Бүтээгдэхүүн & Үйлчилгээ

Хэрэгцээндээ нийцсэн проекторыг хэрхэн сонгох вэ?

Танд хэрэгцээндээ нийцсэн проекторын сонгоход тань тус дөхөм болох зөвлөгөөг толилуулж байна. Проектор сонгохдоо дараах үзүүлэлтүүдийг анхаарвал зохистой.

Гэрэлтэлт

Проекторын гэрэлтэлтийг ANSI lumens гэсэн нэгжээр хэмжинэ. Энэ тоо нь их байх тусам гэрэлтэх чадвар их байна. Тэгэхээр танд хэр хүчин чадалтай гэрэлтэлт хэрэгтэй вэ гэдгээ тодруулах нь чухал. Проектор харанхуй буюу орчны гэрэлгүй өрөөнд хамгийн тод харагддаг. Гэвч заримдаа орчны гэрлийг та зохицуулж чадахгүй үед танд илүү их гэрэлтэлт сайтай проектор хэрэг болно.

Мөн проектор байрлуулах гэж буй өрөөний хэмжээ, хүний тоо чухал нөлөөтэй. Хүний тоо олон байх тусмаа илүү том дүрс тусгах хэрэгтэй болж тод гэрэлтэлт шаардагдана.

Нягтаршил

Проекторын зориулалтын дэлгэц нь гэрлийг маш сайн ойлгодог учир энгийн ханан дээр тусгаснаас илүү тод дүрс гардаг.

Нягтаршил бол дүрсийг бүрдүүлж буй дүрсийн тоо.  Жишээ нь 800х600 хэмжээтэй бол таны дүрс 480,000 цэгээс тогтож байна гэсэн үг. Тоо ихсэх тусмаа дүрс тод харагдах болно. Нягтаршилийг илэрхийлэхдээ олон тоонууд ярихаас сэргийлж тусгай нэршил ашигладаг байна.

Хэрэв та PowerPoint ашиглаж, мэдээлэл үзүүлэх гэж байгаа SVGA бол таны шаардлагыг хангана. Хэрэв excel дээр бэлдсэн материал үзүүлэх гэж байгаа бол XGA-г санал болгож байна. Эсвэл инженерийн нарийн зураг, мэргэжлийн фото зураг үзүүлэх бол SXGA,UXGA -г сонгох хэрэгтэй

Дэлгэцийн харьцаа

Дэлгэцийн харьцаа нь дүрсний өргөнийг өндөрт нь харьцуулсан харьцаа юм. 4:3,16:9,16:10 гэсэн төрөл байдаг. Энгийн хэрэглээнд 4:3 ашиглаж болно. Харин та өргөн дэлгэц ашиглах бол 16:10-г сонгоорой. Кино болон видео бичлэг үзхэд 16:9 тохиромжтой байдаг.

Холболт

Ихэнх проекторууд нь компьютертэй холбогдох аналоги VGA холболт, видео төхөөрөмжүүдтэй холбогдох Composite холболтыг өөр дээрээ зайлшгүй агуулж байдаг. Хэрэв таны компьютер дижитал гаралттай бол проектортой мөн адил дижитал холболтоор холбох нь өгөгдлийг хувиргаж дамжуулах явцад дүрсний гажилт үүсэх зэрэг элдэв эрсдэлд өртөхгүй. Үүнтэй мөн адил таны видео төхөөрөмж HDMI гаралттай бол HDMI аар холбох хэрэгтэй. Сүүлийн үеийн зарим проекторууд Mobile High-Definition Link (MHL) буюу хувиргасан HDMI оролттой болсон ба энэхүү холболтоор дамжуулж Android төхөөрөмжөөс дамжуулах, тэднийг цэнэглэх боломжтой болсон. Мөн маш олон загварууд утасгүй Wi-Fi холболт дэмждэг болсон.

