Дижитал стратеги

И-мэйл маркетинг хийх нь бага зэрэг ажиллагаатай боловч зөв хийж чадвал үр дүнтэй суваг

Зарим хүмүүс и-мэйл маркетингийг үр дүн муутай, учир нь нээж үзэх нь бага байдаг гэдэг. Ямар тохиолдолд үр дүн муу байдаг вэ гэхээр өмнө нь тухайн байгууллагын талаар огт сонсож байгаагүй нэгэнд илгээсэн үед нээж үзэхгүй байх нь мэдээж хэрэг юм. Тэгвэл тухайн байгууллагын контентуудыг өмнө нь үзэж байсан, таалагдаж байсан нэгэнд илгээсэн тохиолдолд нээж үзэх үү?

Вэб сайтад зочлогчдын зарим нь шууд худалдан авалт хийдэг бол нэлээд хэсэгт нь худалдан авалт хийхэд тодорхой хугацаа хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл тэдэнтэй харилцаа тогтоон итгэл төрүүлэхэд и-мэйл маркетингийг хэрэглэдэг. Вэб сайтад ирсэн зочидтой цааш харилцаа тогтоолгүй орхидгоос борлуулалт болохгүй байх нь элбэг байдаг. Тэгвэл тэдэнд хэрэгтэй байж болох мэдээллүүдийг тогтмол илгээж байх нь үр дүнд хүргэдэг.

1. Яагаад и-мэйл маркетинг гэж?

Энэ нь интернет маркетингийн нэг төрөл бөгөөд хэрэв зөв ашиглаж чадвал багагүй үр дүнтэй байж болох сувгуудын нэг юм.

Вэб сайтад оруулсан мэдээллээ бүртгүүлэгчиддээ хүргэж байхад хэрэглэнэ.
Вэб сайтад бүртгүүлсэн хэрэглэгчдийг худалдан авалтанд бэлдэх.
Сурталчилгаагаа хүргэх.
Урт хугацааны харилцаа тогтоох.

2. Хэн хэрэглэх вэ?

Хувийн блогтой нэгнээс эхлээд онлайн дэлгүүртэй нэгэн, бизнес эрхлэгчид, вэб сайттай хүмүүс гээд бүгд хэрэглэх боломжтой.

Ямар ч бизнес эрхэлдэг байсан та вэб сайтаар зочлогсдынхоо имэйл хаягийг бүртгэн авч байх нь тэдэнтэй цаашдаа харилцаа тогтоон, ирээдүйд харилцагч болгоход тусладаг.

3. Хэрхэн эхлүүлэх вэ?

Тэргүүн ээлжинд хийх хэрэгтэй зүйл бол зорилгоо тодорхойлох юм. Хэрэв та зорилгоо мэдэж байвал юунд хүрэх гэж байна түүндээ туслах агуулга бүхий имэйлүүдийг бэлдэх боломжтой болно.

Блогоо сурталчилах.
Вэб сайтдаа урсгал ирүүлэх.
Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилах.
Шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах.
Борлуулалтаа нэмэгдүүлэх.
И-мэйл маркетинг

4. Яагаад бүртгүүлдэг /и-мэйл хаягаа өгдөг/ вэ?

Зочилсон вэб сайтын контентууд надад таалагдсан бөгөөд шинэ мэдээлэл орж уу, үгүй юу хэмээн тухайн сайтаар байнга зочлон шалгаад байхгүйн тулд имэйл хаягаа өгдөг. Тэгвэл сайт эзэмшигч бүртгүүлэгчдийн имэйл хаягийг авсан бол, вэб сайтдаа шинэ мэдээлэл оруулах бүртээ имэйлээр мэдэгдэж байх үүргээ ухамсарлах хэрэгтэй болдог.

Вэб сайтаар зочлогсдын имэйл хаягийг авахын тулд тэдэнд хэрэгтэй, үнэ цэнэтэй зүйл санал болгох хэрэгтэй.

  • Цахим ном
  • Хэрэгтэй зүйлсийн жагсаалт
  • Мэдлэг олгох контент
  • Загвар
  • Санал болгож байгаа зүйл тань тухайн хүнд хэрэгтэй байх тусмаа жагсаалтанд бүртгэгдэх и-мэйл хаягийн тоо нэмэгдэх болно. Мэдээж хэрэг тухайн хүн мэдээллээ оруулангууд цахим ном и-мэйл хаягаар нь автоматаар очдог байхаар зохион байгуулах хэрэгтэй.

5. Юу өгч байх тухайгаа тайлбарла

Магадгүй байнга контент, мэдээлэл бэлтгэн илгээж байх нь хэцүү санагдах байх. Гэхдээ надад итгээрэй тэдэнд мэдээлэл илгээх тусам танд итгэх итгэл нэмэгдэж, худалдан авагч болоход алхам алхамаар ойртох болно.

Тэдэнд ямар мэдээллүүд илгээж байх тухайгаа болон хэт их имэйлээр дарахгүй болохоо тайлбарлах нь зүйтэй.

