Сурталчилгаа & Хэрэглэгчийн сэтгэл зүй

Худалдан авагчийн дүр буюу Buyer Persona-г хэрхэн бизнестээ ашиглах вэ?

Сайн тодорхойлсон худалдан авагчийн дүр буюу buyer persona нь маркетингаа илүү үр дүнтэй хийх боломжийг олгодог.

Худалдан авагчийн дүрийг тодорхойлсноор сошиал орчинд зөв мессежийн тусламжтайгаар зөв хүмүүсээ олж авахад тусладаг бөгөөд интернет маркетингд магадгүй хамгийн гол хүчин зүйл болох контентийн чанарт нөлөөлдөг тул сошиал медиаг бизнестээ хэрэглэгчдийн хувьд гарцаагүй чухал ойлголт юм.

Хэрхэн худалдан авагчийн дүрийг сошиал медиа маркетингдаа ашиглах вэ?

Худалдан авагчийн дүр гэж юу вэ?

Энэ нь судлагааны үндсэн дээр хийсэн, танай хэрэглэгчдийн төлөөлөл, нийтлэг зан төлөвийг илэрхийлэх загвар юм. Гол санаа нь хэрэглэгчдээ төлөөлөх дүр буюу бодит хүнийг тодорхойлох учраас тэр хүндээ зориулж маркетингийн мессежээ боловсруулдаг ба энэхүү мессеж нь хэрэглэгчдийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн болж чаддаг.

Мэдээж олон янзын хүмүүс олон төрлийн шалтгаанаар бүтээгдэхүүн худалдаж авах боломжтой тул хэд хэдэн худалдан авагчийн дүрийг тодорхойлж болдог. Энэ тохиолдолд дүр болгон нь тус тусдаа худалдан авагчийн нас, зан төлөв, зорилго, асуудал, худалдан авалтын онцлог зэргийг агуулдаг.

Хэрэглэгчид бүрийнхээ онцлог талуудыг мэдэх боломжгүй ч гол сегмент тус бүрийг төлөөлөх дүрийг тодорхойлох боломжтой.

Худалдан авагчийн дүр тодорхойлсноор бүх контентуудаа тухайн дүрдээ зориулж хийхдээ тэдний хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэх тул маркетингийн стратегиа илүү сайн гаргах боломжтой болдог.

Худалдан авагчийн дүрийг бизнестээ хэрхэн ашиглах вэ?

Худалдан авагчийн дүр нь хэрэглэгчдэдээ тухайлсан зөв мессежийг тодорхойлоход тусладаг.

Та амьдрал дээр хэний анхаарлыг татах гэж байгаагаасаа шалтгаалаад тухайн төрлийн хүмүүст хүрэх мессежээ өөр өөрөөр тодохойлдог. Жишээ нь: эцэг эхдээ ямар нэг мэдээлэл хүргэх гэж байгаа бол нэг өөр мессеж, найзууддаа нэг өөр, ажилтнууддаа гээд бүгдэд нь өөр өөр байх нь мэдээж.

Худалдан авагчийн дүр тодорхойлох талаар сайн ойлголттой болсноор өөр өөр төрлийн хэрэглэгчдэдээ хэрхэн оновчтой хүрч болох талаар ойлголттой болох юм.

Хэрхэн худалдан авагчийн дүр тодорхойлох вэ?

Мэдээж төсөөлөхөөс илүү бодит мэдээлэл, судалгаанд үндэслэвэл илүү сайн дүр болж чадна.

Та хэнийг худалдан авалт хийхийг хүсэж байна тэр хүмүүсийг биш, танаас яг хэн худалдан авалт хийж байна тэр хүмүүсийг л тодорхойлохыг зорь.

Судалгаагаар ажлаа эхлүүлэх бөгөөд доорхи алхамуудын дагуу хийвэл зохино:

1. Худалдан авагчдын судалгаа хийх.

Танаас хэн худалдан авалт хийснийг сайтар судлах. Худалдан авагчдынхаа талаар болж өгвөл бүх мэдээллийг цуглуулах. Жишээ нь: нас, байшил, хэл, орлогын түвшин, худалдан авалтын хандлага, сонирхол, амьдралын хэв маяг /тэтгэвэрт, залуу ээж гэх мэт/. Худалдан авагчдынхаа мэдээллүүдээс боломжтой бүх мэдээллүүдийг имэйлээр, онлайнаар, ярилцлага хэлбэрээр гэх зэрэг арга замууд ашиглан цуглуулах.
Дүн шинжилгээ хийдэг програм хэрэгслүүдээсээ мэдээлэл авах. Сошиал сувгаас танай постуудыг онлайнаар сонирхож үзсэн хүмүүсийн талаар сайн мэдээлэл авах боломжтой. Жишээ нь: Facebook Audience Insights хэсгээс чанартай мэдээлэл авах боломжтой.

2. Хэрэглэгчдэдээ тулгарч буй асуудлуудыг олж мэдэх.

Тэдэнд зорилгодоо хүрэхэд нь ямар бэрхшээл, саад тулгарч байна вэ? Тэднийг амжилтанд хүрэхэд нь юу хойш татаж байна вэ?

Танай брэндийн талаар бусад хүмүүс юу ярьж байна вэ? Тэд яагаад танай бүтээгдэхүүн үйлчилгээнд дуртай вэ?

Тэд ямар төрлийн асуултуудыг танай ажилтнуудаас байнга асууж байна вэ?

3. Хэрэглэгчдийнхээ зорилгыг тодорхойлох.

Энэ нь хэрэглэгчдэд тулгарч буй асуудлынх нь эсрэг тал нь юм. Асуудал нь зорилгодоо хүрэхэд нь тулгарч буй бэрхшээл байдаг бол, зорилго нь хүрэхийг зорьж буй эерэг зүйл байдаг.

