Сурталчилгаа & Хэрэглэгчийн сэтгэл зүй

Маркетингийн lead гэж юу вэ?

Вэб сайтад ирэх урсгал, тэр дундаа хайлтын системээс ирэх урсгалын тоо, сошиал медиа сувгуудад дагагчдын тоо, имэйл хаягаа бүртгүүлэгчид бүгд л таны онлайн бизнесийн үйл ажиллагааг илтгэх тоон мэдээллүүд гэхдээ Lead буюу бүртгүүлэгчид нь магадгүй хамгийн гол хүчин зүйл нь гэж хэлж болно.

Лийдийн тоо нэмэгдэх тусам таны онлайн бизнес их орлого олох буюу амжилттай байх болно.

Lead гэж юу вэ?

Лийд гэдэг нь борлуулалттай илүү хамаатай ойлголт бөгөөд таны санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээг тодорхой хэмжээнд сонирхож буй худалдан авалт хийх магадлалтай вэб сайтаар зочлогсод юм.

Тэд дурын нэгэн биш, худалдан авалт хийх үндэслэл бүхий ямар нэг шинж чанартай байдаг. Тэр зүйл нь тэдний сонирхол байж болохоос гадна өмнө нь хийж байсан худалдан авалт ч байж болно.

Тэднийг худалдан авалт хийх боломжтой эсэхийг нь, юу сонирхдогийн нь мэдээд түүнд нь тааруулж бүтээгдэхүүнээ санал болговол борлуулалт илүү үр дүнтэй байна.

Чанартай лийдийг хэрхэн үнэлэх вэ?:

Юунд дуртай болохыг олж мэдэх
Өмнө нь худалдан авалт хийж байсан хандлагаар нь
Жишээ нь: гитар тоглох дуртай, рок хөгжим сонсдог, хуучны хөгжим цуглуулдаг гэх зэрэг мэдээллүүд байж болно.

Борлуулалт хийх магадлалтай хэрэглэгчдийг 2 янзаар ангилдаг.

Маркетинг чанартай лийд гэдэг нь танай бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхож болохоос гадна мөн сонирхохгүй ч байж мэдэх хүмүүс бөгөөд тэд сурталчилгааг нь сонирхож үзэж байгаа хүмүүс юм.

Мөн тэд тухайн сонирхож буй бүтээгдэхүүн үйлчилгээгээ хайж судлаж байгаа ч яг юу авахаа хараахан шийдээгүй байгаа нэгэн юм. Ерөнхийдөө сайн сурталчилгаа үзвэл бусад хүнтэй харьцуулахад худалдан авалт хийх магадлалтай хүмүүсийг Маркетинг чанартай лийд гэж хэлж болно.

Борлуулалтын чанартай лийд гэдэг бол таны санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож байгаа төдийгүй худалдан авахад бэлэн байгаа хүмүүс юм. Энэ хүмүүстэй борлуулалтын ажилтнууд аль болох хурдан холбоо тогтоовол борлуулалт болох магадлал өндөр байдаг. Вэб сайтаар дахин дахин зочлоод байгаа хүмүүс.

Тэд ямар бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэгтэй байгааг болон тэр нь ямар өнгөтэй, ямар брэндийнх байх, ямар хэмжээтэй байх зэргийг сайн мэдэж байхаас гадна, мөн мөнгөтэй, худалдан авалт хийхэд бэлэн байгаа хүмүүс юм.

Хэрхэн онлайн орчноос чанартай лийдүүд олж авах вэ?

1. Газардах хуудас

Энэ нь лийдийг хүлээж аван имэйл хаягийг бүртгэх зорилготой вэб хуудас юм.

Сайн газардах хуудас нь цор ганц л зорилготой байдаг. Вэб хуудсанд зочлогсодын имэйл болон утас зэрэг холбоо барих мэдээллийг нь авч бүртгэх.

Вэб сайтад зочлогсод яагаад бүртгүүлдэг вэ? Тухайн сайт дахь контентууд таалагдсан бөгөөд тус сайтад шинэ контент орж уу үгүй юу хэмээн байн байн зочлоод байхгүйн тулд, шинэ мэдээлэл оруулахаараа миний имэйл хаягаар мэдэгдчиж байгаарай гэж бүртгүүлж байгаа хэрэг юм.

