Эрсдэлийн удирдлага

Сүлжээний орчинд цуглуулсан өгөгдлөөс хортой код бүхий файлыг илрүүлэх

PCAP файлтай ажиллан халдлагад шинжилгээ хийх нь – 1

Халдлага илрүүлэх системд илэрсэн халдлагыг тодорхойлох, тухайн халдлагын учрал тохиолдохоос сэргийлхийн тулд түүнийг задлан шинжлэх, шинж чанарыг тодорхойлох, халдлага үйлдэгдсэн аргачлал, хэрэгслийг илрүүлэх нь чухал байдаг. Тэгвэл уг үйлдлийг гүйцэтгэхэд түгээмэл ашиглагддаг хэрэгсэлүүд нь tcpdump, wireshark зэрэг юм.

Вирусны эсрэг програмгүй Windows 10 үйлдлийн систем бүхий компьютерт хортой код бүхий *.doc файл нээснээр мэдээллийг хуулбарлан авах боломжтой халдлага хийгдэж буй үйлдэлд задлан шинжилгээ хийж үзье.

Зураг 1 Халдлага илрүүлэх системийн мэдээлэл

Нэгэн байгууллагын SOC инженер 2021 оны 2 сард халдлагын шинжтэй үйлдэл тухайн байгууллагын халдлага илрүүлэх системд (IDS) илэрсэн тухай мэдээллийг мэдээллийн аюулгүй байдлын шинжээчид мэдэгдсэн бөгөөд аюулгүй байдлын шинжээч тухайн мэдээлэлтэй холбоотой халдлага илрүүлэх систем болон логийн мэдээллийг шалгахад (Зураг 1, Зураг 2, Зураг 3-т тус тус үзүүлэв) халдлага үйлдэгдсэн болох нь илэрхий болов. Иймд тухайн үеийн сүлжээний урсгалыг задлан шинжилгээ хийж үзхээр сүлжээний урсгалын мэдээллээс тухайн өдрийн урсгалыг (*.pcap) ялган авав.

Зураг 2 Халдлагын логийн мэдээллийн хэсэг (1)

Зураг 3 Халдлагын логийн мэдээллийн хэсэг (2)

Дээрх лог файлуудаас үзэхэд HTTP холболт тогтсоны дараах үеэс эхлэн халдлага хийгдсэн болох нь тодорхой байгаа тул сүлжээний урсгалаас HTTP холболтоор дамжсан мэдээллийг HTTP filter ашиглан ялгав (Зураг 4).

Зураг 4 HTTP протоколоор дамжсан өгөгдлийг ялгав

Дараагийн алхамаар HTTP протоколоор дамжсан object-уудыг тодорхойлов.

Зураг 5 HTTP протоколоор дамжсан объектуудыг тодорхойлох

Үүний үр дүнд хэд хэдэн сэжигтэй *.php хуудсууд болон *.bin, *.exe файлууд байгааг олж илрүүлэн уг хуудсууд болон файлуудыг save as (export) хийн авч шалгалтын ажлыг туршилтын машин дээр үргэлжлүүлэв.

Зураг 6 HTTP протоколоор дамжсан объектууд

Татаж авсан файлуудыг virustotal.com систем ашиглан шалгахад тухайн файлуудын хувьд ямар нэгэн хөнөөлтэй үйлдэл байхгүй гэж тодорхойлогдсон тул илүү нарийвчлан шалгах зорилгоор joesandbox.com систем ашиглан ажиллагааг шалгаж үзэхэд дараах үр дүн гарч уг файлууд компьютерт backdoor үүсгэх, компьютерээс файл хуулах зэрэг цөөнгүй тооны халдлагын шинжтэй үйлдэл хийдэг болох нь тодорхой болов (Зураг 7).

Зураг 7 Халдлагыг sandbox орчинд задлан шинжилсэн байдал

Үүний дараа уг файлууд хэрхэн компьютерт халдварласан болохыг тодорхойлох зорилгоор татаж авсан *.php хуудсуудыг ажиллуулж үзэхэд *32.doc файлд хандаж байв (Зураг 8).

Зураг 8 Хортой код бүхий файлыг татаж авахыг санал болгож буй байдал

Дээрх ажлын үр дүнд тухайн хэрэглэгч уг *32.doc файлыг татаж авч нээснээр тухайн халдлагын хохирогч болсон нь тодорхой болов.

Дүгнэлт:

Уг халдлага нь хэрэглэгчийг хөнөөлтэй код бүхий *.doc файлд хандах холбоост чиглүүлэх замаар уг файлыг хэрэглэгчийн системд хадгалах үйлдэл хийлгэнэ.
Хадгалсан файлыг нээх үед хөнөөлт файлууд болох **01.bin; **01s.bin; **.hj.exe файлуудыг хэрэглэгчийн компьютер дээр ажиллуулан халдлага үйлдэх орчин бүрэн бүрдэнэ.
Уг халдлагын үр дүнд хэрэглэгчийн системд хандах, хэрэглэгчийн компьютерээс дурын файлыг хуулах зэрэг үйлдлүүд нээлттэй болно.
Дээрх файл болон халдлагын үйлдлүүдэд анализ хийхэд Cobalt strike, Ficker stealer, Hancitor зэрэг хэрэгсэлүүд ашиглан үйлдэгдсэн болох нь харагдаж байна.

Зөвлөмж:

Баталгаагүй эх сурвалжид холбогдохгүй байх;
Аливаа файлыг и-мэйлээр болон бусад эх сурвалжаас татаж авсан бол шууд ашиглахгүй халдлагатай эсэхийг шалгаж байх;
Сэжигтэй файлыг мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнээр шалгуулж байх;
Сэжигтэй үйлдэл илэрсэн тохиолдолд мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэнд даруй мэдэгдэж байх;
Сүлжээний мониторингийн болон IDS/IPS систем ашиглаж байх;
Сүлжээний урсгалыг тодорхой давтамжтайгаар хадгалж, задлан шинжилж байх.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!