Жин

Та хэрэглээнээсээ хамаарч проекторын жинг тооцох хэрэгтэй. Хүчин чадал сайтай болох тусмаа хүнд болох нь ойлгомжтой. Проектороо энд тэнд зөөж хэрэглэдэг бол 1-2кг жинтэй зөөврийн проектор (portable) сонговол зүгээр. Хэрэв та зөвхөн нэг газраа байрлуулж, тогтоож хэрэглэх бол 2кг-с дээш жинтэй үзүүлэлт сайтайг сонгоорой.

Технологи

Проекторыг дотор нь дүрсийг хэрхэн бүтээж байгаа технологиор нь проекторыг DLP, LCD, LCoS гэж хуваадаг. Аль аль нь давуу тал болон сул талуудтай тиймээс хэрэглээндээ тааруулан сонгох хэрэгтэй. DLP проектор нь видео болон хөдөлгөөнт дүрс, LCD нь тоон үзүүлэлт болон текст үзүүлэхэд илүү тохиромжтой байдаг. Хэрэв олон компьютертэй өрөөнд ашиглах гэж байгаа бол хос оролттой проектор сонгоорой.

Нэмэлт заагч (pointer) худалдаж авснаар өрөөний хаанаас ч слайдаа удирдах, лазер гэрлийг заагч болгож ашиглаж болдог.

Дуугаралт

Заримдаа л ашиглагддаг болохоор дийлэнх проекторуудад аудио буюу дууны гаралт байдаггүй. Хэрэв та дуу агуулсан илтгэлийн материал эсвэл видео танилцуулга үзүүлэх гэж байгаа бол шаардлагын дагуу аудио гаралттай проектор сонгох нь зөв. Эсвэл спикер зэрэг нэмэлт холболтын төхөөрөмж ашиглаж болно.

3D дэмждэг проектор

Боловсрол, бизнесийн байгууллага, гэрийн хэрэгцээнд, зарим тоглоомонд хүртэл 3D дүрс үзүүлэх шаардлага гардаг учир сүүлийн үеийн проекторуудад зайлшгүй байх шаардлагатай үзүүлэлтийн нэг нь 3D функ болоод байна.

Хэд хэдэн 3D технологийн схем байдаг учир та 3D проектор худалдан авлаа гээд тэр нь таны үзүүлэхээр төлөвлөж буй 3D эх үүсвэртэй холбогдож ажиллана гэсэн үг биш. Жишээ нь тухайн проектор TI’s DLP-Link технологиор ажилладаг бол quad-buffered крафик карттай компьютер шаардана. Open GL горимоор үзүүлэх бол 3D дэмждэг крафик карт шаардана, гэхдээ 3D Blu-ray тоглоуулагчтай хосолж ажиллахгүй. Сайн мэдээ гэвэл Blu-ray тоглуулагч, TV set-top box болон бусад ижил эх үүсвэрээс 3D контент тоглуулах боломжтой проекторуудын тоо нэмэгдэж байна. Эцэст нь хэрэв та 3D проектор авахаар бол өөрийн үзүүлэх гэж буй 3D контентын эх үүсвэрийг дэмжих проекторыг сонгоорой.

Ялгаралт

Хар цагаан өнгөний ялгаралт нь их байх тусмаа дүрсийг тод харуулна. Тиймээс та энэ үзүүлэлтэнд мөн анхаарлаа хандуулаарай.

Баталгаа

Та урт хугацаанд хэрэглэх бүтээгдэхүүнийг баталгаат газраас авах нь дараагийн сервис үйлчилгээг авах, эргэх хаягтай гэх мэт давуу тал ихтэй. Ихэнх проекторын баталгаа дунджаар 1-2 жил байх ба лампны баталгаа тусдаа байдаг. Жишээлбэл 3,000цаг/3 сар эсвэл 5,000цаг/6 сар ч юм уу. Мөн ламп нь жинхэнэ, хуурамч гэж байдаг. Хуурамч ламп хямдхан боловч баталгаат хугацаандаа хүрэлгүй шатдаг. Тиймээс баталгаатай жинхэнэ ламп худалдаж авах нь цаг мөнгөнд хэмнэлттэй юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!