Зорилгын талаарх мэдээлийг олж авахын тулд сошиал сувгуудыг ашиглаж болохоос гадна байгууллагын ажилтнууд хэрэглэгчдэд юу тулгарч буйг мэдэх гол эх сурвалж байдаг бол, борлуулалтын ажилтнууд нь хэрэглэгчдийнхээ зорилгыг мэдэж болох эх сурвалж болдог.

Худалдан авагчидтай байнга харилцдаг борлуулалтын ажилтнууд тэд уг бүтээгдэхүүнийг хэрэглэснээр юунд хүрэхийг хүсэж байгаа талаар сайн мэдэж байдаг. Тэднээс хэрэглэгчдийг тань илэрхийлэх бодит ярилцлага, сонирхол зэргийг олж авах, борлуулалт хийхдээ хэрэглэгчдийнхээ асуудлыг шийдэхийн тулд ашигладаг гол стратегуудыг нь олж мэдэх хэрэгтэй.

4. Танай брэнд хэрхэн туслаж болох вэ?

Хэрэглэгчдийнхээ гол асуудлыг мэдсэний дараа танай бүтээгдэхүүн үйлчилгээ тэдэнд хэрхэн туслаж болох талаар сайн зураглал бий болгох хэрэгтэй. Энэ хэсэгт тухайн брэндийнхээ онцлог талаас нь бодохгүй харин хэрэглэгчдэд ямар үр ашгийг санал болгож байгаад илүү анхаарч дүн шинжилгээ хийх хэрэгтэй.

Худалдан авагчийн дүрийн хэрэгтэй байх бас нэг шалтгаан нь маркетерүүдрийн хувьд хэрэглэгчдийнхээ зан чанарын онцлогийг гаргаж ирэх хэцүү байдаг. Худалдан авагчийн дүр нь бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдийн өнцгөөс харах боломжийг олгодог.

Онцлог гэдэг нь бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой байдаг бол үр ашиг нь тухайн бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгчдийн амьдралыг хэрхэн өөрчилж байгаатай холбоотой.

Хэрэглэгчдийнхээ зорилго, тулгарч буй асуудлуудыг нэгтгээд: Бид хэрхэн тэдэнд туслах вэ? хэмээн асуух хэрэгтэй. Хариулт нь мэдээж таны маркетингийн гол мессеж болно.

5. Судалгааныхаа мэдээллийг нэгтгэн худалдан авагчийн дүр болгох.

Цуглуулсан мэдээллүүдээсээ нийтлэг шинж чанаруудыг нь нэгтгээд худалдан авагчийн дүрээ гаргана.

Жишээ нь: Эмэгтэй, 30 орчим настай, хотод амьдардаг, гүйх дуртай, нохойтой гэх зэргээр тодорхойлно.

Худалдан авагчийн дүрдээ нэр өгөн эрхэлдэг ажлыг нь тодорхойлох, дүр тань яг бодит хүн шиг байх хэрэгтэй бөгөөд хэрэглэгчдийг тань илэрхийлэх зарим нэг чухал шинж чанаруудыг хасахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Тухайн хүнийхээ зорилго болон тулгарч буй асуудлыг нь орхиж болохгүй.

Илүү бодит хүн болгохын тулд дараах байдлаар тодорхойлох:

35 настай
Улаанбаатар хотод амьдардаг
Технологийн чиглэлийн компанид ажилладаг
Цэцэрлэгт хүрээлэнд өглөө болгон гүйдэг
Худалдан авагчийн дүр бол танай хэрэглэгчдийн аль нэг сегментийг төлөөлөх бодит нэг хүний тодорхойлолт гэдгийг санах хэрэгтэй. Мэдээж тухайн сегментэд олон хүн байх учраас бүх хүний шинж чанар багтана гэж байхгүй, гэхдээ энэ дүр нь тухайн сегментийн төлөөлөл бөгөөд таныг контентоо хийхдээ тухайн дүрээ бодож, бодит хүнд зориулж хийхэд туслах ёстой.

Хэрэглэгчдээ цаашдаа хэн болохыг хүсэж байна тийм болоход танай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрхэн туслах вэ? гэдэгт анхаарах хэрэгтэй.

Худалдан авагчийн дүрийг хэрхэн ашиглах вэ?

Худалдан авагчийн дүрийг хэрэглэгчдэдээ хандах маркетингийн мессежийг тодорхойлоход туслах бодит хүн гэж харах хэрэгтэй. Байгууллагын албаны хэллэгээс илүү бодит, амьд хүнд хандаж боловсруулсан мессеж илүү үр дүнтэй байдаг учраас худалдан авагчийн дүр тодорхойлох нь ач холбогдолтой байдаг.

Тухайн дүрд ямар асуултууд байна вэ? Тэрээр ямар сошиал суваг голдуу хэрэглэж байна вэ?

Бид түүнд хэрхэн туслаж болох вэ? Бүх дүрдээ энэ асуултанд хариулт өгөх маркетингийн мессежийг боловсруулах. Танай брэнд энэ дүрд зорилгодоо хүрэхэд нь, асуудлаа шийдэхэд нь хэрхэн туслах вэ?

Бизнестэй холбоотой ямар нэг шийдвэр гаргах, маркетингийн стратегиа тодорхойлох гээд бүхий л үед дүрийнхээ талаар бодож байх хэрэгтэй.

Ингэснээр хэрэглэгчдэдээ илүү үнэ цэнэ өгөх боломжтой болох бөгөөд борлуулалтанд сайнаар нөлөөлөөд зогсохгүй танай брэндэд итгэх итгэл бий болно. Та туршаад үзээрэй.

Эх сурвалж: Hootsuite

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!