Дижитал стратеги

Бизнест түгээмэл ашигладаг мэдээллийн системүүд

Мэдээллийн системийн хурдацтай хөгжил нь бизнесийн олон салбарт нөлөөлж байна. Бизнесүүд өдөр тутмын үйл ажиллагаандаа мэдээллийн системийн олон төрлийн төхөөрөмжүүдийг ашиглан нөөцөө удирдах, хэрэглэгчдэдээ хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх, ажил үйлчилгээгээ хялбарчлах улмаар зах зээлд хурдацтай өсөх стратегийг баримталж байна.

Бизнесүүдийн түгээмэл ашигладаг мэдээллийн системүүдийг дурдвал:

ПОС систем / POS

ПОС систем нь бараа бүтээгдэхүүн борлуулах үед борлуулалтын мэдээлэл (юуг, хэзээ, хаана, хэдий хэмжээгээр, хэнд худалдсан) -ийг цуглуулдаг систем юм. ПОС систем нь бар кодын хэрэглээг бүтээгдэхүүний удирдлагын стандарт болгодог. Уг системийг сүлжээ дэлгүүр, супермаркет, их дэлгүүр, зоогийн газар, худалдааны төвийн түгээлтийн мэдээллийн систем-д ашигладаг. Энэ системийн давуу тал нь борлуулалтын цуглуулсан мэдээлэлд үндэслэн маркетингийн судалгаа, борлуулалтын урьдчилсан таамаглалыг хийх боломжтой. Цуглуулсан мэдээллийг бүтээгдэхүүний хөгжүүлэлт, шинээр дэлгүүр нээх стратеги зэрэгт ашиглах, улирал, бүс нутаг, цаг хугацаанаас хамааруулан захиалгын тоо, бараа материалын хэмжээг тохируулахад ашигладаг. Тухайлбал, жижиглэн худалдааны байгууллага ийм мэдээллийг өөрийн брэндийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэхдээ ашигладаг.

IС карт

IC карт нь IC чип буюу хагас дамжуулагч интеграл бүхий хуванцар карт юм. Өгөгдлийг шифрлэх боломжтой тул ийм картыг хуурамчаар хялбар үйлдэх боломжгүй. Уламжлалт соронзон карттай харьцуулахад хадгалах мэдээллийн хэмжээ нь хэдэн арваас хэдэн зуу дахин их тул их хэмжээний мэдээлэл хадгалах боломжтой. IC карт нь соронзон картаас илүү боломжтой тул төрөл бүрийн салбарт өргөнөөр хэрэглэгддэг.
IC картын энгийн жишээ нь ATM-ын карт, санхүүгийн байууллагын зээлийн карт болно.

RFID (Radio Frequency Identification)

RFID нь хүн болон объектын мэдээллийг жижигхэн радио чип-ээр таних механизм юм. Радио чипийг шошго, дугтуй, түлхүүрийн оосор, бугуйн зүүлт зэрэгт суулган унших боломжтой учраас хүн болон объектод түүнийг ашиглахад хялбар. Үүнээс гадна RFID нь хэд хэдэн радио чипыг нэг зэрэг таних боломжтойгоороо онцлог. Энэ боломжийг ашиглан түлхүүрийн оосорт буй радио чипээр хүмүүсийн орох, гарах хөдөлгөөнийг удирдах эсвэл жимс ногоо, мах зэрэг бүтээгдэхүүний шошгод суурилуулсан дээрх радио чипээр түгээлтийн мэдээллийн түүхийг хянах зэргээр мөшгөх систем-д ашиглаж байна. Радио чипийг IС шошго эсвэл утасгүй IC карт гэж нэрлэдэг. Радио чип болон уншигч төхөөрөмжийн холбогдох боломжит зай нь хэдхэн сантиметрээс 2 метр хүртэл хэмжээтэй байдаг ба тэжээлээ антенаар дамжуулан авах боломжтой. Түүнчлэн IC картанд антенн суурилуулснаар зайнаас унших боломжийг бүрдүүлсэн учраас хүрэлцдэггүй хэлбэрийн IC карт нь RFID технологийн ангилалд багтдаг. IC картын түгээмэл жишээ нь цахим мөнгө, тээврийн хэрэгслийн тасалбар, жолооны үнэмлэх болно .

