Компьютер

Компьютерынхаа хулгана буюу Mouse-г хэрхэн зөв сонгох вэ?

Удаан хугацаагаар тохиромжгүй хулгана хэрэглэх нь яваандаа өвчин болж хүндэрдэг гэдгийг та мэдэх үү? Repetitive strain injury (RSI) буюу байнга нэг зүйлийг давтаж хийдэг хүмүүст тохиолддог өвчин байдаг. Эсвэл мэдсэн хэрнээ компьютер анх худалдаж авахад дагаж ирсэн хамгийн энгийн хулгана хэрэглэсээр л байна уу? Энд таны ямар үнэтэй хулгана хэрэглэж байгаа нь чухал бус харин хэдэн жилийн дараа гар чинь бугуйгаараа өвддөг, гарын сарвууны үе өвддөг болчихвол нөгөө хэмнэсэн мөнгөсөө илүүг зарцуулж та л эрүүл мэндээрээ хохирно шүү дээ.

Дараах зөвлөгөө танд шинэ хулгана сонгоход тань тус болох байх гэж бодлоо.

Дийлэнх хулгана баруун гартай хүмүүст зориулж хийгдсэн байдаг. Хэрэв та солгой гартай бол тусгайлан зүүн гарт зориулсан хулгана худалдаж авах нь зүйтэй . Мөн ambidextrous буюу аль ч гарт хэрэглэж болдог тэгш хэмтэй хулгана байдаг.

Хэмжээ ба Эрүүл мэнд

Өөрийн гартаа тохирсон хэмжээтэй хулгана хэрэглэх нь хичнээн эвтэйхэн бөгөөд ажлын бүтээмж нэмж болохыг нэг бодож үзээрэй. Хулгана удирдах гарын хэлбэрээр нь дараах байдлаар 3 ангилдаг.

Гарын алгаар удирдах: Гарын алга хулганатай бүрэн хүрэлцэх ба бугуйгаар хулганыг удирдана. Ихэнх ийм хэлбэртэй хулгана хойд хэсгээрээ төвгөр байдаг нь гар амраах зориулалттай.

Сарвуугаар удирдах: Таны алга хэдийгээр амарч байх боловч хуруунууд тань босоо байрлалтай байж хулганыг удирддаг. Ийм хулгана өмнөх хувилбарыг бодвол удирдахад арай хялбар боловч хуруунууд тань амрахгүй.

Хуруугаар удирдах: Та хулганыг зөвхөн хуруунуудаар удирдах ба энэ нь илүү нарийвчлалтай болгож өгдөг. Гэвч энэ барилтын үед гарын алга амрахгүй учраас яваандаа гарын сарвууны үе өвддөг болно.

Утастай юу? Утасгүй юу?

Утасгүй хулгана бага зэрэг үнэтэй байдаг. Нөгөө талаар утасгүй хулгана хоцролттой байдаг(дунджаар 8мс), үүнийг энгийн хэрэглэгчид бол нэг их анзаарахгүй болов уу. Тоглоомчид л тоглож байх үедээ энэ хоцролтыг анзаарах байх. Мөн 2.4Ghz утасгүй гэрийн утас, WiFi цацдаг сүлжээний төхөөрөмжтэй интерференц үүсч болох юм. Батерей худалдаж авах эсвэл цэнэглэх шаардлагатай болно. Гэвч энэ бүгдийг үл анзааран Миний сонголт бол утасгүй хулгана. Ширээн дээр утас хөглөрч байхад хэн дуртай байх билээ дэ. Өөр нэг сонголт бол Bluetooth хулгана.

Нэмэлт товчлуур

Нэмэлт товчлуурууд зөвхөн тоглоомчдод зориулагдаагүй юм шүү. Та ч гэсэн эдгээр товчнууд дээр өөрийн хүссэн үйлдлийг харгалзуулж ажлынхаа бүтээмжийг дээшлүүлэх боломжтой. Нэгэнт ийм хулганатай ажилаад сурчихсан үед дараа нь энгийн хулгана ашиглах нь хичнээн уйтгартай болохыг олж мэдэх болно.

Мэдрэгч

Мэдрэгч нь DPI буюу нэг инчэд ноогдох цэгний тоогоор хэмжигдэнэ. Өндөр мэдрэгч нь тоглоом тоглох, өндөр нарийвчлалтай зургийн ажил хийхэд тохиромжтой байдаг. Ерөнхийдөө бол 800-1200 dpi мэдрэгчтэй хулгана энгийн хэрэглээнд хангалттай байдаг. Зарим хулгана өөр дээрээ мэдрэгч хооронд шилжих боломжтой байдаг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!