Сошиал Медиа сувгууд

Google, Facebook компаниуд далай доогуур татсан кабелиар Азийн орнуудыг интернэтэд холбох төлөвлөгөөгөө танилцуулав

Даваа гарагт Google, Facebook компаниуд Гуам арал, Япон, Филиппин, Тайвань, Индонез, Сингапурыг далай доогуур татсан кабелиар интернэтэд холбох шинэ төлөвлөгөөгөө танилцуулжээ.

Apricot нэртэй энэхүү төслийн хүрээнд 12,000 км урт кабель татаж, 2024 онд ашиглалтад оруулах юм байна.

Шинэ төсөл өмнөхөөсөө илүү найдвартай, хурдан, багтаамжтай, тасралтгүй интернэт холболтыг Ази, Номхон далайн бүс нутагт хүргэнэ гэж Фэйсбүүк компанийн инженерийн албаны захирал Нико Ройрих мэдэгдэлдээ өгүүлжээ.

Тус хоёр компани Калифорнийг Хонг Конгтой далай доогуур татсан кабелиар холбох төслөө энэ жил зогсоосон нь АНУ-Хятадын улс төрийн маргаан зөрчилтэй холбоотой байв.

Даваа гарагт бас Фэйсбүүк компани далай доогуур татсан кабелийн сүлжээндээ Африк тивийн дөрвөн улсыг нэмж холбох болсноо зарласан юм.

Үүнд Сейшелийн арлууд, Коморын арлууд, Ангол, Нигери улсууд хамрагдах болсон байна.

Шинэ улсуудыг холбох ажлыг Alcatel Submarine Networks компани гүйцэтгэхээр шалгарчээ.

Далай доогуур татсан кабелийн сүлжээ нь өнөөдөр дэлхийн нийт дата урсгалын 99 хувийг дамжуулдаг гэдэг.

АНУ-ын технологийн аварга компаниуд Ази болон Африкийн өсөн нэмэгдэж буй зах зээлүүдэд үйлчилгээгээ хүргэх дэд бүтцийг ийнхүү өргөтгөсөөр байна.

Эх сурвалж: AFP

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!