6. Эхний имэйл

Сайн и-мэйл маркетинг хийх нь вэб сайтад зочин бүртгүүлэнгүүт тэр дор нь эхний танилцуулга имэйл илгээхээс эхэлнэ.

Бүртгүүлсэнд талархалаа илэрхийлэн, түрүүн хэлсэнчлэн цаашид ямар мэдээлэл, хэр давтамжтайгаар илгээж байхаа танилцуулахын сацуу бүртгэлэсээ татгалзах сонголт байдгийг ч мөн мэдэгддэг.

7. Тогтмол илгээж байх имэйл

Вэб сайтад оруулсан блог, мэдээллүүдийг бүртгүүлэгчидээ хүргэж байх и-мэйл юм. Энэ нь харилцаагаа хөгжүүлэхэд тустайгаас гадна мөн вэб сайтдаа урсгал ирүүлж байх боломжийг олгоно. Шинээр бичсэн блогоо илгээхээс гадна мөн байгууллагын эсвэл салбарын шинэ мэдээ, мэдээллийг илгээж болно.

8. Борлуулалтын и-мэйл

Тогтмол илгээх имэйлүүд нь шууд борлуулалтын зорилгогүй, вэб сайт дахь блог руу урсгал авах, бүртгүүлэгчидтэйгээ харилцаа тогтоох зорилготой байдаг бол борлуулалтын имэйл нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах зорилготой байдаг.

Ямар агуулгатай байх нь мэдээж таны ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулдагаас шалтгаална. Шинэ бүтээгдэхүүнээ сурталчлах гэж байна уу? Тэгвэл богино бөгөөд чамин байдлаар танилцуулах нь зүйтэй байх. Хэрэв үйлчилгээгээ санал болгож буй бол хэрхэн бизнест нь тус хүргэх тухай бичихээс гадна бусад байгууллагуудад хэрхэн туслаж, үр дүнтэй байсан тухайгаа дурдахад илүүдэхгүй.

9. Гарчиг

Гарчиг нь магадгүй хамгийн чухал хэсэг юм. Учир нь хичнээн сайн имэйл бэлдлээ гээд гарчиг хэрэв сул байвал дарж орж үзэхгүй л болов уу. Гарчигаа энгийн байлгахаас гадна аль болох товч, хэт борлуулалтын хандлагатай биш байх хэрэгтэй.

Гарчиг сонирхолтой болгох аргууд:

Товч байлга. Ингэснээр гол хэлэх гэсэн санааг харах боломжтой байх ёстой.
Тухайлж харьцах боломжийг бүү алд. Жишээ нь: маркетингийн ажилтнуудад маркетингийн агуулгатай мэдээлэл илгээх.
Имэйлээ юуны тухай болох тайлбар оруулах.
Хөнгөлөлт урамшуулал байгаа бол түүнийгээ оруулах.
Контентийн гарчигт тоо оруулах нь үр дүнтэй байдагтай адил мөн имэйлийн гарчигт ч бас энэ нь хүчинтэй байдаг.
Олон янзын гарчиг хэрэглэж үзээд аль нь илүү үр дүнтэй байгааг олж мэд. Имэйл маркетингийн програм хэрэглэснээр өөр, өөр төрлийн гарчигуудаар A/B төрлийн тест хийж аль нь илүү хандалт авч байгааг мэдэх боломжтой байдаг.

10. Автоматжуулалт

Вэб сайтад бүртгүүлэгчид таны сүүлд явуулсан и-мэйлийг л нээж үзэхээс өмнөх сайн контентуудыг үзэхгүй байх гээд байдаг. Шийдэл нь имэйлийн автоматжуулалт юм. Өөрөөр хэлбэл шинээр бүртгүүлсэн хүмүүст явуулах имэйлүүдийг өмнө нь бэлдээд илгээж байх үйлдлийг автоматжуулж болно. Мөн бүртгүүлэгчидээ худалдан авалтанд бэлтгэхэд ашигладаг.

Автоматжуулалтын 2 арга байдаг. Бүртгүүлсэн хүмүүст тэд хоногийн дараа тийм имэйл явуулна гэх байдлаар хийж болохоос гадна, тэдний вэб сайтад хийсэн ямар нэг үйлдэл /борлуулалт хийх г.м./ бүрт илгээж байхаар тохируулж болно.

Энэ нь ярвигтай юм шиг боловч зөв хэрэгслээ хэрэглээд нэг удаа л бэлдчихвэл цаашдаа таны оролцоогүйгээр байнга хийгдэж байх үйлдэл юм.

11. Сегментлэх

Жагсаалтанд байгаа хүмүүсээ сегментэд хувааснаар илгээсэн имэйлүүдийг нээж үзсэн тоо ихсэхээс гадна вэб сайт дахь урсгалыг ч мөн нэмэгдүүлдэг.

Юу гэсэн үг вэ гэхээр маркетингийн ажилтнуудад маркетингтэй холбоотой мэдээлэл илгээх, бизнес эрхлэгчдэд бизнест нь хэрэгтэй мэдээллүүд илгээхэд тусална. Мөн автоматжуулах боломжтой.

