Бүтээгдэхүүн & Үйлчилгээ

Хувийн болон албан хэрэгцээндээ хамгийн зөв хэвлэх төхөөрөмж буюу принтерийг хэрхэн сонгох вэ?

Өнөөдрийн байдлаар зах зээлд санал болгогдож буй дийлэнх хэвлэх төхөөрөмжийг хэвлэх технологи, хэвлэх хурд, үйлдлийн тоо гэсэн үндсэн ангиллуудад хувааж болох юм.

Хэвлэх технологи

Үүнд лазер принтер болон шингэн хороор ажилладаг принтер ордог. Эдгээр принтер нь өөр өөрийн давуу болон сул талуудтай.

Оффис, албан байгууллагуудад түгээмэл хэрэглэгддэг лазер принтерүүд нь өндөр хурдтайгаар найдвартай хэвлэх боломжтой байдаг. Текст, график, зураг гэх мэт олон төрлийн өгөгдлийг ижил хурдтайгаар хэвлэдэг бөгөөд хэрэглээний явцад засвар үйлчилгээ харьцангуй бага шаарддаг нь давуу тал юм. Уг принтерүүд нь 1ш оригинал хороор 1000-1500 хуудас хэвлэдэг тул 1ш хуудсанд ногдох дундаж зардал нь 100-200 төг орчим болдог. Хэрэв өнгөт лазер принтер ашигладаг бол 4 өөр өнгийн хор хэрэгтэй тул зардал 4 дахин ихсэх юм. Мэдээж, зах зээлд албан ёсны бус эсвэл дахин цэнэглэсэн хямд хор байдаг ч тэдгээр нь принтерийн хэвлэхэд ангид сөргөөр нөлөөлж принтерийг эвдлэх, эдэлгээг богиносгодог сул талтай.

Шингэн хороор ажилладаг принтер нь хэвлэх хурдаар лазер принтерийг гүйцэхгүй боловч илүү чанартай өнгөт хэвлэлийг санал болгож чаддаг. Дийлэнх фото принтерүүд шингэн хороор ажилладаг. Тус төрлийн принтерийн оригинал савалгаатай 1ш хор нь 200 орчим хуудас хэвлэдэг бол сүүлийн үед тус технологи эрчимтэй хөгжиж 4,000-6,000 хуудас хэвлэх боломжтой шийдлүүд бий болж, 1ш хуудсанд оногдох дундаж зардлыг 20 төг болтол бууруулж чадсан. Жижиг дунд бизнест тохиромжтой энэ технологийн олон үйлдэлт принтерүүд хүртэл дэлгэрсэн тул өнгөт хэвлэлийг хамгийн бага зардлаар хийхэд тохиромжтой сонголт юм.

Хэрэв та шингэн хор хатдаг гэсэн болгоомжлолтой явдаг бол энэ нь зөв бөгөөд принтерийн хэвлэгч толгойд шингэн хорыг хатахаас сэргийлж 7 хоногт багадаа 1 удаа 1 хуудас хэвлэжбайхад л хангалттай. Ингэснээр та багахан үйлдэл хийгээд зардлаа огцом хэвлэх боломжтой.

Хэвлэлийн хурд

Олон зуун хуудас хэвлэхдээ удаан принтерийг хүлээж суувал үнэт цаг болон боломжоо алдана. Магадгүй хувийн хэрэглээний принтерийн хурд тийм чухал биш байж болох ч олон хэрэглэгчийн дунд ашиглагддаг төхөөрөмж хурдан байх нь чухал.

1 минутад хэдэн хуудас хэвлэдэг байвал оффисын хэрэгцээнд тохирох вэ?

Принтерийн хурд өндөр байх тусам үнэтэй байдаг. Жижиг дунд оффисын хэрэглээнд доод тал нь 1 минутад 18-20 хуудас хэвлэдэг байвал зохимжтой. Хэрэв хэрэглэгчийн тоо 20 буюу түүнээс олон бол таны хэрэглээнд хувилагч илүү тохиромжтой.

Хувилагчийн үнэ принтерээс 2-3 дахин үнэтэй байдаг ч өндөр хурдаар ачаалалтай ажиллах чадвартай бөгөөд 1 хороор 15,000-20,000 хуудас хэвлэдэг тул урт хугацаандаа хорны( 1ш хуудсанд ногдох дундаж зардал нь 30 төг )болон компанийн үйл ажиллагааны зардлыг илүү хэмнэдэг.

Ер нь та лазер принтер хувилагч 2-ийн дунд сонголт хийхдээ эргэлзэж байгаа бол сард хэдэн хуудас хэрэглэдэг вэ гэдгээ эхлээд тодорхойлоорой. Үүний дараа сонголт хийх тань тун хялбар болно. Учир нь бидэнд хэрэглэгчийн сарын хэрэглээнд тулгуурласан принтер ба хувилагчийн зардлын харьцуулсан тооцоолол бий.

Энэ тооцоолол таны хэрэглээн дээр тулгуурлан сард гарах хорны урсгал зардал болон элэгдэл хорогдол, бүтээгдэхүүний арчилгааны зардал, мөн алдагдсан боломжийн өртөг буюу хэрэв та үнэтэй хувилагч худалдаж аваагүй байсан бол мөнгөө яаж өгсөж болох байсан бэ гэдгийг хүртэл оруулж тооцоод ашигтай хувилбарыг санал болгох юм. Жишээ нь танай байгууллага нэг сард 2 боодол ба түүнээс олон цаас хэрэглэдэг, хэвлэж, хувилах, сканер ашиглах хэрэгцээтэй бол таны сонголт эргэлзээгүй энгийн үйлдэлт хувилагч байх юм.

Үйлдлийн тоо

1 үйлдэлтэй хар цагаан принтер нь хамгийн хямд мөн овор хэмжээ хамгийн жижиг байдаг. 3 үйлдэлтэй принтер нь хэвлэх, хувилах, сканердах функцтэй бөгөөд үнийн хувьд 1 үйлдэлтэй принтерээс 100-200 мянган төгрөгийн зөрүү байдаг.

Тус үндсэн 3 функцээс гадна факс, дуплекс (2 талаар хэвлэх), LAN болон WiFi сүлжээний орчинд ажиллах, гар утаснаас хэвлэх, автоматаар цаас татах зэрэг таны ажлыг хөнгөвчлөх нэмэлт боломжтой сонголт байдгийг мэдэхэд илүүдэхгүй.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!