Мобайл

iPhone гар утасныхаа батерейн элэгдлийг хэрхэн удирдах вэ?

Батерей нь элэгдэж хуучирсан утас заримдаа гэнэт унтардаг нь програмын ачааллыг дийлэхгүй болсны шинж тэмдэг юм. Одоогоос 3 жилийн өмнө ингэж унтруулахгүйн тулд Apple програмын аргаар ажиллагааг нь зориуд удаашруулж, ачааллыг хуваан зохицуулдаг байв.

Apple компани мобайл үйлдлийн систем iOS-ийнхоо 11.3 хувилбарыг зах зээлд гаргаснаар Battery Health буюу батерейныхаа эрүүл мэндийг хянаж зохицуулах тохиргооны хэсгийг шинэчлэн оруулж ирсэн юм.

Энэ 11.3 хувилбарын шинэчлэлээр ийм зохицуулалтыг Apple дангаар шийдэхгүй, хэрэглэгчид өөрөө шийдэх боломжийг олгож байгаа юм.

Үүнтэй танилцахын тулд эхлээд iPhone утасныхаа Settings->General->Software Update хэсэгт нэвтэрч iOS 11.3 хувилбарыг суулгана.

Суулгах ажиллагаа дууссаны дараа Settings->Battery хэсэгт нэвтрэхэд Battery Health (Beta) гэсэн сонголт нэмэгдсэн байгаа.

Энэ хэсгийн Maximum Capacity хэсэгт уг iPhone утасны батерей хэр багтаамжтай байгааг харуулна. Хэрвээ шинэ, шинэвтэр бол 100% гэсэн тоо харагдах юм.

Харин хэр удаан ашиглаж байгаагаас хамаараад хуучин гар утаснууд дээр 100-аас бага хувьтай харагдана. Эндээс та батерейгаа солих болсон үгүйгээ мэдэж болох юм. Хувь хэмжээ бага байх тусам гар утасны ажиллагаанд муу нь ойлгомжтой.

Харин хоёр дахь мөрөнд Peak Performance Capability гэсэн хэсэг бий. Хэрвээ баттерейн эрүүл мэнд хэвийн биш бол үүний дор Disable гэсэн хөх өнгийн холбоос ил гарсан байх юм. Үүнийг дарж идэвхжүүлснээр та удирдлагыг гартаа авч, батерейныхаа чадлыг шавхтал утсаа ажиллуулна гэсэн үг.

Хэрвээ хэвээр үлдээвэл Apple компани утасны оновчтой ажиллагааг зохион байгуулж, гэнэтийн унтрах гэх мэт үзэгдлээс хамгаалах юм. Харин Apple-ын зохицуулалтыг Disable хийснээр таны iPhone утас ачааллаа даахгүй болох үедээ гэнэт унтрах, зарим аппликэшнийг ажиллуулахад удах, чанга яригчийн дуугаралт сулрах, камерны гэрэл заримдаа ажиллахгүй болох зэрэг эрсдлүүд тохиолдож болно.

Уг боломж нь зарим хэт өндөр шаардлагатай хэрэглэгчийн хүсэлтээр бий болсон тул дундаж хэрэглэгч аль болох Disable тохиргоогоор оролдохгүй байх нь зөв юм. Батерейн элэгдэл нэмэгдсэн бол шинээр солиулсан нь дээр гэж зөвлөж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!