Цахим мөнгө

Цахим мөнгө нь бэлэн мөнгөөр урьдчилан цэнэглэсэн хүрэлцдэггүй төрлийн IC картаар бүтээгдэхүүний үнэ болон бусад төрлийн төлбөрийг жинхэнэ мөнгөтэй ижил байдлаар төлөх механизм юм. Сүүлийн үед ухаалаг утсанд суулгасан IC карт хэлбэрийн цахим мөнгийг түгээмэл ашигласаар байна. Хэдийгээр түүнийг ашиглах арга нь урьдчилсан төлбөрт карт, бэлгийн купонтой төстэй боловч, IС картын олон дахин цэнэглэх боломжтой байдаг нь байгаль орчинд ээлтэй давуу талыг бий болгож, хэрэглэгчдийн сонирхлыг өргөнөөр татаж байна. Нөгөөтээгүүр задгай мөнгө ашиглах шаардлагагүй учраас өндөр настай хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэрэглэхэд хялбар байдаг нь түүний бас нэг давуу тал юм.

Кредит карт

Кредит карт нь хэрэглэгч болон картын компани хооронд гэрээ байгуулан ашиглах карт юм. Хэрэглэгч ийм картыг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахдаа (хүчин төгөлдөр хугацаа, ашиглах хязгаар зэрэг) тодорхой нөхцлийн дор ашиглах боломжтой зээлийн карт юм. Энэ төрлийн карт эзэмшигч нь кредит картын компаниас хэрэглэгчийн ашигласан мөнгөн дүнг нэхэмжилсний дараа төлбөрөө төлнө.
Төлбөрийг тухай бүр хийх шаардлагагүй учраас хэрэглэгч дансандаа үлдэгдэлгүй байсан ч худалдан авалт хийх боломжтой. Зээлийн төлбөрийг нэг удаа эсвэл хэд хэд хувааж төлөх боломж нь зээлийн картын давуу тал юм. Гэвч зээлийн хүүгийн төлөх дүн нь эргэн төлөлтийн хуваарилалтаас хамаарах тул хэрэглэгч өөрийн төлбөрийн чадвараас хэтрүүлэн хэрэглэх эрсдэлтэй байдаг. Тиймээс ийм картыг хянуур хэрэглэх шаардлагатай.

Дебит карт (J -Debit)

Дебит карт нь санхүүгийн байгууллагын бэлэн мөнгөний картаар бараа бүтээгдэхүүн худалдан авч болох карт юм . Энэ нь аливаа бүтээгдэхүүн худалдан авах үед дебит картыг ПОС терминалд уншуулж хэрэглэгч нууц кодоо оруулахад тэр даруйд банкны данснаас нь мөнгөн дүн татагдах механизм юм. Банкны дансны үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд төлбөр хийгдэхгүй тул, дебит картыг эзэмшигч өөрийн төлбөрийн чадвараас хэтрүүлэн ашиглах боломжгүй юм . Төлбөрийн системйн хураамж бодогддоггүй нь энэ картын давуу тал боловч зээлийн карттай харьцуулахад ашиглах боломжтой газрууд цөөн, карт ашиглах хугацаа хязгаартай байдаг учраас дебит картыг ашиглах боломжтой эсэхийг нягталж үзэх шаардлагатай.

GPS систем

GPS систем нь хиймэл дагуул ашиглан байршлыг нарийн олж тогтоодог цахилгаан соронзон долгионыг хүлээн авах систем юм. Энэ нь АНУ-ын зэвсэгт хүчний боловсруулсан батлан хамгаалах технологи. GPS систем нь уртраг, өргөрөг, өндрийг тодорхойлох боломжтой ба хүлээн авагчийн байрлалыг сантиметрээс хэдэн арван метрийн нарийвчлалтай тогтооно. GPS системийг хүмүүс дангаар нь хэрэглэхээс гадна автомашины удирдлагын систем болон гар утсанд суурилуулан өргөнөөр ашигладаг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!