгаа ч үргэлж хоёр гараараа утсаа барин видео хийж байгаарай. Энэ нь видеог илүү хөдөлгөөнгүй, cinematic болгож харагдуулна. Эсвэл GorillaPod, Osmo Mobile зэрэг нэмэлт төхөөрөмж авчихвал энэ тал дээр санаа зоволтгүй байж болно.

5. Гэрэлтүүлэг болон Golden hour

Таны хийж буй видеоны гол дүрийн объектын ардаас гэрэл тусаж хэрхэвч болохгүй. Энэ үед гол дүр нь харлаж, сүүдэрлэж харагдах болно. Гэрэлтүүлэг зөвхөн урдаас нь эсвэл дээрээс байх ёстой гэдгийг анхаараарай. Гэрэл нь видеоны сэдвийг тодорхойлохоос гадна сэтгэл хөдлөлийг илэрхийлж, өдөөж өгдөг. Хэрэв гадаа дүрс авч буй бол Golden hour буюу нар мандах, нар жаргаж буй үед аль болох авахыг хичээгээрэй. Энэ үед хамгийн үзэсгэлэнтэй гэрэл гардаг бөгөөд нэмэлт гэрэл хэрэг болдоггүй. Мандах, жаргах энэ хэсэгхэн хугацааг амжилттай ашиглаж чадвал сэтгэл хөдөлгөм, үзэсгэлэнтэй видео үлдэх болно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!