Сошиал Медиа сувгууд

YouTube компани хамгийн олон үзэлттэй богино видео бүтээгчдэд сарын $10,000 хүртэл урамшуулал олгож эхэлнэ

Ирэх долоо хоногоос YouTube компани богино видео бүтээгчдийг урамшуулах “Shorts Fund” нэртэй $100 саяын хөтөлбөрөө эхлүүлэхээр болжээ.

Тус компани ТикТок сошиал платформтой өрсөлдөх зорилгоор Shorts нэртэй богино хэмжээний видео түгээх үйлчилгээгээ энэ онд нэвтрүүлсэн юм.

Шинэ үйлчилгээнийхээ хүрээг тэлэхийн тулд сар бүр хамгийн олон үзэгчтэй видео бүтээсэн хэрэглэгчдийг $100-аас $10,000 хүртэл мөнгөн шагналаар урамшуулах болжээ.

Хэрвээ урамшуулал авах шаардлагыг хангасан бол тухайн хэрэглэгчийн YouTube аппликэйшнд хэр хэмжээний мөнгө авахаар болсон, яаж авах зэргийг мэдээлэх юм байна.

Шалгарсан хэрэглэгч тухайн сарынхаа 25-ны дотор мөнгөө авахгүй бол цуцлагдах ажээ.

Мэдээж видео бүтээгчид нь бусдын контентыг хуулбарлаагүй байх, зохиогчийн эрх зөрчөөгүй байх, видео нь гуравдагч этгээдийн лого, тэмдэггүй байх зэрэг шаардлага тавигдах гэнэ.

Мөн 13-аас дээш настай байх, АНУ, Их Британи зэрэг Shorts үйлчилгээ албан ёсоор нэвтэрсэн орны иргэд байх ёстой ажээ.

Shorts үйлчилгээг YouTube аппликэйшний Shorts товчноос олж хэрэглэх боломжтой.

Ажиллагаа нь ТикТок үйлчилгээтэй тун төстэй юм байна. Анх энэ оны нэгдүгээр сард АНУ-ын зах зээлд нэвтэрч байсан Shorts үйлчилгээний хэрэглэгчийн тоо өнгөрсөн хагас жилийн хугацаанд 514 хувиар, видео сан нь 169 хувиар өссөн тухай YouTube компани мэдээлжээ.

Эх сурвалж: ikon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!