Анхаарал татахаар аятайхан гарчигтай байх хэрэгтэй.

Сайн газардах хуудас тухайн вэб сайтад зочлогсдод хэрэгтэй байх тэр зүйлийг өгч тэднийг бүртгэж авдаг. Бүртгэхийн тулд түүнийг мөн уриалан дуудах товч /call-to-action/ байрлуулсан байна.

Мөн бүртгэхийн тулд мэдээж сайн загвар дизайн бүхий газардах хуудастай байх хэрэгтэй. Дараа нь хэрхэн лийдүүдийг хуудсандаа зочлуулах вэ гэсэн асуулт гарч ирнэ.

2. Сошиал орчинд идэвхтэй оролцогч байх

Сошиал медиа нь чанартай лийд олох гол газар гэж хэлж болно. Фэйсбүүк, твиттер зэрэг нь сонирхолтой контентууд үзэх, мэдээлэл авах талбар төдийгүй мөн ямар нэг бүтээгдэхүүн, үйлчилгээ сонирхож буй хүмүүсийг олох, тэдний итгэлийг олоход тохиромжтой суваг юм.

Хуудсан дээрээ сурталчилгаа оруулахаасаа өмнө дагагчиддаа үнэ цэнэ өгөхийг илүү чухалчлах хэрэгтэй! Түүний дараа тэд өөрсдөө таны бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхох болно. Эхлээд харилцаа үүсгэх нь чухал байдаг юм шүү.

3. И-мэйл илгээх

Магадгүй хамгийн үр дүнд хүргэдэг хэсэг нь хамгийн их цаг зарцуулах хэрэгтэй байдаг.

Хэрэв та чанартай лийдтэй болохыг хүсэж байгаа бол имэйл хаягаа вэб хуудсанд бүртгүүлсэн боловч идэвх муутай хэсгийг ч тоохгүй орхиж болохгүй. Тэдний итгэлийг олох аргыг хэрэв зөв хэрэгжүүлж чадвал бүтээгдэхүүн, үйлчилгээг тань сонирхох магадлалтай хэсгийг олж авах боломжтой.

Зөв хийнэ гэдэг нь?

Тухайн вэб сайтад бүртгүүлсэн хүмүүсийн сонирхолд нийцэх агуулга бүхий имэйл явуулах хэрэгтэй. Тухайн хүнд сонирхолд нь тааруулж имэйл явуулах, харилцаа тогтоох нь ямар үр дүнтэй болохыг судалгаагаар батласан байдаг.

Бүртгүүлсэн хүмүүстээ хэрэгтэй байх имэйл автоматаар явуулдаг байх хэрэгтэй. Үүнд жишээ нь: mailchimp програм зүгээр байдаг. Ингэснээр идэвх муу лийдийг борлуулалт хийх чанартай лийд болгон хувиргах болно.

Хэрэв та хэт бүтээгдэхүүнээ борлуулахад анхаараад байвал тухайн хүнээ алдаж ч болзошгүй гэдгийг санахад илүүдэхгүй болов уу. Түүнийхээ оронд тэр хүнд туслах тал дээр илүү анхаарах хэрэгтэй юм.

Бас нэг анхаарах хэрэгтэй зүйл бол имэйл дээр тань үйлдэлд дуудах үүрэг бүхий товч, агуулга байх ёстой юм.

4. Контент маркетингийг ашиглах

Мэдээж контент буюу блог бичих нь итгэл төрүүлдэг. Одоо эхлүүлэх нь ирээдүйд том ургац хураахад, хайлтын систем дэх байр сууриа нэмэгдүүлэхэд үр дүнгээ өгөх болов уу. Контент их бичих тусмаа их лийдтэй болох боломжтой болдог. Мөн контент нь идэвх муу лийдүүдийг эхний шатнаас дараагийн шатанд хүргэхэд гол үүрэг гүйцэтгэдэг.

Судалгаанаас үзэхэд ихэнх худалдан авагчид худалдан авалт хийхээсээ өмнө 3-5 контент үзсэн байдаг гэсэн байна.

Эх сурвалж: Компассо.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!