Ямар шинж байдлаар нь сегментлэх боломжтой вэ?

  • Бүртгүүлсэн огноогоор нь
  • Сонирхлоор нь
  • Харилцагчдын төрлөөр нь
  • Байршлаар нь
  • Нас болон хүйсээр нь
  • Ажил үүргээр нь
  • Хэрхэн сегментлэх нь таны бизнесийн төрөл, онцлогоос шалтгаална. Сайн сегмент нь сайн автоматжуулалттай нийлээд үр дүнд хүргэх боломжтой.

12. Хугацаа

Долоо хоногийн аль өдөр, хэдэн цагт илгээж байх нь чухал байдаг. Салбар болгонд өөр өөр байх ч нийтлэг хэдэн дүрэм бий. Жишээ нь: Мэдээж шөнө дунд илгээж болохгүй, долоо хоногийн сүүлээр буюу баасан гаригт илгээх нь үр дүн багатай байдаг. Хамгийн тохиромжтой хугацаа нь өөр, өөр байдаг. Гэхдээ ихэнхдээ Мягмар, Лхагва гаригууд тохиромжтой өдрүүд байдаг.

13. А/В туршилт

Нээж үзэх хүмүүсийн тоог нэмэгдүүлэхийн тулд төрөл бүрээр туршиж үзэж байх нь үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл бага зэргийн өөрчлөлт оруулаад, хоёр өөр хувилбараар илгээгээд аль нь илүү үр дүнтэй байгааг туршиж үзэж байх нь имэйлээ байнга сайжруулах боломжийг олгодог. Үүнийг А/В туршилт гэдэг.

Юуг нь өөрчлөх вэ?

Гарчиг: олон төрлийн гарчиг хэрэглэж үзсэнээр аль төрлийн гарчиг илүү их хандалт авч буйг мэдэх боломжийг олгоно.
Хугацаа: Аль хугацаанд илгээж буй имэйл илүү үр дүнтэйг тогтоох.
Үйлдэлд дуудах товч буюу Call to action: Үйлдэлд дуудах товчны харагдах байдал болон үгийг нь өөрчлөөд үзэхэд гэмгүй.
Агуулга: -ыг нь бага зэрэг өөрчлөөд үзэх.
Зураг: сайн контент нь сонирхлыг ихэд татдаг. Өөр өөр сегментийн хүмүүст өөр өөр зураг таалагддаг тул энэ талаар бодолцоход бас илүүдэхгүй.
Нэр: Хэнээс очихыг өөрчлөөд үзэх. Өөрийн нэрнээс байсан нь илүү үр дүнтэй байна уу, эсвэл байгууллагынхаа нэрнээс явуулах нь илүү үр дүнтэй байна уу?

14. Үр дүнгээ хэмжих

Имэйл маркетингийн үр дүнгээ хэмжиж, дүн шинжилгээ хийж байх нь имэйлүүдээ байнга сайжруулахад тусладаг. Имэйл маркетингийн програмууд нь дүн шинжилгээ хийх олон төрлийн мэдээллүүд гаргах боломжтой байдаг.

Байнга шалгаж байх зүйлс нь:

Аль форм илүү их бүртгүүлэгчтэй байна?
Аль и-мэйл их нээгдсэн байгааг олж мэд. Яагаад вэ? Энэ нь ямар төрлийн гарчиг илүү их сонирхол татаж байгааг хэлж өгнө. Нээж үзсэн тоо их байх нь таныг бүртгүүлэгчидтэйгээ гайгүй сайн харилцаа тогтоож байгаагийн илэрхийлэл болдог.
Дарж үзсэн тоо: Аль и-мэйл хамгийн их даралт авсан байна? Доторх мэдээлэл дунд буй холбоос дээр дарж үзэхгүй байвал тэднийг хангалттай сайн ятгаж чадаагүйг илэрхийлнэ.
Бүртгэлээсээ татгалзсан тоо их байвал и-мэйлүүд сонирхолгүй байна гэсэн үг. Мөн сегмэнтлэл муу хийх нь нэг шалтгаан болдог.
Дүгнэлт

Хаанаас олсон нь мэдэгдэхгүй жагсаалт руу масс и-мэйл илгээх, вэб сайтаар зочлогсдод хэрэгтэй мэдээлэл илгээж цуглуулсан жагсаалт руу имэйл илгээх хоёр нь үр дүнгийн хувьд маш ялгаатай гэдгийг ойлгох хэрэгтэй.

Чанартай бүртгүүлэгчдийн жагсаалт нь интернет маркетингийн чухал суваг болоод байна. Гэхдээ мэдээж бүртгүүлсэн хүмүүст илгээж байх имэйлүүдээ автоматжуулахгүй бол ярвигтай байх нь ойлгомжтой. Миний хувьд mailchimp програмыг ашигладаг бөгөөд дээр дурдагдсан зүйлсийг хийх боломжтойгоос гадна жагсаалт дахь имэйлийн тоо 2000 хүртэлх үнэгүй байдаг.

Эх Сурвалж: compasso.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!